Будилж, будилуулсаар, буцаад бууриа түшсэн парламентч

Д.Ганбат гэж гишүүн энэ парламентад бий. Боловсролын тухайд хуучнаар ЗХУ-ын Киев хотын Цэргийн инженерийн сургуулийг механик инженерээр төгссөн түүний хувьд хожим МУИС-ийг эрх зүйчээр дүүргэсэн намтартай. Улмаар 1982-1992 оны хооронд Ардын армид салаан захирагч, салбарын техникийн орлогч инженерээр ажиллажээ. Энэ хооронд Монгол Оросын хамтарсан “Баянбулаг” компанийн дэд захирал, Түүх, соёлын дурсгал сэргээх газрын даргын албатай яваад 1999-2012 оныг хүртэл Техник импорт ХК-ийн ТУЗ-ийн дарга, ерөнхий захирлаар тасралтгүй ажилласан бизнесийн туршлагатай.

Улс төрд хөл тавьж, парламентын босго давсан нь 2012 он. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамт төрөлх Баянхонгор аймагтаа өрсөлдсөн нь бизнесмэн Д.Ганбатыг УИХ-ын гишүүн болгон дэвшүүлж байв. Үндсэндээ түүнийг улс төрд хөтөлж, УИХ-ын гишүүн хүртэл өргөсөн хүн нь Д.Ганбат. Үүнийгээ ч Д.Ганбат 2012-2016 оны парламентад хангалттай харуулсан, хариуг нь өгсөн. Х.Баттулга МоАХ-ны даргын хувиар Д.Ганбатыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны удирдуулах болсон нь 2014 он. Гэвч 2016 оны сонгуульд Х.Баттулгын хамт Баянхонгор аймагт дахин өрсөлдсөн ч багаараа ялагдал хүлээсэн түүхтэй. Нэг үгээр Техник Импортын ТУЗ-ийн даргаар буцан очиж, төрхөмдөө буцсан юм. Удаах жил нь Х.Баттулга Ерөнхийлөгч болж дэвшсэнийг эс тооцвол Д.Ганбат улс төрөөс хэсэгтээ завсарлага авсан нь энэ. Олон нийтийн ой тоонд “Бидон” гэсэн хоч нь үлдсэнээс бусдаар ажин түжин дөрвөн жилийг ардаа үдсэн. 

Харин 2020 оны сонгуульд даагаа нэхэж, дахин өрсөлдсөнөөр хоёр дахь удаагаа төр түшилцэхээр болж, бүр УИХ дахь АН-ын бүлгийн даргын статустайгаар өнөөдрийг хүрэв. Хачирхалтай нь, Д.Ганбатыг Бүлгийн даргаар ажилласан бүтэн нэг жилийн хугацаанд парламент дахь сөрөг хүчний дуу хоолой алсуурч эцэстээ байх эсэх нь эргэлзээ төрүүлэх болов. Нөхөн сонгуулийн өмнөхөн “Эвлэрлийн гэрээ” байгуулсан АН-ын хуваагдал ч зангууны үлгэр болох замаа дахин засч эхэллээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай.

Эхнийх нь “Надад АН-аас албан бичиг ирлээ. Энэ бичигт АН-ын Үндсэн дүрмийн хорооны 2021 оны дөрөвдүгээр сарын 24-ний тогтоолоор АН-ын гишүүн Ц.Туваан нь 3.7.1, 3.7.3, 3.7.5, 3.7.6 дахь заалтаар заасан намын гишүүний үүргээ биелүүлээгүй тул ёс зүйн хариуцлага тооцож, дахин алдаа гаргахгүй байхыг сануулсан. Гэвч Ц.Туваан нь Үндсэн дүрмийг удаа дараа зөрчиж, намын эсрэг ажиллагаа явуулсан тул дөрвөн жилийн хугацаанд намын гишүүнээс хассан байна. УИХ-ын тухай хуульд заасны дагуу бүлэгт зөвхөн тухайн нам эвслээс нэр дэвшиж сонгогдсон гишүүд орон гэж заасан байдаг. Иймд бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүд АН-ын бүлгийн хуралдаан болон шийдвэр гаргах хуралд оролцохгүй. Би АН-ын бүлгийн даргын хувьд, энэ намаас сонгогдсон гишүүний хувьд би хууль, намын дүрмээ баримталж ажиллана. Тиймээс үүнээс цааш бие даан сонгогдсон Н.Алтанхуяг, С.Ганбаатар гишүүн АН-ын бүлгийн хурал, аливаа шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломжгүй болж байна. Мөн Ц.Туваан гишүүн АН-ын гишүүн биш болсон учраас адилхан бүлгийн хурал, аливаа шийдвэр гаргах үйл ажиллаагаанд оролцохгүй” хэмээх 2021.10.14-нд хийсэн Д.Ганбат даргын мэдэгдэл.

Энэхүү мэдэгдлээс ердөө дөрөвхөн хоногийн дараа дахин мэдээлэл хийх үеэрээ тэрбээр “Засгийн газартай хариуцлага тооцохоор гарын үсэг цуглуулж эхэлсэн ч манай гишүүдээс нэлээд хэд нь гарын үсэг зураагүй. Зурсан гишүүд буцаж байна. Янз бүрийн байдлаар АН-ын бүлэгт, надад дарамт үзүүлж байна. Өнгөрсөн 7 хоногт ямар нэгэн маргаан байхгүй болсон гэсэн шат, шатны шүүхийн шийдвэр гаргасан. Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг намын гишүүнчлэлээс хасах, дөрвөн жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. АН-ын бүлэг найман гишүүнтэй болж байна. Гурван гишүүн сахилгын шийтгэл аваад намаас хасагдсан байна” гэдгийг мэдэгдсэн нь УИХ дахь АН-ын бүлгийн уур амьсгалд шуурга дэгдээж орхив. Нэг үгээр парламентын төвшинд харьцангуй эв нэгдэлтэй явсан АН-ын бүлэг хоёр хуваагдсан нь үүгээр илчлэгдэж, гэрэл цохилоо.

Бүлгийн даргынхаа мэдэгдлээс үүдэж УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн нь үнэн. Би энд хамгийн эхэнд гарын үсэг зурсан. Д.Ганбат гишүүн тэр бичгийг аваад МАН-тай очиж хэлцэл хийж, АН гурван сайд авах ажлыг хийж байгаа гэж удаа дараа бүлгийн хурал дээр хэлсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн сөрөг хүчний байр суурийг худалдаж, гурван сайд авах гэж байгаа үйлдлээ таслан зогсоо гэдгийг Д.Ганбат гишүүнд бид удаа дараа хэлж байсан” гэдгийг онцлов.

Араас нь “УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүн өөрөө хүсэлтээ өгсөн тохиолдолд тухайн бүлгээс гарна. Ямар нэгэн бүлгийн дарга, хэн нэгэн иргэн бүлгээс гарсныг зарласнаар бүлгээс гишүүдийг гаргахгүй гэж хуульд тов тодорхой заасан” хэмээн Н.Ганибал гишүүн дуугарав.

Дөрөв хоногийн өмнө намаасаа хөөгдсөн гэх Ц.Туваан ч “Энэ албан ёсны хурал. Сүүлийн үед АН-аас бүлгийн дарга байсан Д.Ганбат гэж нөхөр долоо хоног бүр хүн хөөдөг болсон. Цаанаас нь тушаал, шийдвэр авч ирж уншдаг болсон. УИХ-ын гишүүд хуулиар олгогдсон эрхтэй. Өөрөө бүлгээс гарах өргөдлөө УИХ-ын даргад өгснөөр бүлгээс гарсанд тооцдог. Түүнээс хэн нэгэн намаас хөөж, шийдвэр гаргадаггүй” гэж хүч нэмэх нь тэр.

Ийнхүү албан ёсоор 11 суудалтайгаар Бүлэг байгуулах эрхтэй болсон АН жил хүрэхгүйн хугацааны дараа хуулиар олгосон заалтын хүрээнд хэлэлцэж байгаа асуудлаар завсарлага авах эрхгүй болж мэдэх хайчин галд орлоо. Хэрвээ Д.Ганбат гишүүний хэлсэн үнэн бол УИХ дахь АН-ын бүлэг найман гишүүнтэй үлдэх нь. Харин О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүний хэлсэнчлэн Бүлгийн хуралдаанаар Д.Ганбатыг бүлгийн даргаас чөлөөлж, Н.Ганибалд хариуцуулсан нь албан ёсны шийдвэр бол тэрбээр сул гишүүний орон тоонд шилжих нь. Өөрөөр хэлбэл, хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд Бүлгийн дарга болж томорсон Д.Ганбат жил гаруйн хугацаанд будилж, будилуулсаар, буцаад бууриа түшсэн парламентчаар намтраа арвижуулна гэсэн үг. Гагцхүү энэ бүх маргаан нь хуулийн дагуу явсан эсэхийг дэнслэх эцсийн үр дүн нь холбогдох хууль тогтоомж, парламентын спикер хэрхэн алх цохихоос хамаарна.

О.Баасанхүү Эвслийн бүлгийн даргаар тав хоног ажилласны хажууд нэгнээсээ давах гэсэн хоёр эрх ашгийг бүтэн жил УИХ-ын индэрт аргалсан нь магадгүй түүний амжилт. Ямар ч байсан өнгөрсөн нэг жилийн хугацаанд гадаа гарч эр, гэрт орж эм болно гэдэг шиг тэр ажиллалаа. Гэвч улс төрд эрх ашиг ялдаг хойно энэ хүртэл яваад зогсохыг гишүүн Д.Ганбат гадарлаж л байсан байх.

Г.Эрхэс