Эхийн захиасаар хөглүүлж, хөтлүүлсэн авьяас

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Ө.Мөнхцэцэгийг урьсан юм. Тэрбээр хувцас загварын салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг илтгэсэн “Урлахуй” брэндийг үүсгэн байгуулагч, уран бүтээлч бүсгүй юм. Урлах эрдэм дээд сургуулийг төгсч, урилгаар хоёр жил багшилж, хувцас загварын салонд дизайнераар ажиллажээ. 2016 онд “Урлахуй” брэндээ байгуулснаар үндэсний хэв маягийг орчин үеийн загварын шийдэлтэй хослуулсан чамин, чансаатай бүтээлээрээ хэрэглэгчдийн танил болсон. Эхлүүлсэн ажилдаа эзэн болж, эцсийн үр дүнг гартал уйгагүй хөдөлмөрлөдөг зан нь өнөөг хүртэл хөтөлсөн хэрэг.

Ө.Мөнхцэцэгийн ээжийн талын удамд уран хүн олон. Дээл хувцсаа хийж өмсөхөөс гадна хэрэглээнийхээ хивсийг хүртэл өөрсдөө нэхнэ. Ээж нь бусдад бүтээл хийж өгөхдөө хийц, чанарт анхаарч, хүний сэтгэлд нийцүүлэхийн тулд сэтгэлээ шингээж хөдөлмөрлөдөг байсан нь түүнд нөлөөлжээ. “Хичээнгүйлэн хийхээс гадна ээж минь ингэвэл илүү гоё болно гэдэг байсан. “Танд зориулаад ингэж хийсэн шүү” гэхэд захиалагчийн сэтгэл ханамжтай байгаа байдлыг хажуугаас нь харахад сайхан санагдана. Мэргэжлийн хүн биш ч гүйцэтгэл маш сайн. Ээжээс үлгэрлээд “Би хүнд хувцас хийж өгч баярлуулж болох юм байна” гэж бодсоноор ирээдүйнхээ мэргэжлийг багадаа сонгож, өөрийгөө хөгжүүлэх алхмыг хийж эхэлсэн. Зураг, дүрслэх урлагийн хичээлдээ дуртай сурагч байлаа. Эрдэнэтэд суралцаж байхдаа зургийн дугуйланд явж байлаа. Хүүхдүүд уран зураач болно гэж байхад би Цэгмэд багшийн шавь нараас ганцаараа дизайнер. Галбир их зааж өгсөн нь надад их хэрэг болсон. Хүний биеийн анатоми судлахгүй бол дизайнер болж чадахгүй гэж дизайнер болж чадахгүй гэж багш маань захьдаг байсан” гэв.

Түүний хувьд багын даруухан дуу цөөтэй охин байжээ. Өөрт ногдсон ажлаа гүйцэтгэл сайтай хийнэ. Үргэлж бүтээл урлаж суугаа ээжийгээ харж өссөн тэрбээр долоон настай байхдаа дизайнер болно гэж шийджээ. Үйл мэтгээд үлдсэн үлдэгдэл материалаар нь барбиндаа хувцас хийж байсан хүүхэд насны хөгжилтэй түүх дурсамж болон үлджээ. Дөрвөлжин хайчилж оёод өмсүүлэх гэтэл барбинд нь багтаагүй учраас ээжээсээ асуухад хувцас хийхэд хамгийн чухал нь эсгүүр байдаг талаар аминчлан захиж, тайлбарлаж өгсөн байна. Энэ мөчөөс эсгүүр, хувцасны зохион бүтээлтийн талаар мэджээ. “Ээжээсээ асууж, мэдэж авсны дараа хэдэн барбиндаа янз бүрийн хувцас эсгэж, оёж эхэлсэн. Эсгүүрийн шилжилтийн талаар ойлголттой болсон гэхэд болно. Тэр үеэс хийц загвар сайтай хувцас хийж өгч үйлчлүүлэгчдээсээ кайф мэдрэх хүсэлдээ хөтлөгдсөн” гэв.

Тэрбээр тохь тухийг мэдрүүлсэн, цагаан өнгөний шийдлээр дагнасан урландаа хөгжмийн намуухан ая эгшиглүүлэн бүтээлээ урлаж сууна. “Завгүй байна, завгүй байна. Би хүнд үйлчилж байна” хэмээн утсаар ярьж, барбинуудаа эгнүүлэн тавьж, хувцас оёж, зураг зурж тоглодог байсан хүүхэд насныхан хүсэл мөрөөдөл нь өдгөө биеллээ олжээ.  Үргэлж л завгүй үйл урлаж, хүнд үйлчилнэ. Ирээдүйн ажил, амьдралаа хүүхэд байхдаа зөгнөсөн мэт... 

Дизайнерын ангийн оюутнуудын ур чадвар практик дээр түлхүү мэргэшиж төгсдөг. Ө.Мөнхцэцэг өглөөнөөс үдшийн бүрий хүртэл сургууль дээрээ өнжинө. Олон ч уралдаан тэмцээнд амжилттай оролцож, бүтээлээрээ танигдсан чамбай оюутан. “Тунгалаг захирал маань хүүхдийг олж харах, хөгжүүлж, чиглүүлэх тал дээр маш сайн. Бүтээл хийх боломжийг бүрдүүлж, дурлуулж, дэмждэг. Тиймээс орой болтол сургууль дээрээ байх дуртай байсан” гэв.

“Урлахуй” брэндээ нээхэд түүнд ээжийнх нь авч өгсөн оёдлын машин, хийж бүтээх их хүсэл, мэргэжлийн чадвар байв. Нэг үгээр Ө.Мөнхцэцэг ур чадвартаа найдаж, хөдөлмөрөөрөө брэнд бүтээх хүсэлдээ хөтлөгдсөн хэрэг. Загвар, хийц сайтай нэг бүтээл гаргахад хоёр болно, тэр нь дөрөв болно хэмээн үржихийн хүрдийг бэлгэдэж эхлүүлжээ. Эхний дөрвөн жил реклам зар суртачилгаа хийхгүйгээр хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээл хийх зорилт тавьжээ. Шулуун оёдлын машинтай үйлчлүүлэгч орж ирэхэд суулгах сандал ч үгүй эхлүүлсэн урлан өнөөдөр өргөжин тэлсэн нь түүний үр бүтээлтэй ажилласныг илтгэх мэт.

Зориглож эхлүүлсэн ажлаа зогсолтгүй үргэлжлүүлэх учиртай. Тиймээс хүмүүсийн харцыг татах, хээ угалз бүхий монгол загвартай цагаан цамц гаргасан нь тухайн үедээ трэнд загвараар тодорч эрэлт ихтэй болж байв. Ингэхдээ судалгааны ажлыг сайтар хийжээ. Хүмүүсийн хэрэглээнд нийцэхүйц сул загвартай өмсөхөд биед эвтэйхэн дан өнгөөр шийдсэн хатгамал, шигтгээтэй угааж хэрэглэх боломжтой цамц урлажээ.

Ө.Мөнхцэцэг бүтээлийнхээ үр шимээр тоног төхөөрөмжөө нэмж  урлангаа өргөжүүлж чадсанаа уг бүтээлийн үр дүн гэж боддог. “Урлангаа нээгээд удаагүй байхад надад итгэж захиалга өгч байсан хүн бүхэнд маш их баярлаж явдаг. Таван жилийн өмнө цамц авсан эгч саяхан ирсэн. Эгч нь одоо ч өмсдөг. Охинтойгоо хослуулж хийлгэе гэж орж ирэхэд сайхан санагдсан” гэлээ.

“Урлахуй” брэнд одоогоор үндэсний болон гоёлын хувцсыг түлхүү урлаж байна. Хувцасны гоо зүйг илэрхийлэхээс гадна хэрэглээ талд анхаарал хандуулнан. Хийсэн бүтээл нь хэрэглэгчийн өмсөх дуртай хувцасны нэг байгаасай гэж бодно. Түүний урласан бүтээлийг гадаадын оронд ажиллаж, амьдардаг монголчууд захиалж авна. Эх орондоо монгол хүний урлахуйн ухаанаар бүтсэн бүтээлээрээ гоёж явахдаа мөр цэх, харц дээгүүр алхаж явах хамгийн сайхан санагддаг нь дамжиггүй. Хилийн чанадаас хэрэглэгчдээс ирсэн зурвас түүнийг баярлуулжээ. “Цамц, дээлээ өмсөөд явахад хүмүүс намайг хятад гэж хардаггүй” гэж. Урласан хувцас бүртээ үндэсний хэв шинж, хээ угалзийг шигтгэж, шингээж өгснөөрөө онцлогтой.

Өөрийг нь зориод ирдэг үйлчлүүлэгчийнхээ биеийнх нь галбирт тохирсон загвар, хийцтэй хувцас урлахыг эрхэмлэдэг дизайнер толины өмнө өөрийнх нь бүтээлийг өмсөөд инээмсэглэн зогсох хэн нэгний харцнаас аз жаргалыг мэдэрдэг гэдгээ онцолж байсан юм. 

Хөдөлмөр хүнийг бүтээдэг хэмээн хэлэх дуртай Ө.Мөнхцэцэгийн түших багана тулах цэг нь гэр бүлийнхэн. Цаг үргэлж дэмждэг сүүн цагаан сэтгэлтэй ээж нь хамтдаа үйл урлаж, дүү нь 13 настайгаасаа товч, шилбэ хадаж, 15 жилийг ардаа үджээ.  Үндэсний дээлний тодотгож өгдөг элемент бол товч, шилбэ. Дүү шиг минь сайхан жирийтэл хаддаг хүн ховордоо хэмээн инээмсэглэх бүсгүйн аав нь хүртэл асаалттай танк шиг ард нь үргэлж дэмждэг байна. Хувцас загварын салбарт орон зайгаа олж, оршин тогтнож чадсан чадварлаг дизайнерын бүтээл бүрээс үнэ цэнэ мэдрэгдэнэ. 

С.Ичинхорлоо

Захиалга өгөхийг хүсвэл https://www.facebook.com/%D0%A3%D1%80%D0%BB%D0%B0%D1%85%D1%83%D0%B9-1306630572693223 пэйж хуудсаар холбогдоорой