Дэлхийд үнэлэгдэхүйц монгол чанар МR брэнд

Хийж бүтээх хүсэл эрмэлзмээр дүүрэн үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг хөдөлмөрч эмэгтэйчүүдийг онцолдог “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа МR брэндийг үүсгэн байгуулагч Б.Энх-Оюуныг урьсан юм. Тэрбээр МУИС-ийн Биотехнологич Мокробиологич мэргэжлээр суралцан төгссөн.

2012 оноос өнөөг хүртэл арьсан цүнх үйлдвэрлэж, эх орондоо худалдахаас гадна гаднын оронд экспортлож эхэлжээ. Мал аж ахуйн орон гэгддэг Монгол Улс 66 сая малтай. Гэвч малынхаа баялгийг ашиглаж, чадахгүй хэрнээ импортын цүнх хэрэглэсээр байна. Одоогоос долоон жилийн өмнө цүнх үйлдвэрлэж байсан ч цэвэр арьсан цүнх үйлдвэрлэдэг газар цөөн тооны байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, монгол малын арьсаар дагнан хийдэг нь хуруу дарам байсан гэсэн үг. Тиймээс малынхаа арьсаар монгол хүний ур ухаан, хүч хөдөлмөр сэтгэл зүтгэл шингэсэн чамин чанартай цүнх үйлдвэрлэх боломжтойг Б.Энх-Оюун олж, харжээ. Тэрбээр “Тухайн үед цэвэр монгол арьсан цүнх байдаггүй байсан.  Тэгсэн мөртлөө импортын арьсан цүнхийг төрөл бүрээр нь худалдаална. Цүнх үйлдвэрлэдэг газар байсан ч импортоор орж ирдэг арьсаар хийдэг байсныг мэдсэн.

Тиймээс малынхаа ашиг шимийг хүртэж, арьсаар нь цүнх хийж, хэрэглэх боломжтойг олж харсан. Тэр үеэс судалгаа хийж эхэлсэн юм. Дэлхий дахинд монгол арьсан цүнхний брэнд бий болгоё гэсэн бодолдоо хөтлөгдөж нэлээд хугацаанд судалгааны ажил хийсэн. Олон ч үйлдвэрээр очиж, арьсны чанартай танилцахад “Монгол Шевро” компанийн арьс боломжийн санагдаж, хамтарч ажиллахаар болсон. Зах зээлээ давхар судалсан.

Тухайн үед монголчууд импортоор орж ирсэн боломжийн үнэтэй цүнх худалдан авч хэрэглэдэг байсан. Монгол арьсан цүнх тодорхой хэмжээний үнэлгээтэй. 2012 онд иргэд монгол арьсан цүнхийг хатуу, даргар гэсэн ойлголттой байсан. Тиймээс арьсан бүтээгдэхүүн хэрэглэдэг, үнэ цэнэ, чанарыг нь мэддэг улсад борлуулах гарц хайсны хүчинд эхлээд Япон руу гаргах боломж олдсон. Япон найзтайгаа хамтраад захиалга аваад экспортлож эхэлсэн дээ” гэв.

Аливаа бизнесийг хийхэд алдагдалгүй ажиллаж, ашиг олох нь чухал. МR брэндийн анхны захиалга Япон улсаас орж ирсэн нь тэднийг хийж, бүтээх зам руу хөтөлж, өнөөг хүртэл өрсөлдөөний салбарт амжилттай ажиллах замналыг тавьжээ.

Айлаар яривал Б.Энх-Оюун гэрийн эзэгтэй. Анх хоёр ажилтантай ажлынхаа гарааг эхэлсэн бол өнөөдөр 27 болтлоо өргөжин тэлжээ. Ингэснээр тус брэнд өөрийн гэсэн орон зайг бий болгоход чухал нөлөө үзүүлсэн байна.

МR брэнд нь үйлчлүүлэгчдэдээ зориулж, бүтээл урлахаас гадна долоон жилийнхээ ойн хүрээнд “Монгол цүнх” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Тодруулбал, тус брэндийн цүнхийг худалдаж авсан үйлчлүүлэгч үнийн дүнэтэй дүйцэхүйц хэмжээний хувьцаа эзэмших боломжтой. Худалдан авалт хийж, хувьцаа эзэмшигч болно гэсэн үг.

“Малын арьс үнэгүйдэж байна” гэх  шүүмжлэл байдаг. Тэгвэл малчдаа давхар дэмжсэн бодлого явуулж буй тус брэндийнхэн монгол малын арьсыг дэлхий дахинд таниулж, үнэ цэнийг мэдрүүлэх туйлын зорилго тавин хөдөлмөрлөж байна. Тиймээс бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, худалдан авалт хийх учиртай.

Импортоор орж ирж буй нэмүү өртөг шингэсэн хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй хятадын чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүний хэрэглээг  халж, хазаарлах нь иргэн та бидний үүрэг. Хэдий чинээ худалдан авалт хийнэ төдий чинээ эдийн засагт нэмэртэй. Цаашлаад Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулж эхэлнэ.

Монгол арьсан цүнхнийхээ үнэ цэнийг дэлхий дахинд суртачлан таниулах зорилготой МR брэндийн үүсгэн байгуулагч Б.Энх-Оюунтай ярилцсанаа хүргэж байна.

-МR брэнд бизнесийн зах зээлд долоон жилийн турш амжилттай оршин тогтнож чадлаа. Брэндийн нэрээ хэрхэн өгөв. “Монгол цүнх” төслийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Монгол арьс, Моngolian leather гэдэг үгэнд ордог хоёр үсгийн товчлолоор МR брэнд гэж нэрлэсэн. Долоон жилийнхээ ойн хүрээнд “Монгол цүнх” төслийг эхлүүлсэн. Хүн бүрийг монгол арьсаар хийсэн цүнх, түрийвч хэрэглэдэг болгоё гэсэн төсөл. Төслийнхөө хүрээнд МR брэндээс худалдан авалт хийсэн хүн бүрт өөрийн компанийн хувьцааг бэлэг болгон өгнө. Хөрөнгө оруулалт татахаар таван сая ширхэг хувьцаа гаргасан. Үйлчлүүлэгч маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд гар бие оролцоно. Харин бид үйлчлүүлэгчийнхээ  борлуулалт хийсэн мөнгөөр илүү чанартай брэнд хөгжүүлэлт хийнэ гэсэн үг л дээ. Энэ кейс нь Монголд анх удаа хэрэгжиж эхэлж байна.

-50 мянган төгрөгөөс дээш үнэтэй бүтээгдэхүүн худалдаж авсан тохиолдолд хувьцаа эзэмших боломжтой гэсэн?

-50 мянган төгрөгөөс дээш үнэтэй бүтээгдэхүүн худалдаж авсан хүн бүхэнд нэг ширхэг нь мянган төгрөгийн үнэтэй хувьцаа өгч байгаа. Худалдан авсан үнийн дүнтэй тэнцэхүйц хэмжээний хувьцааг бэлэг болгон өгнө. Өнөөдөр хувьцаа эзэмшигч болж байгаа хүмүүс манай брэндийн хувьд хамгийн үнэ цэнэтэй үйлчлүүлэгчид байх болно. Худалдан авалтаасаа хөрөнгө оруулалт босгоод монгол арьсан цүнхийг эх орондоо төдийгүй дэлхийд танигдсан брэнд болгох зорилготой. Долоон жилийн турш магтаал шүүмжлэлийг зэрэг сонсч, алдаа дутагдлаа засч залруулж, амжилт ололттой ажиллаж ирлээ.

-Нэг үеэ бодоход манайд үндэсний үйлдвэрлэл хөгжиж байна. Гаднын брэндээс дутахааргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр үндэсний үйлдвэрлэл гэхээр өндөр үнэтэй байна гэж шүүмжлэх юм. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?

-Үнэтэй байх олон шалтгаан байгаа. Дэлхийд худалдана гэж бодох хэрэгтэй. Зөвхөн монгол хүний цалинд тохируулж хийж чадахгүй байна. “Би тийм цалин авдаг. Чи наад цүнхнийхээ үнийг хар” гэж намайг загнадаг. Бид өнөөдөр дэлхийн брэнд болох зорилго тээж ажиллаж байна. Тиймээс чанар, өнгө үзэмж загвар хийц  сайтай цүнх хийж байгаа. Түүхий эдийн үнэ ч тодорхой хэмжээний үнэлгээтэй. Нэг цүнхэнд орж байгаа түүхий эд, материал, урсгал зардал зэрэг бүхнийг тооцоолж, цүнхнийхээ үнэлгээг гаргадаг. Цэвэр арьсаар цүнх хийж байгааг төдийлөн ойлгодоггүй. Нэг цүнх хийхэд нэлээд хүн ажиллаж, олон шат дамжлага дамждаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хятадаас орж ирдэг зарим цүнхний үнэлгээтэй адилхан байдаг. Гэхдээ чанар, үнэ цэнэ, эдэлгээний хувьд харьцуулашгүй шүү дээ. Олон хүн ажиллахын хэрээр санхүүгийн зарлага их гардаг. Тэгэхээр хэрэглэгчид өөрсдөө тодорхой хэмжээний мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой. Долоон жилийн хугацаанд үнэтэй байна гэж шүүмжилсээр ирсэн. Шүүмжлэлийг зөв талаас нь харвал алдаагаа засах боломжийг олгодог. Хэрэглэж үзээд, үнэ цэнийг нь мэдэрсэн дэмждэг хүмүүс их болсон. Тэр хэрээр бид илүү хариуцлагатай ажиллаж, улам илүү чанартай цүнх хийхийн төлөө ажилласаар байна.

-Нэг цүнх хийхэд олон цаг шаарддаг. Жижиг деталь ажиллагаа их. Олон шат дамжлага дамжиж худалдаанд гардаг гэдгийг мэддэг хүн цөөхөн байдаг.

-Хүмүүс цүнх хийхэд их амархан юм шиг боддог. Ченжүүд түүхий эдийг малчны хотноос худалдаж аваад арьс боловсруулах үйлдвэрт худалддаг. Арьс боловсруулах үйлдвэрт орчин үеийн техник технолгийн шат дамжлага дамжиж, цүнх хийх арьс бий болдог. Цүнх хийх ажил эхлээд загвараа гаргахаас эхэлнэ. Дизайнер хар зураг зурна. Эсгүүр гаргана. Эсгүүр гаргаад хийж үзнэ. Шууд нэг удаа хийгээд төгс бүтээл болохгүй. Туршилтаар хийнэ. Засч залруулах зүйлүүд гарч ирнэ. Нэг цүнхэнд олон жижиг деталь ажиллагаа шаарддаг. Долоо, найман дамжлага дамжиж цүнх бүтнэ. Арьсан цүнх оёоход ур чадвар их шаарддаг. Ажиллагаа ихтэй учраас хэр баргийн оёдолчин оёж чадахгүй.

-Үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүст санхүүгийн асуудал тулгарах нь мэдээж. Хийе, бүтээе гэсэн хүнд хөрөнгө мөнгөний асуудал их чухал. Анх брэндээ эхлүүлэхэд санхүүгийнхээ асуудлыг хэрхэн шийдэж байв?

-Хоёр оёдлын машин худалдаж аваад ажлаа эхлүүлсэн. Тухайн үед би хүүхдээ хараад, дикреттэй байсан. Нөхрийнхөө цалингаар бизнесээ эхлүүлж байлаа. Борлуултаа хэрхэн хийх талаар сайн судалсан. Борлуулт хийгээд санхүүгийн эх үүсвэртэй болчихвол ажил аяндаа урагшилна. Эхний ээлжид загвар гаргаад хүмүүст танилцуулаад захиалга аваад эхлүүлсэн. Арьс ширний болон бэлэн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүдэд улсаас зээл олгож байсан. Зээлэнд хамрагдаж 130 сая төгрөгийн зээл аваад төлж байсан. Дараа нь Жайка төслөөc болон АНУ-ын сангаас хүртэл зээл авч байлаа. Одоогоор авсан зээлүүдээ төлөөд дууссан.

-Арьсан эдлэл оёоход зориулалтын машин шаардлагатай. Үйлдвэрлэлээ бүрэн тоноглож чадсан уу?

-Арьсан цүнх хийхэд хэрэгтэй бүх л тоног төхөөрөмж байна. Хүчин чадлын хувьд ч боломжийн. Цаашид дэлхийн брэндийн хэрэглэдэг техник тоног төхөөрөмжөөр тоноглох зорилготой ажиллаж байна.

-МR брэнд Солонгост нэрийн дэлгүүрээ нээж байсан гэсэн. Хэчнээн оронд цүнхээ экспортлож байна вэ?

-Япон, Солонгос, Тайвань, Казахстан, Герман зэрэг улс руу захиалгаар экспортлодог. Солонгост гаднын хөрөнгө оруулалттай охин компаниа 2017 онд нээж байсан. Худалдааны төвд дэлгүүр ажиллуулж байгаад түр зогсоосон. Өөрсдийн гэсэн дэлгүүртэй болох зорилготой байна. Ашиг олох боломжтой юм билээ.

-Нийт хэчнээн загварын цүнх гаргаж байгаа вэ. Цүнхнээс гадна ямар ямар төрлийн бүтээл хийж байна?

-Одоогоор 100 орчим загварын цүнх худалдаанд гаргасан. Олон өнгөний сонголттой үйлдвэрлэж байна. Цүнх, түрийвч, түлхүүрийн оосор, нэрийн хуудас, иргэний үнэмлэх, картны гэр, тэлээ зэргийг хийдэг.

-Албан байгууллагууд захиалга өгч танайхтай хамтарч ажилладаг гэсэн. Тодорхой хэмжээний хямдрал бий юү?

-Мэдээж үзүүлэлгүй яах вэ. Төрийн болон хувийн хэвшлийн байгуулагууд захиалга өгч хамтарч ажилладаг. Бид ч харилцагчийнхаа гарын бэлгийг өгч, харилцан бие биенээ дэмжиж ажилладаг гэв.

“Насан туршдаа хэрэглэх чанартай цүнхээ танайхаас авсан” хэмээн баярлаж талархдаг хүмүүс олон байдгийг энд тодотгох хэрэгтэй. Ийн ярилцангаа бид цүнх үйлдвэрлэлийн тасагт ороход   ажил  ид өрнөж байв. Бүгдээрээ дор бүртээ өөрт ногдсон ажилдаа анхаарал хандуулж, нямбай гэгч нь эсгэж, оёж байгаагаас МR брэндийн ажилчид сэтгэлээ шингээж урладаг нь илт.

Залуус бидний мөрөөдөл илүү бодит алсыг харсан, хариуцлагатай байх ёстой. Дэлхийн хэмжээнд сэтгэж, өрсөлдөх хэрэгтэй. Хэлж буй үгс, хийж буй үйлдлээрээ үлгэрлэж яваа бүсгүй долоон жилийн хугацаанд бизнесийн салбарт унаж, босч, алдаж оносон ч тэрбээр ухарч, шантарсангүй. Харин ч алхам алхмаар урагшилж чаджээ. Ажилсаг хүнийг бурхан шагнаж, амжилтын зүг хөтөлдөг үгийн үнэ цэнэ энэ гэлтэй.

МR брэндийн үүсгэн Б.Энх-Оюуны хэтийг харсан зорилгын зам дардан, хүн бүрийн хэрэгцээг хангасан чамин, чанартай цүнх урлаж, дэлхийд үнэлэгдэхүйц бүтээлийг эх орондоо үйлдвэрлэж байгаа хамт олны ирээдүй илүү тод гэрэлтэх болтугай.

 

МR брэндтэй https://www.facebook.com/MRbrand.monleather/ пэйж хуудсаар холбогдох боломжтой.

 

Харилцах утасны дугаар: 70140317, 88010317, 88117855

 

С.Ичинхорлоо