Г.Тэмүүлэн: Ерөнхийлөгчид бүх эрх мэдлийг төвлөрүүлэх боломж хуульд байхгүй

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, УИХ-ын сонгуулийг хойшлуулах Ерөнхийлөгчийн уриалгад байр сууриа илэрхийллээ. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.


-Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдэд хандаж уриалга гаргахдаа УИХ-ын сонгуулийг хойшлуулах тухай дурдсан. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн уриалгыг УИХ-аар хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд онцгой нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргаж болно. Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хууль, бусад холбогдох хуульд холбогдуулан тодорхой зохицуулалт хийсэн байдаг.

-Онцгой нөхцөл байдалд юу багтсан байдаг юм бол?

-Үндсэн хуулийн 25.2-т онцгой нөхцөл байдал гэдгийг тодорхой заасан байдаг. Үүнд хүн амын эрүүл мэнд, байгалийн гамшгийн сөрөг нөлөөлөл зэрэг тусгасан. Эдгээр зүйл заалтад тулгуурлаж, тодорхой шийдвэр гаргаж болно. Зөвхөн манай улс биш дэлхийн 198 оронд аюулт өвчний дэгдэлт гарсан байна.  хагас сая гаруй иргэнд халдварлаж, 40 мянга орчим иргэн нас барсан байна. Цаашид хэрхэхийг мэдэхгүй. Тиймээс зөв дүн шинжилгээ хийж зохицуулалт хийх нь зөв.

-Сонгуулийг хугацаанд нь явуулах нь зөв гэсэн байр суурийг зарим судлаачийн зүгээс илэрхийлж байгаа?

-Магадгүй нэг, хоёр сарын дараа нөхцөл байдал ямар байхыг мэдэхгүй. Дэлхийн чиг хандлагыг харахад дэлхийн 76 оронд Ерөнхийлөгчийн сонгууль болон орон нутгийн сонгууль болох төлөвлөгөөтэй байсан. Англид орон нутгийн, АНУ-ын Ерөнхийлөгчийн болон Сенатын сонгуультай. Эдгээр сонгуулийг хойшлуулах арга хэмжээг авч эхэлж байна. Тиймээс асуудлыг үнэлж дүгнэлж, нөхцөл байдалд ул суурьтай хандаж, хорио цээрийн байдлаас хамаарч шийдвэрлэх нь зөв.

-УИХ-ын сонгууль хойшлогдвол гурван сарын дараа гэхэд бүх эрх мэдэл Ерөнхийлөгчийн гарт шилжинэ гэсэн болгоомжлол байна. Хуульд тийм зохицуулалт бий юу?

-Үндсэн хууль болон бусад хуулийн зохицуулалтаар зохицуулж байгаа учраас тийм зүйл байхгүй. Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд УОК-ын эрхийг ҮАБЗ-д шилжүүлнэ. Зөвлөл УИХ-д оруулах зарим хуулийг оруулна зэрэг зохицуулалт бий. Энэ хуулийг 1995 онд баталсан.

-УИХ-ын сонгуулийг хэдий хугацаанд хойшлуулах нь зөв бэ?

-Өвчний гаралт цаашид нэмэгдээд байвал нөхцөл байдлыг дүгнэж УИХ-ын сонгуулийг Орон нутгийн сонгуультай хамт хийж болох боломж байна. Намар гэхэд өвчний дэгдэлт буурчихвал олон сонгуулийг тусад нь зохион байгуулахгүйгээр нэг дор хийх бүрэн боломжтой.