У.Отгонбаяр: П.Батчулуун эмчийн асуудал нийгмийн эмзэг сэдэв болж, нийтээрээ талцсан

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн У.Отгонбаяр байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр өнгөрсөн хугацаанд П.Батчулуун эмчийн асуудал нийгмийн эмзэг сэдэв болж, иргэд нийтээрээ талцсан. Хууль эрх зүйн зохицуулалт байхгүй учраас энэхүү асуудал үүссэн хэмээн бодож байна. Тиймээс энэ асуудлыг шийдэх зохицуулалт хуулийн төсөлд тусгасан эсэх болон амьгүй донорын гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй адилтгах тэтгэмж өгөхөөр хуулийн төсөлд тусгасан байна. Энэ ямар үндэслэлтэй тооцоо вэ хэмээн асуусан байна. Харин УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин эд, эрхтэн шилжүүлэн суулгахад боловсон хүчин болон эм тарианы шаардлага өндөр байдаг. Энэ талаар хуулийн төсөлд сайжруулсан заалт орсон эсэх талаар асуусан байна.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн асуултад хариулахдаа, хуульд зөвхөн нийгмийн даатгал шимтгэл төлдөг иргэнд оршуулгын зардал өгөхөөр заасан. Гэтэл  нийгмийн шимтгэл төлдөггүй иргэн тухайн эмчийн эсрэг асуудал үүсгэсэн. Тэгэхээр хуулийн төсөлд нийгмийн даатгал төлдөг, эс төлдөг эсэхийг үл хамааран тайтгаралын зардал өгөхөөр тусгасан. Амьгүй донорын гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлэн олгох тэтгэмж бол оршуулгын зардлын хэмжээг тооцсон мөнгөн дүн юм.  Эрүүл мэндийн тусгай сангаас эмч нарыг багаар нь сургах зардлыг 5 тэрбум байсныг 10 тэрбум болгон нэмэгдүүлсэн. Эд, эрхтэн шилжүүлэн суулгах багаж төхөөрөмжийн асуудал тулгарч байна.

Эд, эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөнд шаардлагатай зарим эм, тариаг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж байна. Тухайлбал, эд, эрхтэн шилжүүлэн суулгасан хүний дархлаа дарангуйлах хамгийн чухал эмийг төрөөс дааж байна. Харин эдгээр эмийг чанаржуулахад анхааран ажиллаж байна гэв. УИХ-ын гишүүн А.Ганбаатар, энэхүү хуулийн төслийг хэлэлцэхэд олон улсын байгууллагуудын шалгуур болох донорын эрх болон аюулгүй байдлыг хамгаалсан хуультай эсэхээс эхлээд зохистой зөвшөөрлийн шаардлага, худалдааны болон албадлагын хатуу хориг, донорын эрүүл мэндийг урт хугацаанд хянах тогтолцоо, ил тод хяналттай шилжүүлэн суулгах систем зэрэг асуудлыг хангаагүй хэмээн үзсэн. Мөн донор болох хүний сэтгэл зүйн үнэлгээг хэрхэн хийх талаар хуульд тусгасан эсэхэд эргэлзэж байна. Энэхүү хуулийн төслийг  “түүхий” байна гэж үзээд хэлэлцэхийг хойшлуулах санал гаргаж, хариулт авахыг хүслээ.