Хагас коксоос өөр шийдэл байхгүй гэж Н.Алтанхуягийн хэлдэг үнэн!
Хагас коксоос өөр шийдэл байхгүй гэж Н.Алтанхуягийн хэлдэг үнэн!
Сайжруулсан зуух, хийн болон шахмал түлш, дахин төлөвлөлт, “100 мянган айлыг орон сууцжуулах хөтөлбөр”... Энэ бол үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаж ирсэн Улаанбаатар хотыг утаанаас салгах “стратеги төлөвлөгөө”. Үүнд нийслэлийн Засаг дарга нар, түүний багийн оролцоо ч жин дарна. Гэвч биеллээ олсон нь ховор, бараг байхгүй. Сайжруулсан зуухных нь өнгө зүс, хэлбэр хэмжээ, үнэ ханш жилээс жилд өөрчлөгдөхөөс өөр шийдэлд хүрээгүй. Гэр хорооллын янданг түрүүчээс нь буулгаж дахин төлөвлөх ажил ч яваагүй, эхнээсээ гацаанд орж, шалгарсан зарим компанийн захирал нь хуулийн байгууллагын хаалга татсан. Хүрэн нүүрс түлэхийг бүрмөсөн хориглож, “Сайжруулсан”, “Сайн” нэртэй шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн ч бас л тусыг олоогүй.
Ерөөс нэг Засгийн газар, нэг Засаг дарга гарч ирэхээрээ л Улаанбаатарын утаатай хийх тэмцлийн агуулга 380 хэм эргэж, эцэстээ хана мөргөх нь байх ёстой үзэгдэл болтлоо ужгирснаас бусдаар амьсгалах агаар цэвэршээгүй нь гашуун үнэн. Гагцхүү хотын даргаар ажиллаад хоёр дахь жилийн нүүрийг үзэж буй Х.Нямбаатар хагас кокс буюу хөх нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн нь хэсэгтээ л олны хэл аманд өртөх шалтгаан болов.
Уг шалтгаанаа тэрбээр “Монгол Улс импортлогч улс. Бид жилдээ 2 тэрбум ам.доллароор бензин шатахуун импортолж оруулж ирдэг. Тэрбум ам.доллароор архи, тамхи, виски, вино, коньяк, пиво гаднаас авч хэрэглэдэг. Энэ жил Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу баталсан тогтоолоор хагас кокс буюу хөх нүүрс импортлох шийдвэр гарсан. Ингээд худалдан авах тендер зарлаж 62 сая доллароор хөх нүүрс худалдаж авахаар болсон.
Нүүрстэй улс байж нүүрс гаднаас авлаа гэж шүүмжилж байна. Энэ бол ухвар мөчид ойлголт. Монгол Улсад нүүрс боловсруулж хагас кокс гаргаж авах үйлдвэр байхгүй. Одоо ойлгох цаг болсон. Нүүрсийг угааж мидлинг гаргаж авдаг. Мидлинг бол дундын завсрын бүтээгдэхүүн буюу нүүрсний хаягдал гэж ойлгож болно. 2018-2019 шилжих өвлөөс эхлэн өнөөдрийг хүртэл мидлинг хэрэглэсэн.
Хагас кокс бол маш өндөр температурт нүүрсийг битүү жигнэж бүх хортой бодисоос нь салгасан болсон нүүрс. Нүүрс химийн цогцолбор барьж ашиглалтад оруулах хүртэл хөх нүүрс импортоор оруулж ирэхээс өөр гаргалгаа байхгүй. Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө, агаарын бохирдлыг бууруулахын тулд хийж байгаа ажил.
Жилдээ 62 сая доллароор чихэр, сахар гаднаас авч хэрэглэдэг. Энэ жил Улаанбаатарчууд энэ хэмжээний мөнгөөр чанартай нүүрс, хөх нүүрс, "Шинэ Түлш" хэрэглэнэ" гэдгийг нийслэлийн Засаг дарга тайлбарлана лээ. Нэг талаар түүний хэлдэг үнэн. Хэзээ, хаана, хэрхэн туршилт хийсэн нь тодорхойгүй, ерөөс хэн нэгний шахаас, хамаарал бүхий этгээдийнх нь нөлөөгөөр сайжруулсан зуухыг гэр хорооллынхонд хөнгөлөлттэй зээл нэрийн дор хэдэн жил шахаж, татвар төлөгчдийн халааснаас хэчнээн төгрөг цацаж, салхинд хийсгэснийг таашгүй. Лав л хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх нь тодорхой. Арга барахдаа 2019 оноос нүүрсний хаягдал мидлингээр өнөөдрийг хүртэл хугацаанд аргацааж ирэх вэ дээ.
Үнэхээр хүн амынхаа эрүүл мэндийг бодсон бол, утааг багасгахыг хүссэн бол угаасан нүүрсний хаягдлаар Улаанбаатарын гэр хорооллынхныг бараг зургаан жилийн турш өвөлжүүлж ирсэн нь жигтэй бас тохуутай. Эсрэгээрээ бодит байдлаа хүлээн зөвшөөрөөд бусад гарц гаргалгааг эрэлхийлэхэд мэдээж энэ нь хангалттай хугацаа байв. Гэвч даравч дардайна, булавч бултайна гэгчээр утаатай тэмцэх бодлогоо өөрчлөхгүйгээр утаа зөвхөн Улаанбаатарын бус дийлэнх монголчуудын эрүүл мэндийн асуудал болтлоо томрох учраас хотын даргын бодож олсон шийдэл нь хагас коксжсон нүүрс байв.
Угаас нэг шийдвэл түүнийгээ хэрэгжүүлдэг, нийгмийн ямарч эсэргүүцэлтэй нүүр тулсан ард нь гарч байж санаа амардаг нь нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын араншин. Яг үнэндээ Улаанбаатарчууд утаанаасаа салж байвал, уушги нь эрүүл агаараар амьсгалж гэмээнэ урдаас авна уу, хойноос авна уу үнэндээ падлийгүй. Нүүрсний арвин нөөцтэй ч тэрийг нь боловсруулах, өндөр температурт битүү жигнэж, бүх хортой бодисоос нь салгадаг үйлдвэр байхгүй нь бидний хамгийн том зовлон.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ч энэ талаар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тодорхой хэлсэн байна лээ. Тэрбээр “Онолын хувьд би нэг юм хэлье. Утааны асуудлыг шийдэхэд урт хугацаанд орон сууцжуулах, ойрын хугацаанд ерөөсөө хагас коксоор хангах гэдэг хоёр зүйл маш ойлгомжтой томъёологдсон. Монгол Улс хагас коксжуулах үйлдвэрээ ашиглалтад ашиглалтад оруулж, Улаанбаатарчууд утаанаас салах боломж байсан.
2010 оны долдугаар сарын 9-ний өдрийн гэрээг үзүүлье. “ТЭЦ-2”-ыг түшиглэж 210 мянган тн хагас коксжсон түлшний үйлдвэр байгуулах гэрээг “Аморе Интенэйшнл” компанитай хийгээд 2012 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Одоо хэдэн жил болж байна вэ?. Нөгөө хагас коксын үйлдвэр ашиглалтад орох ёстой байсан, ороогүй. Үүнийг УИХ-ын гишүүд анхааръя. Утааг арилгахад хагас коксоос өөр шийдэл байхгүй” гэжээ.
2008-2012 онд Тэргүүн шадар сайд, 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж асан хүний хувьд агаарын бохирдлыг бууруулахад ямар бодлого хэрэгжүүлж байсан талаар хамгийн сайн, гарын арван хуруу шигээ мэдэх хүний нэг нь Н.Алтанхуяг гишүүн мөн үү гэвэл мөн. “ТЭЦ-2”-ыг түшиглэн хагас коксжсон түлшний үйлдвэр барих асуудлыг хөндсөн шалтгаан нь ч цаанаа учиртай байж таарна. Үндсэндээ уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр зориуд онцолсон Н.Алтанхуяг гишүүний байр суурь нэг талаар импортоор ч болтугай хагас кокс оруулж ирж Улаанбаатарын утааг бууруулах хотын даргын шийдвэрийг дэмжсэн агуулга, нөгөө талаар үүнээс өөр гарц байхгүй гэдгийг битүүхэндээ УИХ-ын гишүүдэд сануулсан гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой харагдаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, сайд, дарга солигдох бүрд зүсээ хувиргаж ирсэн утааг бууруулах бодлогыг нэгмөсөн халж, нийтээр нь хагас коксоор хангах Х.Нямбаатар даргын шийдвэр энэ парламент, Засгийн газрыг хүссэн ч, эс хүссэн ч нүүрс, химийн үйлдвэр барьж, ашиглалтад оруулах сонголтыг хийлгэх нь цаг хугацааны л асуудал болж байна. Эцсийн дүндээ ийм хэмжээний үйлдвэртэй болбол Улаанбаатарчууд гэлтгүй Монгол Улс л хожно.
С.Сүлд