Г.Занданшатар: Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлуудыг бүтэн зургаар нь авч үзэх шаардлагатай
C.Бямбацогт: Нүүрсний үнэ 40 орчим хувиар унаад байна
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа.
Тэрбээр, манай улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 7,4 хувь, 2024 онд 4,9 хувь байсан бол 25 оны эхний улиралд 2,4 хувь болж буураад байна. Нийт экспорт 2025 оны эхний 5 сард 5,4 тэрбум ам. доллар болж өмнөх оны мөн үеэс 15 хувь буюу 931 сая ам. доллароор, төсвийн нийт орлого 2025 оны эхний 5 сард 11,4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11 хувь буюу 1,3 их наяд төгрөгөөр буураад байна. Экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ ГЕГ-аас зарладаг албан статистик мэдээллээр 2025 оны эхний 5 сарын байдлын дунджаар 72 ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унаад байна. Экспортын төсвийн орлого буурч, эдийн засгийн өсөлт саарсны улмаас 2025 онд нэгдсэн төсвийн орлого төсвийн хүрээний мэдэгдэлд заасан орлогын доод хэмжээнд хүрэхгүй байхаар байгаа бөгөөд мөн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх зорилгоор төсвийн тодотгол хийж байгаа тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2026- 2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг та бүхэнд танилцуулж байна. Хуулийн төсөлд 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3,2 их наядаар бууруулж, нөгөө талд нь төсвийн зарлагыг 1,9 төгрөгөөр бууруулж, тэнцвэржүүлсэн тэнцлийг 1 их наяд 365 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тусгаж байна. Уг хуулийн төсөлд нэгдсэн төсвийн 2026-2027 оны төсөөлөл шинэчлэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай тул уг хуулийн төслийг дагах хуулиар өргөн мэдүүлсэн болно гэв.








