Ерөнхий сайдын айлчлалын бэлтгэлийг Д.Даваа "хангана"

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 29-нд Элчин сайдыг тохоон томилох тухай зарлиг гаргаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг томилжээ. Мөн өдрөөс эхлэн түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөс чөлөөлсөн байна.

ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Дуламсүрэнгийн Даваа нь 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг тус тус төгссөн, дэслэгч генерал цолтой юм.

 

Тэрбээр 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос ЗХЖШ-ын даргаар, 2018 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажилласан туршлагатай.

 

Сонирхуулахад, Д.Даваагийн томилгоо нь Ерөнхий сайдын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын өмнө болж буйгаараа онцлог. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөөд байгаа юм.

 

Д.Даваа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн асуултад "ОХУ Монгол Улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг аваад үзэхээр Хятад улстай харьцуулшгүй байна. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн байхаас гадна чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар Гадаад яам эрчимтэй ажиллаж байгаа юм билээ. Энэ гэрээг хийвэл өндөр тариф болон тарифын бус асуудал шийдэгдэнэ гэж бодож байгаа. Эхний ээлжид төмөр зам, газийн хоолойн дээр ахиц дэвшил гарах шинж байгаа учраас энэ талыг дэмжиж ажиллана. Төлөвлөсөн зүйлс бий.

 

 Хоёр талт болон бусад олон улсын харилцааг нийтэд нь олон улсын харилцаа гэдэг. Би сүүлийн 10 гаруй жил батлан хамгаалахын салбарт ажилласны хувьд энэ чиглэлд дэлхийн 30 гаруй оронтой цэрэг, техникийн хамтын ажиллагаатай ажиллаж байсан. Энэ талаар хуримтлуулсан туршлага надад бий. Мөн цааш суралцах, судлах ч зүйл байгаа" гэсэн хариуг өгсөн удаатай.