Б.Жаргалсайхан: Тухайн хүн өөрөө цагаатгах нотлох баримтаа гаргаж өгөх ёстой

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна. Энэ талаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан дараахь асуултад хариулт өглөө.


-Н.Номтойбаяр гишүүнийг нууц задруулсан гэж үзсэн нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шалтгаан болсон гэж үзсэн. Үнэхээр тийм шаардлага байсан хэрэг үү?

-Н.Номтойбаяр гишүүн өнгөрсөн сард мэдээлэл хийхтэй мөрдөн байцаах ажиллагаатай холбоотой зарим нууцыг ярьсан. Түүний задалсан мэдээллийн талаар мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа. Тиймээс дахин мэдээлэл задруулахгүйн тулд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг ярьсан. Бидний нэг зарчим бий. Н.Номтойбаяр гишүүнийг гэм буруутайг хэн ч тодорхойлоогүй. Үүнийг зөвхөн шүүх тогтооно. Өнөөдөр нотлох баримтын хүрээнд яллах, цагаатгах нотлох баримт цуглаж байна. Зөвхөн яллах талын нотлох баримт цуглаж байна гэж үзэж болохгүй. Тухайн хүн өөрөө цагаатгах нотлох баримтаа гаргаж өгөх ёстой.

-Хэргийг шалгахад яг ямар саад учраад байгаа юм бол?

-Тодорхой задалсан нотлох баримтын хэмжээнд нотлох баримт үгүйсгэгдэх, зарим нэг шалгах шаардлагатай зүйл устаж үгүй болох эрсдэл байж болох талтай.

-Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж ирц бүрдээгүй байхад асуудал оруулж ирсэн тухай ярьсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирэхэд эхлээд УИХ-тай мэдээлэл солилцох хэрэгтэй гэсэн үг үү?

-УИХ-ын тухай хуульд Их хурлын чөлөөт цагт, чуулган хуралдаж байх гэсэн хоёр тохиолдолд шаардлагатай бол энэ асуудлыг оруулж ирнэ гэж заасан. Аль нэг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэхээсээ өмнө гишүүдийн ирц бүрэн байна уу, үгүй юу гэдгийг УИХ-ын даргаас асуух нь парламентын үйл ажиллагаанд нөлөө үзүүлсэн үйлдэл болно. Өмнө нь тийм жишээ байгаагүй. Одоо ч тийм боломж байхгүй.