ХУРИМТЛАЛЫН САН: Шинэ тогтолцооны дархлаа!

Монгол Улс анх удаагаа Үндэсний баялгийн сантай болов. Үүний эхлэл болгож Сангийн яам, Төв банк, “Эрдэнэс Монгол” нэгдлийн оролцоотойгоор “Хуримтлалын сан”-гийн үйл ажиллагааг нээж, цан цохилоо. Ердөө хэдхэн хоногийн өмнө дөө. Эл санд “Эрдэнэт” үйлдвэр, Оюу Толгой, “Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй стратегийн ордын 34 хувьд хамаарах ногдол ашгийг шилжүүлснээр 500 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй болсон юм. Ингэснээр ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наядад хүрч, саяхныг хүртэл хүлээлтийн байдалтай явсан 10 мянган өрхийг орон сууцны хөтөлбөрт хамруулах боломжийг нээсэн. 10 мянган өрх гэдэг 3.5 сая иргэнтэй Монгол Улсад чамлахаар бага тоо биш. Эмч, багш, цагдаа тэргүүтэй Төрийн албан хаагчдаас гадна хувиараа хөдөлмөр эрхлэгчид ч багтдаг, нийгмийн бүх давхарга үүнд хамаардаг учраас тоон үзүүлэлтээр мэдээж том тоо.

Гэвч зээлийн эх үүсвэр тодорхойгүй, санхүүжилтийг хэрхэх эсэх өнөөг хүртэл шийдлээ олохгүй явсны хариулт нь ипотект хамрагдах хүсэлтэй 17 мянган иргэний хүсэлт. Сонгуулийн жил гэдгээрээ эдгээр иргэний хүсэлтийг хангах бүрэн эрх энэ Засгийн газарт бий гэвэл тийм. Угаас дөрвөн жилд нэг удаа болдог эл циклийг ямар ч Засгийн газар, улс төрийн хүчин алдахыг хүсэхгүй. Аль 20 жилийн өмнө ийм л байсан, одоо ч тийм л яваа. Гэлээ гээд мөнгө өөрөө мөртэй нь туйлын үнэн. Сонгуулийн бялуурсан амлалтад дулдуйдсан хавтгайрсан халамжийн уршиг эргээд эдийн засгаа татан унагаадаг, иргэдийн нуруун дээрх ачаа улам хүндрүүлдэг зовлонгийн “шок”-ноосоо бид хараахан салаагүй л явна. Бонд босгосноо бүлэглэлийн зарчмаар хуваадаг, “Үнэ тогтворжуулах” болон “Сайн” нэртэй олон арван хөтөлбөрийн үр шимийг хүртэх нь битгий хэл улсаараа дампуурлын ирмэгт очсон нь аль 2016 он.

Гагцхүү өмнөхөөсөө сургамж авч, өөр жимээр биш замаар гаргаж явах түүхэн сонголтыг хийсэн нь Үндэсний баялгийн сангийн цогц хуультай болж, түүн дотроо “Хуримтлал сан”-г амь оруулсан явдал. Нэгэнт УИХ-д суудалтай гурван намын дарга нар зөвшилцөж, санамж бичиг байгуулсны үр дүнд “эх барьсан” учраас хэн нэгнийх гэхээсээ нийт монголчуудад хамаарах асуудал юм. Одоо хуулийг ягштал хэрэгжүүлэх, хяналтаа сайн тавих нь дан ганц биднээс л хамаарна. Хийе гэвэл хийж болдог, түүнд нь улс төрийн манлайлал гол үүрэгтэй байдаг юм байна гэдгийг энэ Засгийн газар, Ерөнхий сайд өөрөө харуулж чадсан нь чухал, түүхэнд үлдэх гавьяа нь тэр. Учир нь, Үндэсний баялгийн сантай болох, дундаж давхаргыг бий болгох бодлого үе үеийн Засгийн газар, парламентын түвшинд ярьсан ч шийдлээ олж чадалгүй сонгуулийн үр дүнгээр өөрчлөгддөг, эсвэл огцордог, бүр таг мартагддаг байв. Нийтээрээ биш нэгжээд хэсэг нь баялгийн хуваарилалтад эзэн сууж сонирхол бүх шатанд гацааж ирснийг үгүйсгэх аргагүй. Тэр нь ортой бас бодитой. 

Ямар ч байсан “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд явдаг “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”, Оюу Толгой гэсэн стратегийн гурван ордын 34 хувьд ногдох ногдол ашгийн хэмжээ 500 тэрбумаар хэмжигдсэн нь гацаанд орсон ипотекийн зээлийг эдийн засгийн эргэлтэд орууллаа. Гэхдээ “Хуримтлалын сан”-гийн орлого зөвхөн 500 тэрбумаар хэмжигдэх үү? гэвэл үгүй. “Эрдэнэс Монгол”-ын эзэмшилд хэдий хэмжээний стратегийн ордуудын 34 хувь төвлөрнө төдий чинээ “Хуримтлалын сан”-гийн мөнгөн дүн арвижиж, үржинэ гэсэн үг. Үр дүнд нь иргэн бүр орон сууцтай, эрүүл, өндөр боловсролтой болох баталгаа нь Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх мөнгөн дүнгээс шууд хамаарах нь. Иргэдийн амьдралын чанар сайжрахын хэрээр дундаж давхарга бий болох нь энэ санг байгуулсны үндсэн шалтгаан. Дундаж давхарга хэдий чинээ их болно төдий чинээ улсын эдийн засгийн суурь үзүүлэлт чанаржиж, сайжирдаг жамтай. Үүгээр дундаж давхарга бүхий үндэсний шинэ тогтолцооны дархлаа нь маргаангүй “Хуримтлалын сан” байх нь.

Г.Эрхэс