"Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай"

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал дүгнэлт гаргах шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг тус ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа танилцууллаа.

Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээлэл судалгаа, дүн шинжилгээ хийлгэх чиглэлээр Улсын Их Хурлын даргын зөвлөхүүд, Эрүүл мэндийн яам (ЭМЯ) болон харьяа байгууллагууд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ), Сангийн яам, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, хөгжлийн төвүүд, анхан шатны болон лавлагаа шатны эмнэлгүүд, Үндэсний статистикийн хороо, төрийн бус болон олон улсын байгууллагууд, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС), мөн бие даасна судалгааны байгууллагууд оролцож ажилласныг тэрбээр танилцуулаад, ажлын хэсэг эрүүл мэндийн тогтолцоо, тусламж үйлчилгээг хүргэх удирдлага, зохион байгуулалт, хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээний зохицуулалт, нэгдмэл, тасралтгүй байдал, төрийн өмчийн эмнэлгийн хагас бие даасан байдал, засаглал, тусламж үйлчилгээний санхүүжилт, чанар, үр дүнг үнэлэх үнэлгээний тогтолцоо, эрүүл мэндийн цахим мэдээллийн нэгдсэн сан, түүнийг бүрдүүлэх, их өгөгдөлтийн ашиглахтай холбоотой асуудлыг судалж, тусламж үйлчилгээг сайжруулж, хүн амд хэрэгцээтэй тусламж үйлчилгээг хаана оршин амьдарч буй болон ямар ажил, бизнес эрхэлж байгаагаас үл хамааран тэгш, хүртээмжтэй хүргэх, мөн энэ салбарын хүний нөөцийн хангамж, ажлын ачаалал, бүтээмж, гүйцэтгэлийн үр дүнтэй холбоотойгоор үүссэн цалин, хөлс, нийгмийн баталгааны асуудлыг тандан судалжээ.

Мөн олон улсад ашиглагдаж байгаа эрүүл мэндийн голлох платформууд, засаглал, удирдлагын болон санхүүжилтийн загварууд, чанарын үнэлгээний механизмууд, нөөцийг зохистой удирдах аргачлалуудыг харьцуулан үзсэн байна. Мэдээлэл судалгааны ажлын үр дүнд тус салбарын хууль тогтоомж, дүрэм журам, эмнэлгийн үйл ажиллагааны бодит нөхцөл байдалд нийцэхгүй, хэрэгжүүлэх боломжгүй, зохицуулалт нь тодорхой бус, хоорондоо зөрчилтэй, мөн мэргэжлийн хариуцлагын тогтолцоо сул, үүнийг дүгнэх арга, аргачлал байхгүй, оношилгоо, шинжилгээний заавар хоцрогдсон, 720 гаруй стандарт батлагдсан боловч хэрэглэх боломжтой нь цөөн, төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн шийдвэр нь удаашралтай, дотоод зохион байгуулалт нь ил тод биш, удирдлага нь шат дамжлага ихтэй, хурдан шуурхай бус, эмнэлгийн бие даасан байдал, шийдвэр гарах эрх мэдэл хязгаарлагдмал, гүйцэтгэлд суурилсан цалин урамшуулал, татаасын систем салбарынхаа онцлогт тохирохгүй зэрэг олон тулгамдсан асуудал бугшсан байгааг тодорхойлсон байна. Эдгээр тулгамдсан асуудлуудад тусламж үйлчилгээний хуваагдмал байдал, шаардлагагүй тусламж үйлчилгээг одоо хэт их үзүүлэх байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний дутмаг байдал, эрх зүйн зохицуулалтын салангид байдал, цахим системийн систем үр ашиггүй байдал, захиргааны нэмэлт зардал, ажиллах хүчний төлөвлөлт хангалтгүй, авлига ба луйвар, гүйцэтгэлийн үнэлгээ, хэмжилт хангалтгүй, тусламж үйлчилгээний хүртээмжийн тэгш бус байдал гэсэн суурь шалтгаанууд нөлөөлж буйг ажлын хэсэг дүгнэсэн байна. Иймд ажлын хэсэг эдгээр суурь шалтгааныг арилгах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.