Хариуцлагын механизм сануулсан хотын даргын мэдэгдэл

"Зайсан хилл" цогцолборт зохион байгуулсан “Камертон” хамтлагийн тоглолтын талаарх шүүмжлэл өнгөрсөн амралтын өдрүүдийн гол сэдэв байв. УОК болон НОК-оос гаргасан шийдвэр, заавар, зөвлөмжийн хүрээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоод байгаа юм. Гэвч хотын даргын удирддаг НОК-д мэдэгдээгүй, албан ёсны зөвшөөрөл аваагүй мөртлөө "Камертон" хамтлагийнхан "Зайсан хилл" цогцолборт тоглолт зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн нь олон нийтийн эгдүүцэл, эсэргүүцлийг төрүүлэх шалтгаан болоод байна. Үүнтэй холбогдуулж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү тэргүүтэй албаныхан мэдээлэл хийж, тайлбар өгсөн юм. Энэ үеэр хотын даргын зүгээс цар тахлын дэглэм мөрдөгдөж байгаа энэ цаг үед удаа дараагийн зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо мэдэгдсэн юм. Мөн өөрийн дүү Асашёрюү Д.Дагвадорж менежментийн гэрээгээр хувьчилж авсан цирктэй холбоотой асуудлаар тайлбар өгсөн нь анхаарал татаж байна. Мэдээллийн үеэр Д.Сумъяабазар даргын байр сууриас онцлох ЭШЛЭЛ-үүдийг хүргэе.

-Хотын даргын хувьд аж ахуйн нэгж, байгууллагуудаа бүхий л талаас нь дэмжин ажиллаж байна. Хэдий тийм ч халдварын нөхцөл амаргүй байгаа үед бизнесийн байгууллага болон эдийн засгаа авч гарахын тулд харилцан уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Энэ хүрээнд УОК, НОК-оос тогтоосон дүрэм, журмын хүрээнд “Хариуцлагын гэрээ”-г мөрдөж ажиллахыг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлж, хамтарч ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаж, байнгын хяналт, шалгалт хийж байна.

-Зургаадугаар сард “Хариуцлагын гэрээ” байгуулснаас хойш энэ гэрээний хяналт, биелэлт, гүйцэтгэлийн талаар байнга мэдээлэл авч,  аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зөвлөн туслах, дэмжих, удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох ажлууд тогтмол үргэлжилж байсан.

-“Камертон” хамтлагийн тоглолттой холбоотой нийгэмд олон төрлийн мэдээлэл гарч байна. “Собт трейд” компани нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй, түр журам, тусгай нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн, наймдугаар сараас хойш гурван удаагийн зөрчлийн хэрэгт бүртгэсэн.

-“Зайсан хилл” цогцолборт наймдугаар сараас хойш 10 орчим зөрчил гарсан. Энэ нь тус цогцолборт байр түрээсэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой. Холбогдох байгууллагаас удаа дараа шаардлага хүргүүлсэн.

-Есдүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан, баар, караоке гэх мэт байгууллагын төлөөлөлтэй зөвшилцөх уулзалт хийсэн. Уулзалтаар босоо хүлээн авалтыг хүлээн зөвшөөрөхгүй, суугаа хүлээн авалтыг заалны дүүргэлтийн 50 хувь байхаар ярилцаж, тохирч, “Хариуцлагын гэрээ”-г шинээр байгуулсан юм. Есдүгээр сарын 30-нд спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг байгууллагын төлөөлөлтэй уулзаж, “Хариуцлагын гэрээ”-нд нэмэлт заалт оруулж, урлаг, спортын арга хэмжээг заалны дүүргэлт 50 хувиас хэтрэхгүй байхаар зохион байгуулахаар зөвшилцөж, тохирсон. Аль болох л дэмжиж, зөвлөн туслах, торгохгүй, шийтгэхгүй байх байр суурийг баримталж байна.

-Зарим аж ахуйн нэгж зөвшилцөж, тохиролцсон зүйлдээ хайхрамжгүй хандаж байна. “Камертон” хамтлагийн тоглолт зохион байгуулах талаар НОК-т, мэргэжлийн хяналтын байгууллагад албан ёсоор хандаагүй. Үйл ажиллагааны хувьд удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, тоглолт зохион байгуулсан аж ахуйн нэгж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн шуурхай штабын дарга нартай хариуцлага ярина. Хэн байхаас үл хамаарч, хариуцлага алдсан бол хариуцлага тооцно.

-Цирк бол Д.Дагвадорж гэдэг хувь хүний бизнесийн асуудал. Зохион байгуулалттайгаар цирк руу дайрч давшилж байна гэж харж байна. Цирк балгас болоогүй байх. Өөрсдөө гуйгаад авсан мэтээр яриад байгаа ч тийм юм байхгүй. 2005 онд циркийн байгууллагын төлөөлөл болсон олон хүн ирж гуйж, сөгдөж мөргөж байгаад циркийн хувьчлалд оролцооч гэж хүсэлт тавьсан. 2006 онд менежментийн хувьчлал хийсэн. Миний хувьд циркийн хувьчлалаас болгоомжилж байсан. 

-Хөрөнгө оруулалтаа өөрөө татаад ажлаа хийж яваа. Техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулаад 20 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрээр циркийг уламжлал, шинэчлэлд суурилсан орчин үеийн байгууламж болгох юм билээ. Урлагийн архитектурыг хадгалсан, ойр орчмын газруудыг нь ногоон байгууламж хэвээр нь үлдээх гэсэн төсөл явж байна гэж ойлгосон.

-Д.Сумъяабазар дүүдээ авч өгсөн гэдэг дэмий яриа. Түүхийг үзсэн ч болно. Бүгд нээлттэй. Газартай холбоотой хулгай огт байхгүй. Циркийн асуудалд Д.Дагвадорж өөрөө ажиллаж байна. Өөрөө гарч ирээд холбогдох тайлбараа хийгээрээ гэдгийг хэлсэн.

-Циркийн хойд газарт олон аж ахуйн нэгж 9, 16 давхар угсармал орон сууцны хороолол барих гэж байсан. Харин ч газрыг нь хамгаалж ирсэн. "Бишрэлт"-ийн Б.Ундармаа наад талаас нь, "Буян"-гийн Б.Жаргалсайхан нөгөө талаас нь, Л.Цандэлэг тэргүүтэй хүмүүс барилга барих, зогсоол болгох гээд тав, зургаан төсөл бэлдчихсэн газрыг нь авна улайрч байсан шүү. Эсвэл тэрүүгээр нь явах байсан юм уу? Юм үнэнээрээ сайхан. Хотын даргын хувьд тийм бусармаг зүйл хийхгүй.