Д.Мөнх-Эрдэнэ: Хар тамхины хэрэгт төрийн 22 албан хаагч холбогдсон
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх хуралдаанд асуулт асууж, хариулт авч эхэлсэн юм. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, С.Одонтуяа, Д.Ганмаа, М.Мандхай, Р.Эрдэнэбүрэн, Л.Гантөмөр, А.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авлаа.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга хар тамхитай тэмцэх ажилд үр дүн гарахгүй, гэмт хэрэг тогтмол өссөнтэй дүнтэй байгаад ямар дүгнэлт хийж, хаана хариуцлага алдагдаж байгааг хэрхэн тогтоож буй талаар асууж харицлт авсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа ашиг олох зорилгор хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа төрийн албан хаагчдад ямар хариуцлага ногдуулсныг асууж, эрдэм шижилгээ, үйлдвэрлэлийн зорилгоор каннабис тарихыг зөвшөөрөхтэй холбоотой зохицуулалтыг хасах нь зүйтэй гэсэн санал хэллээ.
Түүний асуултад өгсөн хариултдаа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, энэ төрлийн гэмт хэрэгтэй төрийн 22 албан хаагч холбогдсон талаар танилцуулсан юм. Үүний дотор хяналтын прокурор нэг, онцгой байдлын албан хаагч хоёр, зэвсэгт хүчний албан хаагч тав, эмнэлгийн байгууллагын ажилтан мөн тав, прокурорын туслах нэг, шүүхийн тамгын газрын цахилгаанчин нэг, төрийн үйлчилгээний ажилтан дөрөв, дипломат албан тушаалтан хоёр, мөн нэг багш байна. Эдгээр хүмүүс Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд зургаа нь хорих ялаар, дөрөв нь зорчих эрхийг хязгаарлах ялаар, нэг нь торгох ялаар, гурав нь нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах ялаар, мөн долоо нь тэнсэн харгалзах ялаар шийтгэгджээ. Хоёр хүн гадаад улсад шалгагдсан байна. Гэмт хэрэг 2002 оноос хойш 150 дахин өссөн нь урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг дутуу хийснээс болсон гэж дэд сайд хариуллаа.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй тэмцэх чадавх, олон улсын хамтын ажиллагаа, хар тамхинд донтохоос засарсан хүмүүсийг хэрхэн нийгэмшүүлж байгаа, цахим орчны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж, төлбөр тооцооны арга хэрэгслүүдийг яаж хянаж байгаа талаар асуусан юм. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай мөн эдгээр асуудлыг хөндөж, хуулийн төсөлд хэрхэн тусгасныг, мөн хэрэглэгч, донтогчдоос гадна нөлөөлөгчдийг яаж илрүүлэх, тэдний үйл ажиллагааг таслан зогсоох талаар хууль, эрх зүйн ямар зохицуулалт төсөлд тусгасан зэргийг асууж тодруулсан юм. Тэрбээр хар тамхины хууль бус эргэлтийн зэрэгцээ сэтгэцэд нөлөөт бодисуудын хууль ёсны эргэлтүүд багагүй хийгдэж буйг дундаад, эдгээрт тавьж буй хяналтын талаар асууж, хариулт авав.
Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр хар тамхи буюу “цагаан тахал” гэгддэг энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал үндэсний аюугүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн тул холбогдох албаны бүтцийг бэхжүүлэх, чадавхжуулахаас эхлээд шүүгч, прокурор, цагдаа зэрэг хууль хяналтын мэргэжлийн хүмүүс гэмт хэрэгт оролцвол ялыг чангалах зэрэг тодорхой концепц бүхий өөрчлөлтийг хуульд хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар энэ талаар Улсын Их Хурал хаалттай хэлэлцүүлэг хийж, бодит үнэнийг ярилцах шаардлагатай гэлээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, П.Сайнзориг, С.Одонтуяа нар үг хэлэв. Хуулийн зохицуулалт нь олон салбар дамнасан, үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэйг Улсын Их Хурлын гишүүд хэлсэн үгэндээ онцолж, урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, сэрэмжлүүлэх системийг бий болгох, хар тамхи хэрэглэгчид улам залуужиж байгаад анхаарах, энэ төрлийн гэмт хэрэгт оролцож байгаа төрийн албан хаагчид, тэр дундаа хууль, хүчний байгууллагын албан хаагчдад оногдуулах ялыг чангаруулах, хар тамхитай тэмцэх бүтэц, чадавхиа сайжруулах шаардлагатайг тэмдэглэлээ.
Ингээд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 41 хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.