Гадаад руу явбал гурван сарын хугацаанд Монгол руу нэвтрүүлэхгүй

Монголын иргэн гадаадын улс орон руу явбал гурван сарын хугацаанд эргэн ирэхгүй гэсэн баталгаа гаргаж өгсний үндсэн дээр тийз олгоно гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэллээ. 

Тэрбээр "Сөүл, Токиогоос Монгол Улсын иргэдээ татан авах ажил үргэлжилж байна. Нийт 506 иргэний мэдээлэл баталгаажсан. Татан авчрахаас гадна гадаадын улс руу явах иргэдэд нэг зүйл анхааруулмаар байна. Гадаад руу явбал гурван сарын хугацаанд эргэн ирэхгүй гэсэн баталгаа гаргаж өгсний үндсэн дээр тийз олгоно. Мөн БНСУ-ын тал богино хугацаанд заавал тусгаарлана гэсэн. 

 

Сөүл, Токио чиглэлийн онгоцны нисэх хуваарьт өөрчлөлт орж магадгүй. Гэхдээ өнөөдөртөө багтааж мэдээлэл өгнө. Хэрвээ Токиогийн нислэг нэг өдрөөр наашилбал Сөүлийн онгоц нэг хоногоор хойшилно. Иргэд мэдээллээ цаг алдалгүй авч, цаг заваа тааруулах хэрэгтэй" гэлээ.

 

Харин МИАТ-ийн төлөөллөөс "Зорчигчдын халуун хэмжих, суудлын тоогоор маск, бээлий байршуулсан. Мөн онгоцны бүх хаалга, бариул, суудлыг 75 процентийн спиртээр ариутгаж байна. Дамжин өнгөрөхдөө халдвартай сэжигтэй байж мэдэх иргэдийг тээвэрлэхээс татгалзаж байна. Онгоцны арын хэсгийг шаардлагатай тохиолдолд тусгаарлах хэсгээр ашиглахаар тохижуулсан" гэв.