М.Адъяа : Миний зовлонг ээжүүд битгий туулаасай л гэж боддог

Нарт ертөнцөд хүн болж мэндлээд хоёр сар гаруй хугацаанд эхийнхээ энгэрт нялхарч, ангир уургаа амталж байсан бяцхан ихэр зүрхний нэг нь хорвоог орхижээ. Ийм явдал болохыг зулай, зулайгаа гишгэж төрсөн хоёр хүүгийнхээ нэгийг ингээд явчихана гэж ээж нь даанч санасангүй, ой тоонд ч өнөөг хэр нь багтсангүй. 2018 оны арванхоёрдугаар сарын 28-ны тэр нэгэн хар өдөр. Хэн ч ийм явдал болно хэмээн төсөөлөөгүй явжээ. Үрээ алдсан эх хүний сэтгэлийг үгээр илэрхийлэшгүй... Насан туршдаа тэрхүү өдөр, тухайн цаг хугацаа, хором бүр харууслыг төрүүлж, бодох тутамд зүрхийг нь зүсэх гачлантайгаар нарт орчлонгийн бор өдрүүдийг туулна гэдэг даанч харамсалтай. Тангараг өргөсөн эмчийн хариуцлагагүй, хэнэггүй үйлдлээс болж төрүүлсэн ихэрийнхээ нэгийг алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн оны арванхоёдугаар сард гарчээ. Энэ талаар талийгаач хүүгийн ээж М.Адъяатай ярилцлаа.

-Уучлаарай. Хүүгийн биеийн байдал муудаж, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв болон ЭХЭМҮТ-д ирж үзүүлсэн тухай та дурдсан байдаг. Биеийн байдал нь хүнд байсан хүүхдийг яагаад тухайн үед яагаад хэвтүүлж эмчлээгүй юм бол?

-Өнгөрсөн оны аравугаар сарын 18-нд хоёр сайхан хүү төрүүлсэн. Сар 10 хоногтойдоо  нэг хүү маань уйлагнаад уцаартай байсан юм. Харахад л нэг таагүй. Хуурайлах гээд задлахад хүүгийн минь төмсөг ус гүйчихсэн юм шиг болчихсон байсан. Дараад үзсэн чинь хатуу. Айгаад шууд дүүргийнхээ эмнэлэг очиж үзүүлсэн. 22.00 цагийн орчимд. Жижүүр эмч нь хүлээж авсан. Тэгээд мэс заслийнхаа эмчид үзүүлэхэд “Эвэрхийтэй болсон байна. Цавьны эвэрхий гэж байдаг. Жин багатай, дутуу төрсөн хүүхдүүд эвэрхийтэй болчих гээд байдаг юм. Төмсгийг нь дарж үзэхээр цаашаа ороод дуугардаг. Чи өөрөө сайн ажиглаарай. Хүүгээ битгий уйлуул. Хэрвээ хатуурчихвал эргэж холбогдож, ирж үзүүлээрэй” гээд буцаасан. Маргааш нь хүүгээ усанд оруулах гээд хувцсыг нь тайлахад эвэрхий нь бүр хатуурсан байдалтай байхаар нь ээжийгээ дуудаж 16.00 цагийн үед дахиад эмнэлэгт очсон. Гэтэл дүүргийн эмнэлэг хаачихсан байсан.  Хүлээн авахаар нь очиж жижүүр эмчид үзүүлэхэд “Та хэд эрт ирэхгүй дээ хүүхэд чинь уйлахгүй. Гайгүй байна” гэсэн. Өөр нэг эмч ирээд “Седуксин шулуун гэдсээр нь хийчих” гээд хийлгүүлсэн.

-Седуксин ямар үйлчилгээтэй вэ. Өөр эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн үү?

-Тайвшруулах үйлчилгээтэй. Дүүргийн эмнэлгийнхэн тийм д тусламж үзүүлсэн. Хөхөө сайн хөхүүлээд хүүгээ тайвшруулаад сайхан унтуул  гэж зөвлөсөн. Сайн ажиглаад хүүгийн эвэрхий буцаж орохгүй бол хэдүүлээ дараагийн арга хэмжээг авч ЭХЭМҮТ рүү явуулъя. Тэгэхгүй бол энд аргалж чадахгүй гэсэн. Тухайн өдөр эмнэлгийн шинэ жил болж байсан учраас хөл толгой нь мэдэгдэхгүй л байсан. Мэс заслын эмчийг 18.00 цагийн үед дуудаж үзүүлэхэд “Эвэрхий нь хавчуулагдчихсан байна. Та хэдийг хот руу явуулна. Ерөнхий эмчтэйгээ ярилцаад авч явах машин, дагаж явах эмчээ шийдэж өгье гэсэн. Та нар явах бэлтгэлээ ханга гэсэн. Энэ дагуу хөхүүл учраас нөгөө ихрээ ч хамт авч явахаар хувцас хунарыг нь бэлдээд Багануураас 20.00 цагийн орчимд Улаанбаатар руу гарсан.

-Замдаа ямар байдалтай байсан бэ?

-Налайх орж ирэх үед машины паар нь эвдэрсэн. Хүүхдүүд даарчих гээд их хэцүү байдалтай байсан. Уйлуулж, уурлуулж болохгүй. Арай гэж аргыг нь олж явсаар 23.00 цагийн үед ЭХЭМҮТ-д ирсэн.

-Тэр өдрөө ЭХЭМҮТ-д “13-ын А” маягттай ирж үзүүлсэн гэсэн. Биеийн байдал нь муу байгаа хүүхдийг хэвтүүлж эмчлэхгүй яагаад буцаачихсан юм бэ?

-Эмчтэйгээ хамт ЭХЭМҮТ-ийн эрэмбэлэн ангилахад нь хүүгийнхээ амин үзүүлэлтийг үзүүлсэн.  Халууныг нь үзэхэд 38.4 гарсан. Мөн “Цавьны эвэрхий нь хатуурчихаад Багануураас 13-ы А маягттай  ирсэн” гэдгээ учирласан. Тэгэхэд хүндэвтэр гэж оношилсон шар хуудас өгөөд сувилагчийг дагаж яваад лаа хийлгэ, дараа нь эмчид үзүүлээрэй гэсэн. Лаа хийлгэчихээд мэс заслын тасаг руу очиж үзүүлэхэд “Цавьных нь эвэрхий хавьчуулагдаагүй байна. Хэрвээ хавьчуулагдчихсан бол хүүхэд тэр хэсэгтээ хүргэдэггүй юм. Мэс заслын тасаг хүлээж авахгүй. Яаралтай хагалгаа хийх тохиолдолд ой зургаан сар хүрсэн байх ёстой. Ийм жаахан хүүхдэд яаж хагалгаа хийх вэ” гэсэн. Багануураас дагаж ирсэн эмч маань “Машин эвдэрчихсэн. Бид одоо яах вэ гэхэд “Би мэдэхгүй. Хүлээн авахад оч. Халуунтай ирсэн хүүхэд байна. Эмч нь хэвтүүлэх эсэхээ шийдэх байх” гэсэн. Буцаад л хүлээн авах руу очсон.

-Мэс заслын эмч нь хагалгаа хийхгүй гэсэн юм байна. Харин хүлээн авахын эмч нь юу гэж хэлсэн байдаг юм бэ?

-Хүүгийн минь цээжийг чагнаад “Шуугиан байхгүй, ханиадгүй гэсэн. Мэс заслын эмч ч зүгээр гэсэн. Тухайн үед эмч нь сувилагчаа дуудаад “Энэ хүүхдийг хаана авах уу” гэж асуухад “Амьсгалаас өөр авах газар байхгүй” гэсэн байдаг юм. Хүүхдүүдээ авч гараад хуурайлаад орж ирсэн. Дагаж явсан эмч ихэр хүүхэд гэж хэлэхэд “Ихэр хүүхэд хэвтүүлэхгүй. Амьсгалын замын халдвар их байгаа. Хүүхэд чинь ханиадгүй. Тиймээс дотроосоо халдвар авах магадалтай. Бичиг хийж өгөөд буцаая” гэсэн.

-Буцаж Багануур явахдаа яаж явсан юм бол. Дагаж ирсэн эмч нь хамт явсан уу?

-Түргэнээр цуг ирсэн эмч “Та хэдэд унаа олдох уу. Машин эвдэрчихсэн болохоор цуг буцаж чадахгүй. Би энд хоноод маргааш явна” гэсэн. Нялх хүүхэдтэй болохоор Багануурын группт зар тавиад унаа олоод буцсан. Үүрээр буюу 04.00 цагийн үед гэртээ ирсэн. Машинд явж байхад хүү минь гулгисан. Харанхуй байсан болохоор харж чадаагүй. Гэртээ орж ирэхэд дахиад гулгилаа. Харсан чинь хар ногоон, үнэртэй шингэн байсан. Хүүгийнхээ гадуур хувцсыг тайлахад эгч “Царай нь цонхийгоод уруул нь цагаарцан байна. Түргэн дуудъя” гэснээр яаралтай түргэн тусламж дуудсан.

-Эмч ирээд анхан шатны ямар тусламж үзүүлсэн бэ?

-Ирсэн мөртлөө үзээгүй. Надаас хэдэн асуулт асууж, дэвтэр дээр нь бичилт хийсэн. Би ч үзүүлсэн бүх үйл явцыг ярьсан. “Хүүхдээ хувцаслаад эмнэлэг явъя” гэхээр нь хамт явсан. Эмч жолоочийн хажууд урд талд суучихсан. Сэтгэл санаа их уймарчихсан уйлаад л хоёр хүүгээ тэврээд эмнэлэгт хэвтэх байх гэсэн бодолтой очсон. Эмнэлэгт очоод гадуур хувцсыг тайлахад хүү минь амьсгал хураачихсан байсан. “Ээжээ хүү амьсгалахгүй байна” гээд орилоход эмч өрөөнөөсөө гарч ирээд “Яагаад орилоод байгаа” гээд загнасан. Миний хүү амьсгалахгүй байна гэхэд сувилагч нь “Яасан, юу болсон” гээд  өрөө рүү авч ороод зүрхний массаж хийсэн. Араас нь ороход ам хамраас нь ногоон өнгөтэй шингэн булталзаж байсан. Тэр үед би хүүгээ амьсгалаад зүгээр болчихно гэж бодсон. Тэгээд эмч гарч ирээд хүүхэд чинь аль хэдийнээ хөшөөд амьсгал хураасан байна гэсэн. Надад үг хэлэх тэнхэл ч байгаагүй. Тийм мэдээг надад юу ч болоогүй юм шиг шууд хэлсэн. Нялх хүүхэдтэй, төрөөд хоёрхон сар болж байсан эх хүн шүү дээ. ЭХЭМҮТ хүлээж аваад хэвтүүлж, түргэнээр ирсэн эмч анхан шатны тусламж үзүүлсэн бол хүү минь өнөөдөр амьд байх байсан. Эмч нарын хариуцлагагүй байдлаас болж би хүүгээ алдсан. ЭХЭМҮТ хүүд минь халуун буруулах лаа, дүүргийн эмнэлэг седуксиныг шулуун гэдсээр нь хийсэн. Анхны тусламжийг ийм байдлаар авсан.

-Таны яринаас дүүргийн эмнэлгийнхэн цавьны эвэрхий  нь хавчуулагдсан гээд ЭХЭМҮТ рүү явуулсан. Гэтэл ЭХЭМҮТ-ийн мэс заслын эмч хавьчуулагдаагүй гээд буцаасан гэсэн үг үү?

-Тэгсэн. Эх нялхсын мэс заслын эмч тэгж хэлэхээр уг нь тайвширсан. Багануурт буцаж ирээд, хүү маань 28-29-ыг шилжих шөнө өөд болсон юм. Гэтэл өглөө нь дүүргийн ерөнхий эмч над руу залгаж ирж уулз “Талийгаачийг шинжилгээнд оруулмаар байна” гэсэн. Надад очиж уулзах тэнхэл ч байгаагүй. Ах, эгч хоёр очиж уулзахад “Тухайн өдөр юу болсон юм. Түргэн очихоос өмнө хүүхэд орчинтой харьцаж, нүд ам нь хөдөлж байсан уу. Эмнэлэгт ирэхээсээ өмнө амьсгал хураачихсан байсан юм биш үү” гэж асуусан гэсэн.  Ах, эгч хоёр байцаалт өгөөд ирсэн юм шиг байна лээ.

-Шүүх шинжилгээний хариу юу гэж гарсан байдаг юм?

-21 хоноод гарна гэсэн ч сар гаруйн дараа гарсан. Цавьных нь эвэрхий хавьчуулагдаад түгжрэл болж нас барсан байна гэж хэлсэн. Эмч нарын хариуцлагагүй байдлаас болж үрээ алдсандаа одоо гомдолтой байна. Хэрвээ миний хүүг хэвтүүлээд эмчилсэн бол ийм харамсалтай зүйл болохгүй байсан. ЭХЭМҮТ, дүүргийн эмнэлгийн эмч нар хүний нялх үрд анхан шатны тусламжийг иймэрхүү байдалтай үзүүлсэн. Хүний амь насыг авран хамгаална гэж тангараг өргөсөн эмч нарын хариуцлагагүй үйлдэл гаргаснаас болж алгын чинээхэн үрээ алдаад шаналж сууна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эмч нартаа хариуцлага тооцох ёстой. Ээж бүхэн үртэйгээ хамт элэг бүтэн миний зовлонг туулахгүй амьдараасай гэж хүссэн дээ ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм.