Хаяанд ирсэн аюулын ХАРАНГА!

Хамгийн их мэддэг атлаа мэддэггүй нэг ойлголт бидэнд бий. Ойлголт гэхээсээ хэвшил. Бараг буруу дадал шахуу болсон зүйл. Тэр нь зохисгүй хооллолт. Дэлхий даяараа үүнийг чимээгүй тахал гэдэг л юм. Учир нь, нийгмийн хөгжлийг сааруулж, эрүүл мэндийн тогтолцоонд томоохон дарамт үүсгэдэг болохоор. Гэвч Монгол Улсад зохисгүй хооллолт нь хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж буй тулгамдсан асуудал болсоор удлаа. Мах, гурилан бүтээгдэхүүний хэрэглээ нь хэтийдэж жимс, хүнсний ногоо, бичил тэжээлт бодисын дутагдал олширсон нь олон өвчний суурь шалтгаан болсныг энд сийрүүлэх гээд байгаа хэрэг. Бидний үе дүүрч гэж зөөллөж болох ч ирээдүй хойч болсон хүүхдүүд эрүүл хүнсээр бойжиж, зөв зуршилтай өсөхийн тулд одооноос нэгдмэл, зоригтой шийдвэр гаргах нь зүй.

Хоол тэжээлийн дутал ба эрүүл мэндийн эрсдэл:

2023 онд хийсэн “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгаагаар дараах ноцтой дүн гарчээ. Үүнд: 

• 6–52 сартай хүүхдийн 61% нь Д аминдэмийн дутагдалтай, 28.9% нь нөөц багатай буюу нийт хүүхдийн 90 орчим хувь хангалтгүй. 

• Жирэмсэн эмэгтэйчүүдийн 75% нь Д аминдэмийн дутагдалтай бөгөөд зөвхөн 7% нь нэмэлт бэлдмэл хэрэглэдэг. 

• Иодын дутагдал нийт өрхийн дунд түгээмэл тархсан бөгөөд энэ нь оюуны хөгжил, бодисын солилцоонд сөргөөр нөлөөлж байна.

• Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлүүдийн нэг болох зохисгүй хооллолт нь даралт ихсэх, чихрийн шижин, таргалалт зэрэг өвчний гол шалтгаан болж байна.  

Хоол тэжээлийн боловсролын дутагдал:

Зохисгүй хооллолтын нэг шалтгаан нь хоол тэжээлийн талаарх мэдлэг, боловсролын дутагдал юм. Оюутнуудын дунд хийсэн судалгаагаар эрүүл, зөв хооллолтын талаарх мэдлэг хангалтгүй байгааг харуулж байна. Энэ нь ирээдүйн үеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Засгийн газрын бодлого, арга хэмжээ:

• Нялх, бага насны хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах 

• Хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах 

• Эмзэг бүлгийн хүн амын хоол тэжээлийг сайжруулах 

• Бичил тэжээлийн дутлыг бууруулах 

• Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах  

Мөн “Хүнсний тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн чанарыг сайжруулах бодлого хэрэгжиж байна.

Хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж буй зохисгүй хооллолтыг шийдвэрлэхийн тулд хүнсний боловсролыг дээшлүүлэх, шим тэжээлтэй хүнсний хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг цогц арга хэмжээ авах нь нэн тэргүүний асуудал юм. Өөрөөр хэлбэл, эрүүл хооллолт нь зөвхөн хувь хүний асуудал биш, нийт үндэстний эрүүл мэнд, хөгжлийн үндэс суурь. Ингэхийн тулд дараах таван асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. 

1.ШИМ ТЭЖЭЭЛТЭЙ ХҮНСНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ 

• Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих: Жимс, хүнсний ногоо, шош, будаа зэрэг шим тэжээлтэй бүтээгдэхүүний дотоодын тариалалтыг дэмжих.

• Импортын татвар, татаасын бодлого: Шим тэжээл багатай, боловсруулсан, хэт их чихэр, давстай бүтээгдэхүүнд татвар ногдуулах; харин тэжээллэг хүнсэнд татварын хөнгөлөлт үзүүлэх.

• Хөдөө орон нутагт түгээлт сайжруулах: Хүнсний хүйтэн сүлжээ, тээвэр логистикийг боловсронгуй болгож, шим тэжээлтэй хүнсийг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй болгох.

2.ИРГЭДИЙН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН БОЛОВСРОЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ 

• Сургалтын хөтөлбөрт тусгах: Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролд “Эрүүл хооллолтын боловсрол” оруулах.

• Олон нийтийн сурталчилгаа: Телевиз, сошиал медиа, орон нутгийн радио зэргээр дамжуулан эрүүл хооллолтын талаарх мэдээллийг түгээх.

• Эцэг эх, асран хамгаалагчдад сургалт зохион байгуулах: Жирэмсэн эх, бага насны хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулсан хоол тэжээлийн зөвлөгөө, хөтөлбөр хэрэгжүүлэх.

3.ЭРҮҮЛ ХООЛНЫ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ

• Сургууль, цэцэрлэгийн хоолны чанар: Төрийн хяналтыг сайжруулж, тэжээллэг, стандарт хангасан хоолыг хэрэглэх шаардлага тавих.

• Нийтийн хоолны газар, түргэн хоолны хяналт: Илүүдэл тос, давс, сахар багатай хоол үйлдвэрлэлд хяналт тавих, шаардлагатай бол татвар, зөвлөмжөөр зохицуулах.

4.ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ

• Эрүүл мэндийн ажилчдыг чадваржуулах: Хоол тэжээлийн чиглэлээр нарийн мэргэшсэн эмч, зөвлөхүүдийг бэлтгэх.

• Эрсдэлт бүлгийн хяналт: Төрөлтөөс өмнө болон хойших эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүдийн шим тэжээлийг тогтмол хянах тогтолцоо бий болгох.

5.ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ

• “Хүнсний тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг батлах: УИХ-ын гишүүн М.Мандхайгийн боловсруулж буй хуулийн төсөл нь энэ чиглэлд чухал дэвшил болох хүлээлттэй.

• Үндэсний “Эрүүл хооллолт” бодлого хэрэгжүүлэх: Урт хугацааны төлөвлөгөө, тодорхой зорилтот бүлэг, шалгуур үзүүлэлт бүхий бодлого хэрэгтэй.

Зохисгүй хооллолт гэдэг нь зөвхөн хувь хүний биш, төр, нийгэм, бизнес, иргэний нийгмийн хамтын хариуцлага юм. Шийдэл нь зөвхөн нэг хуулиар бус, олон талын оролцоо, боловсрол, хүртээмж, бодлогын цогц системийг шаардана.

Монголчуудын уламжлалт хооллолт нь мах, сүү, гурилд төвлөрсөн, уургаар баялаг бүтэцтэй. Гэвч сүүлийн жилүүдэд орчин үеийн хотжилт, нийгмийн хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр хэт боловсруулсан, давс, сахар, өөх тос ихтэй хүнс түлхүү хэрэглэгдэх болж, зохисгүй хооллолт нийт хүн амын эрүүл мэндэд заналхийлж байна.

ЗОХИСГҮЙ ХООЛЛОЛТЫН ШАЛТГААН

1. Тэжээллэг хүнсний хүртээмж муу-Жимс, ногоо, тэжээллэг будаа, шош зэрэг хүнсний бүтээгдэхүүн орон нутагт ховор, үнэ өндөр.

2. Хэт боловсруулсан хүнсний хэрэглээ өссөн-Түргэн хоол, чипс, хийжүүлсэн ундаа, амттанг өдөр тутамд хэрэглэдэг болсон.

3. Хоол тэжээлийн боловсрол хангалтгүй-Иргэд эрүүл хооллолтын мэдлэггүйгээс зохисгүй зуршлыг залгамжилсаар байна.

4. Хуулийн зохицуулалт сул-Хоолны аюулгүй байдал, шим тэжээлийн зохицуулалт хангалтгүй байгааг УИХ-ын гишүүн М.Мандхай онцолж, Хүнсний хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байна.

С.Сүлд