Анхаарал хяналт суларснаас Өргөө амаржих газарт жирэмсэн эмэгтэй амиа алджээ

Өргөө амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар амаржих гэж байсан 37 настай эх харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг энэ сарын 30-31-ний шөнө гарчээ. Талийгаач дөрвөн хүүхэдтэй байсан бөгөөд тав дахь хүүхдээ төрүүлэхээр Өргөө амаржих газарт долоо хоногийн турш хэвтжээ. Талийгаачийн гэр бүлийнхний хэлж байгаагаар тэрээр хагалгаанд орохоор хүлээж, дусал тариа хийлгэсэн байна. Гэвч эмнэлгийн эмч, ажиллагсдын зүгээс түүнийг хараа хяналтгүй орхисон нь амь насаа алдсан гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байна.

Талийгаач Ч нь сүүлд 22.00 цагийн орчим нөхөртэйгөө утсаар ярьжээ. Улмаар шөнийн 03.00 цагийн үед талийгаачийн нөхөр рүү танихгүй дугаараас залгаж “Танай эхнэр сэхээнд байна хурдан ир гэжээ. Нөхрийг нь ирэхэд сэхээний өрөөнд оруулаагүй гэнэ. Харин эмч нарын зүгээс “Танай эхнэр сэхээнд байгаа. Бид арга хэмжээ авч байна” гэсэн тайлбарыг өгсөн ч талийгаач Ч нь аль хэдийнэ амьсгал хураасан байжээ.