Ж.Амгалан: Тусгаарлалтаас гарсан иргэд эрүүлжүүлэхэд орсон асуудал байна. Энэ бол аюул

УОК-ын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Энэ үеэр хурандаа Ж.Амгалан “Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд олон талын судалгаа хийж байна. Гаднаас ирсэн иргэд тусгаарлагдах ёстой үүргээ биелүүлмээр байна. Тодруулбал, 14 хоног тусгаарлагдаад гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдийн 14 нь гэр орондоо агсам согтуу тавьж, архи согтууруулах ундаа хэрэглэж эрүүлжүүлэх байранд орох хэмжээний асуудал үүсгэж байна. Энэ бол аюул. Тусгаарлах байрнаас гараад гэртээ тусгаарлах үүргээ биелүүлээгүй иргэдэд хуулийн хариуцлага  тооцно. Нийслэлийн хэмжээнд 624 байранд хяналт тавьж байгаа.  

Хоёрдугаарт, Монгол Улсад сонгуультай холбоотой ажил явагдаж байна. Үүнийг дагасан нэр горилсон иргэд улс төр элдэв зүйлийг бүү хийгээч. Дэгтэй журамтай байгаа газар тархалт нь бага байгаа нь нотлогдож байна. Гэтэл бусдыг турхирч, олон нийтийг үл хүндэтгэдэг асуудал гарч байна. Хэрэв энэ асуудлыг гаргаад байвал бид нотлох баримт цуглуулж горилоод байгаа зүйлд нь цэг тавих болно шүү. Энэ талаар иргэд анхааралтай байх хэрэгтэй байна.

Тусгаарлалтад байгаа иргэдээс гаргаж байгаа зөрчлийг тухай бүрт нь иргэдэд ухуулж байгаа. Үүний дүнд иргэд өөрсдөө ухамсарлаж, дэгтэй журамтай, тайван байна. Уйдсан иргэд их байна. Энэ хугацааг өөрсдийгөө хөгжүүлэхэд зориулахыг хүсч байна. Чөлөөт цагийг нь зөв өнгөрүүлэх талаар холбогдох яамнаас зохицуулалт хийх шаардлагатай нь харагдсан” гэлээ.