У.Хүрэлсүх: Нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаанд авахгүй

Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийж байна. Тэрбээр “Дэлхийн нийтийн хэмжээнд коронавирус дэгдээд нэлээд хугацаа өнгөрлөө. 530 мянган хүн өвчилсөн мэдээлэл байна. Нийт 23 мянга гаруй хүн нас барсан байна. Манай улсын хэмжээнд 11 хүн бүртгэгдсэн. Хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна. Эрүүл мэндийн эмч, ажиллагсад тэдгээр хүнийг амжилттай эмчилж байгаад баяртай байна. Засгийн газраас монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд коронавирус хяналтад байна. Засгийн газар 10 удаа хуралдсан. Үүний үр дүнд Монгол Улс амар тайван байна. Шат шатны төрийн удирдлагуудын хүчээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж хамгаалж өнөөдрийг хүрлээ. Цаашдаа өндөржүүлсэн бэлэн байдлыг хангах асуудал үргэлжилнэ. 

Хорио цээрийн дэглэмийг ард түмэн дагаж мөрдөх ёстой. Бид үхэх үү, сэхэх үү гэдгийн ирмэгт тулаад байна. Гэхдээ цагийн байдал хүндрээгүй байна. Бид цөөхүүлээ. Энэ өвчнөөр өвчилбөл ямар аюул занал байгааг хүн бүр мэдэж байгаа. Монголын нийт ард иргэддээ баярлаж, талархаж байгаагаа илэрхийлж байна. Бид бүх нөөц боломжоо дайчлан ажиллаж байна. Засгийн газраас эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай хэрэгсэлд 17 тэрбум төгрөг гаргасан.

 

Эдийн засгийг хамгаалах арга хэмжээний хүрээнд дараахь шийдвэрийг гаргалаа.

 

1.Нийгмийн даатгалын шимтгэлийг 26 хувийг аравдугаар сарын 1-нийг хүртэл авахгүй.

 

2. Хувь хүний орлогын албан татварыг зургаан сарын хугацаанд авахгүй.

3. Зургаан сарын хугацаанд 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-үүдээс орлогын албан татвар авахгүй.

4. Үйл ажиллагаа доголдсон ААН-үүдийн ажилтан бүрт гурван сарын турш 200 мянган төгрөг өгнө.

5. Ноолуурын гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл гаргана. 213 мянган малчдын орлогыг баталгаажуулж байна.

6. Хүүхэд бүрт гурван сарын турш 30 мянган төгрөг өгнө.

7. Бензин, дизелийн үнэ дөрөвдүгээр сарын 15-наас 300 төгрөг буурах нөхцөл бүрдэж байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бий болгосон капиталаа ашиглах юм. Нийтдээ 5 их наяд төгрөгийн багц санхүүжилтийг хэрэгжүүлнэ.

 

Монголбанкны удирдлагуудтай уулзсан. Монголбанкны удирдлага Засгийн газраас хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас хүсэлт тавьсан. Үүний хүрээнд 300 тэрбум төгрөгийн зээлийн хүү буурсан. Дахиад хүсэлт тавина. Арилжаанаы банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандах ёстой. Ард түмэн харж байгаа. Хүүгээ бууруулах хэрэгтэй. Банкны реформ хийх цаг болсон. Ард түмэн, бизнес эрхлэгчдээ бодож шийдвэр гаргах ёстой.

 

Сонгууль хойшлогдох нөхцөл байдал үүсээгүй. Цагийн байдал өөрчлөгдвөл энэ тухай ярина. Ерөнхийлөгчийн уриалгад хүндэтгэлтэй хандаж судалж байгаа. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Засгийн газар огцрохгүй. Үндсэн хуулийг дагуулж бусад хууль гарах ёстой. Тэр дагуу шийдвэр гаргана. УИХ-аас ямар хууль гарна Засгийн газар түүнийг дагана. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд нэг зүйлд нэгдэж ажиллаж байгаа. Тэр нь улс орны язгуур эрх ашиг. Бүх иргэнээ татаж авчирна гэж худлаа ярихгүй. Тэд жаргал хөөж яваагүй ээ. Хүний нутагт боолын хөдөлмөр ч хамаагүй эрхлэх гэж аав нь, ээж нь, явсан юм. Хүзүүгээ бөхийлгөөд хамгийн хүнд хүчир ажил хийж олсон мөнгөө ар гэр рүүгээ явуулдаг юм. Эдгээр иргэддээ би үхэхээр чи үх гэж болохгүй. Ямар ч байсан татна аа. Гэхдээ үе шаттайгаар. Монгол хүн эх орноо зорих эрхтэй. Монгол хүн битгий хэл монгол морь эх орноо зорьж гүйдэг юм. Тиймээс тэднийг янз бүрийн улстөрчид доромжилж болохгүй" гэлээ.