Б.Бямбасайхан: Ус зайлуулах шугам байхгүй гэдэг нь худал мэдээлэл
"Лам нарын дунд ном хаялцах зэрэг тэмцээнийг хийнэ"
Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Жил бүр зохион байгуулагддаг “Хүрээ цам-Даншиг наадам”-д зориулж Гандантэгчэнлин хийдээс хүрээ цам гаргадаг. Жахар цамыг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн гурван хоног хийдэд хурах бөгөөд үргэлжлүүлэн 28-ны өдрөөс Хүй долоон худагт дэлгэрэнгүй хурна. Мөн уламжлалт шашин соёлыг сурталчлах зорилгоор 21 аймаг, есөн дүүргийн лам нарын дунд ном хаялцах зэрэг тэмцээнийг хийнэ” гэлээ.
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Бямбасайхан “Үндэсний бөхийн тэмцээнийг Хүй долоон худгийн төв талбайд зохион байгуулах бөгөөд нийт 256 бөх барилдана. Энэ жилийн хувьд ямар нэгэн цол чимэг олгохгүй. Мөн сурын талбайд Үндэсний их харваа тэмцээнийг наадмын хоёр өдрийн туршид 08:00-19:00 цагийн хооронд зохион байгуулна” гэв.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Үндсэн зургаан насны морьдын уралдаанаас гадна жороо морины уралдаан болно. Дээд гурван насны уралдаан 13-14 км, хязаалан нас 11 км, шүдлэн, дааганы уралдааныг 5-6 км-т тус тус зохион байгуулна. Уралдааны бүртгэлийг цаасаар болон “Uyach” аппликейшнээр дамжуулж хийх боломжтой” гэсэн юм.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Хүрээ цам - Даншиг наадмаар нийт 250 гаруй цагдаагийн албан хаагч ажиллана. Иргэдийг зөвхөн зориулалтын зогсоолын талбайд машинаа байрлуулж, мөн хүүхдэдээ хараа хяналт өндөр тавьж, аюулгүй байдлаа хангахыг хүсэж байна” хэмээв.



