Б.Пүрэвдагва: Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүл
Цахилгаан хангамжгүй 2,021 өрх, хүчдэлийн уналттай 580 өрхийн асуудлыг байршлаар нь тодорхойлж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 12 хорооны 737 айл өрх цахилгаангүй, найман хорооны 360 өрх хүчдэлийн уналттай байна. Мөн зураг төсөвтэй болон одоо ажил нь эхлээд явж байгаа 11, 20, 33 дугаар хорооны 1284 айл өрх цахилгаангүй, 20, 33 дугаар хорооны 220 айл, өрх хүчдэлийн уналттай байна. Нийт 2601 айл өрхийг цахилгаан, эрчим хүчээр хангах ажлын мэдээллийг төсвийн саналд тусгах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн удирдах ажилтнуудад дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголын төслийг НИТХ-д өргөн барих учир харьяа байгууллагууд шаардлагатай санал хүсэлтээ Санхүү, хөрөнгө оруулалтын газарт өгөх,
- Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалттай төсөл арга хэмжээний хэрэгжилтийг бүх шатанд эрчимжүүлж, гэрээний хугацаанд сунгагдсан ажлуудын гүйцэтгэлд анхаарч, үнэлэлт дүгнэлт хийж танилцуулах,
- Нийт байгууллага бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангаж, хэрэгжилт хангалтгүй болон удаашралтай байгаа төсөл, арга хэмжээ тус бүрийн шалтгаан нөхцөлийг тодорхойлон хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг сайжруулах,
- “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай” хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах,
- Нийслэлийн нутаг дэвсгэрт халиа, тошин үүсэхээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг шуурхай хангаж, эрсдэл бүхий байршлыг тогтоон эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, танилцуулах,
- Хот тохижилт, нийтийн тээвэр, инженер хангамжийн байгууллагууд шатахууны үнийн өсөлттэй холбоотой саналаа боловсруулах,
- Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх,
- Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх
- Нийт байгууллагад иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хугацаа хэтэрсэн болон шийдвэрлэлт удааширсан өргөдөл гомдол тус бүрийн шалтгаан нөхцөлийг тодорхойлон шийдвэрлэлтийг шуурхай эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.