НИТХ: Бонд тойрсон байр суурь

НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа. Энэ үеэр НИТХ дэх намын бүлгүүдээс ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

НИТХ дахь Хүн намын бүлгийн дарга Д.Гантулга:

-Улаанбаатар хотын төвлөрлийг сайруулах, түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, үер усны аюулаас урьдчилсан сэргийлэх зэрэг ажлуудыг цаг алдалгүй шийдэх, бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх нийслэлийн гадаад, дотоод бонд гаргахыг дэмжиж байна. Ингэхдээ үр ашигтай зарцуулах, тулгамдаж буй асуудлыг бодитоор шийдвэрлэх шаардлагатай. Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа нь зөв. Нийслэл үнэт цаас гаргаснаар дотоодын зах зээлд эерэг үр дүн гарна гэж үзэж байна. Мөн Монгол Улсад зээлийн хүү буурах чухал ач холбогдолтой гэлээ.

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх:

-Нийслэлийн дотоод үнэт цаас гаргаж гурван төсөлд хөрөнгө оруулна гэсэн ч эдгээр төсөл 2024 онд багтаж дуусахгүй. Үнэт цаас бол өр, орлогоосоо давсан зардлыг гаргаж байгааг НИТХ дахь АН бүлэг дэмжихгүй гэв.

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр:

-Нийслэл хот гадаад, дотоод бонд гаргах нь  холбогдох хуулиудад нийцсэн гэж үзэж байна. Тиймээс нийслэл гадаад, дотоод үнэт цаас гаргах асуудлыг НИТХ дахь МАН бүлэг дэмжиж байна гэв.

Ташрамд, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтад “нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан байдаг. Үүний дагуу Нийслэл үнэт цаас гаргах харилцааг Өрийн удирдлагын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Төв банкны тухай хууль зэрэг холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна. Нийслэл дотоод үнэт цаас гаргахдаа Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу НИТХ-аар хэлэлцүүлэн, шийдвэр гаргуулах, цаашлаад уг тогтоолын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржид бүртгүүлнэ.