Алганд багтсан ТӨР #1: Өөртөө эмч болдог “үйлчилгээ” ард хоцрох нь

1992 оноос агентлагийн түвшинд явсан Холбооны яамыг 30 жилийн дараа буюу сэргээн байгуулсан нь 2022 он. Нэр нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам. Ерөнхий сайдын зүгээс ч “Цахим үндэстэн” болох том зорилт дэвшүүлснээ тунхаглаж, түүнийхээ хүрээнд Төрийн үйлчилгээг шат дараатай цахимжуулах ажлыг салбарын яамаараа дамжуулан хийж байна. Гагцхүү салбарын яамтай, бодлогын сайдтай болсноор өнгөрсөн хугацаанд ямар үр дүн гарав гэдэг нь иргэдэд чухал. Анхаарал хандуулах гол шалтгаан юм.

Ямартай ч цаасан хэрэглээгээ танахаас эхлүүлсэн Төрийн цахимжилт технологийн дэвшилд илүү ойртохын хэрээр тэнд байгаа хүнд суртлыг халж, түүгээр дамждаг авлига багасч, иргэдэд илүү хүртээмжтэй, нийгмийн, нийтийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн хэд хэдэн өөрчлөлтийг зоригтойгоор эхлүүлжээ. Тэдгээрээс онцлох ажлуудыг цувралаар хүргэе.


Монголын Төр дотоодын эмийн хэрэглээ рүүгээ анх удаагаа өнгийж харав, “Эмийн сонсгол”-оор дамжуулж. Хаалттай хэрнээ “нээлттэй” зарим зүйлийг учгийг зах зухаас нь нийтээрээ харлаа, мэдлээ, сонслоо. Монгол Улсын эмийн зах зээлийн 80 хувь нь импортынх юм байна. Эм шинжлэх лаборатори нь үндсэн үүргээ гүйцэтгэх нь битгий хэл музей шахуу болжээ. 2015 онд 128.8 тэрбум төгрөгийн эм оруулж ирсэн бол 2022 оны байдлаар 838 тэрбум төгрөг болтлоо өсчээ. Энэ тоон үзүүлэлт цаашид өссөөр нэг их наядад хүрэх тооцоолол байгаа юм.

Монголд үйл ажиллагаа явуулдаг есөн гурилын үйлдвэрүүдийн нийт борлуулалтын жилийн орлого нь 450 гаруй тэрбум гэж тооцвол бараг хоёр дахин их эмийг монголчууд хэрэглэж байна гэсэн үг. Талх, гурилыг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг ч түүнийг хоёр нугалах хэмжээний эмийн хэрэглээтэй байна гэдэг нь өөрөө аюулын харанга дэлдэх дохио мөн үү? мөн!. Үүнд хүн амын дундах өвчлөл, ялангуяа бага насны хүүхдийн томуугийн дэгдэлтийн үзүүлэлт жин дарах ч ийм статистик үзүүлэлттэй яваа нь эмээс бүрэн хамааралтай болсны бодит жишээ. Эмчийн жороор эсвэл өөрсдөө дур мэдэн эмийн сангийн хаалга татдаг нь ч үүнд хамаарна. Гэхдээ эм бол хоол биш. Антибиотик витамин бүр биш.

Зориулалтын дагуу, зохистой түвшинд хэрэглэж байж эдгэхэд тустай, ирээдүйд гарч болох эрсдэлээс сэргийлэхэд дэмтэй. Гэдэг нь аливаа ухааны төгс мэдлэггүй ч амьдралын туршлага нь дээр гэсэн уламжлалт сэтгэхүй хоол шиг эмийн хэрэглээтэй болгосны бас нэгэн баталгаа. Толгой өвдөхөд, ханиалгаж эхлэхэд, ямар нэгэн өвчний зовиур илрэх төдийд эмийн сан руу ухасхийж өвчин намдаагч тэргүүтэй антибиотик дур мэдэн авч, хэрэглэдэг нь бидний гэм биш зан. Яг үнэндээ өөрөө өөртөө эмч болох хандлага зөвхөн монголчуудаас гардаг. Үүнийгээ жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэж зөвтгөдөг. Эсвэл яг ямар найруулга, үйлчилгээтэй эсэхийг асууж, тодруулахаас илүү эмчийн бичиж өгсөн жоронд итгэдэг.

Импортын эмийн мөнгөн дүн 800 тэрбумыг давж, талх, гурилын хэрэглээг хэд нугалж эхэлсний үндсэн шалтгаан, бодитой хариулт нь ердөө л энэ. Үндэстнээрээ эмийн хараат байдалд орно гэдэг нь өөрөө эмгэнэл. Гагцхүү үүнийг халах, иргэдийг, өөрсдийг нь мэдлэг, мэдээлэлд үндэслэсэн эмийн зохистой хэрэглээтэй болгох эхлэлийг тавьсан нь “И Монголиа” платформоор дамжуулж “Эмийн жор”-ыг цахимжуулсан явдал байв. “И Монголиа”-гаар төрийн үйлчилгээг авч дадсан л бол эмийн жор олгосон огноо, эмнэлгийн нэр, дугаарын мэдээллийг нэг дороос харах бүрэн боломжтой гэсэн үг. Иргэнээс шаардах ганц юм нь ухаалаг гар утас, түүн дээрх “И Монголиа” апплекэйшн.

Ингэхдээ “И Монголиа” платформд нэвтэрсэн байхад л хангалттай. “ЭРҮҮЛ МЭНД ЦЭС”-ийн “ЭМИЙН ЖОР” үйлчилгээг сонгон үйлчилгээ авах товчийг дарснаар дэлгэц дээр таны болон таны хүүхдийн мэдээлэл гарч ирэх ба эмийн жор харах гэж буй хүнээ сонгон цааш үргэлжлүүлснээр идэвхтэй болон идэвхгүй жор гэсэн сонголт гарч ирнэ. Идэвхтэй жор гэдэг нь хүчинтэй огноо дуусаагүй /7-14хоног/ буюу хараахан худалдаж аваагүй эмийн жагсаалтыг харуулж, өвчний онош болон жор бичсэн эмчийн мэдээллийг агуулна. Идэвхгүй жор нь хүчинтэй огноо дууссан буюу өмнө нь бичүүлж байсан жорын түүх харагдана.

Нэг жилийн хугацаанд эмийн архив хадгалагдах ба жор бичиж байгаа эмч системд шивж оруулахад жор бичигдэнэ. Бичигдсэн жорыг иргэн эмийн санд үзүүлэн эмээ авна гэсэн үг. Үйлчилгээнд зөвхөн жороор бичигддэг эм хамаарах учраас жоргүй эмийг иргэд шууд авна. Хамгийн гол онцлог нь эмийн танилцуулга, хэрэглэх заавар болон гаж нөлөөг мэдээлэх боломжтой. Эмчийн бичиж өгсөн жоронд багтсан эмийн гаж нөлөөг иргэн өөрөө мэддэг болох нь эргээд зохистой хэрэглээ рүү шилжих том алхам. Монгол Улсад импортоор оруулж ирдэг болон дотоодын үйлдвэрийн 120 эмийн талаарх нэгдсэн мэдээллийг оруулсан учраас мэдэхгүйн зовлон гарахгүй нь бас нэгэн давуу тал нь. Ганцхан жишээ өгүүлэхэд эмийн жорыг гараар бичихээр гаргац муутайгаас буруу эм өгөх тохиолдолд бишгүй гарах нь бий. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр эмийн жорыг хуурамчаар үйлдэж, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг авсан гэмт хэргүүд бүртгэгдсэн нь цөөнгүй. 

Гагцхүү “И Монголиа” платформын “ЭРҮҮЛ МЭНД ЦЭС”-нд “ЭМИЙН ЖОР” үйлчилгээг нэвтрүүлснээр ийм байдлыг халж байна. Иргэн ч эмчийн бичиж өгсөн жорыг бариад эмийн санчийг царайчлахгүй нь. Гар утас байхад л энэ бүх асуудлаа шийдэх нь. Ямар орц, найруулга, үйлчилгээтэй эмийг хэдий хугацаанд хэрхэн хэрэглэхээ ч мэддэг болох нь. Үүнийгээ дагаад иргэдийн эрүүл мэндийн боловсрол ч дээшлэх нь. Үндсэндээ өөртөө эмч болдог “үйлчилгээ” ард хоцрох нь!

Г.Сонор