Ц.Мөнх-Оргил: Үндсэн хуулийн үзэл баримтлалыг гажуудуулах сөрөг үр дагаварыг дагуулж болзошгүй

чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлдээ Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, 1997 онд батлагдсан дээрх хуулийг зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулснаас өөрөөр шинэчлэн сайжруулалгүй явж ирсэн нь иргэд, олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, бухимдлыг төрүүлэхийн сацуу тухайн институцийн нэр хүнд, үйл ажиллагаанд нөлөөлөх, улс төржүүлэх, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг гажуудуулах сөрөг үр дагаварыг дагуулж болзошгүй байгааг онцолсон юм.

Хуулийн төслийг хэлэлцэх, эсэх талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав. Тэрбээр, иргэн эрхээ хамгаалах хуульд заасан арга замыг дуусгасны дараа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, бусад акт өөрийнх нь үндсэн эрхийг зөрчсөн хэвээр байна гэж үзвэл Цэцэд өргөдөл гаргахаар хуулийн төсөлд тусгасныг онцлоод, иргэд, эрх бүхий этгээдээс Цэцэд ирүүлсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд тавигдах шаардлага, хүлээн авахаас татгалзах үндэслэл, маргааныг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг тодорхой болгох, Цэцэд маргаан үүсгэснээс хойш 90 хоногийн дотор хянан шийдвэрлэх ба мөн хугацаагаар хоёр хүртэл удаа сунгаж болох, Цэц, түүний гишүүний хараат бус байдал, Цэцийн процессын шударга байдлыг нэмэгдүүлэх, Цэцийн гишүүдийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн үндэслэлийг онолын түвшинд, ойлгомжтой, үндэслэл сайтай гаргах шаардлагын үүднээс зөвлөлдөөн дууссанаас хойш 45 хоногийн дотор Цэцийн шийдвэрийг эцэслэн бичиж, ёсчлох, улмаар тодорхой хугацаанд нийтэд мэдээлэх, нийтлэх зэрэг зохицуулалт тусгасан дэлгэрэнгүй дурдсан юм.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг төсөлд үндсэн эрхэд хамаарах зарим эрхүүд орхигдсон шалтгааны талаар, Цэцийн шийдвэрийн үндэслэл тодорхой, онолын үндэслэлтэй, ойлгомжтой байх талаар ямар онцлог зохицуулалт туссан талаар Цэц хүний үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэдэг болсноор ажлын ачаалал нь хэрхэн нэмэгдэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Цэц хүний үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэдэг болсноор шүүхийн үйл ажиллагаатай хэрхэн уялдах, үүсэх үр дагаврын тапаар асуулт асууж, хариулт авчээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Үндсэн хуулийн цэц хүний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэх болсон тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон ажлын албыг хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах чадвартай болгоход хэрхэн бэлтгэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна гэсэн Үндсэн хуулийн заалттай дээрх зохицуулалт нийцэж байгаа эсэх талаар асууж, хариулт авав.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл горимын санал гаргаж, үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл буюу ерөнхий хуулийн төслийн хэлэлцүүлгээс ажлын таван хоногийн засварлага авсан тул тус институцид маргаан хянан шийдвэрлэх тухай буюу процессийнх нь хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс мөн хугацаагаар завсарлага авах хүсэлт гаргав. Уг хүсэлтийг хуралдаан даргалагч хүлээн авч ажлын таван хоногийн засварлага өглөө.