Ч.Улаан: Хүүг бууруулах зардлыг Засгийн газар өөрөө хариуцна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хийсэн мэдэгдэлтэй холбогдуулж авах арга хэмжээний талаар хэлэлцжээ. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх малчдаас ноолуур бэлтгэхэд зориулж 300 тэрбум төгрөг гаргахаа мэдэгдсэн юм.


Тэрбээр “Ноолуур бэлтгэл нь манай улсын стратегийн чухал үйлдвэр. Ноос ноолуурын холбоо гуравдугаар сарын 12-ны өдөр энэ оны ноос бэлтгэлийн төлөвлөгөө гаргаж, Засгийн газарт хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлтэд ноолуурын хэмжээг өндөр төвшинд хийе гээд шаардлагатай байгаа зээлийг гаргаж өгөөч гэсэн. Бидний зүгээс Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн. 

Нэгдүгээрт, 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас өгүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн нэлээд хэмжээний хөнгөлөлт өгч байгаа. Зээл жилийн гурван хувийн хүүтэй байна. Хөгжлийн банкны хүүг бууруулах зардлыг Засгийн газар өөрөө хариуцахаар болсон. Ноос ноолуурын холбооны судалгаанд үндэслэсэн. Өнөөдөр ноос ноолуур бэлтгэх 20 гаруй ААН хүсэлт ирүүлсэн. ЖДҮ-чдийг багцалж авсан байна лээ. Компанийн нэр зааж орсон 20 үйлдвэрлэл эрхлэгч бий. Үүнээс 100-аас дээш тонн ноолуур бэлддэг үйлдвэрлэл 10 байна. Эдгээр нь 100-110 мянган төгрөгөөр ноолуур бэлдэж өгнө гэсэн. Энэ тооцоо үндэслэлийг хянаж үзэн, дэлхийн зах зээлийг ханшийг судлаад дунджаар нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдаж авах бололцоотой гэж үзсэн" гэлээ.