Дөрөвхөн хувийн үнэ цэнэ 2.6 их наяд юм бол Төрийн эзэмшлийнх хэд болох вэ?
Дөрөвхөн хувийн үнэ цэнэ 2.6 их наяд юм бол Төрийн эзэмшлийнх хэд болох вэ?
“Мagma Copper”, “BHP Billiton”, “Майн-Инфо”, “Энержи Ресурс”. Энэ бол Тавантолгойн бүлэг ордыг эзэмшиж байсан компаниудын товч бөгөөд тодорхой мэдээлэл. 1996-2007 хүртэлх хуанлийн хуудаст үлдсэн бодит баримт. Үндсэндээ АНУ, Австралийн аварга компанийн хөрөнгө оруулалттайгаар хайгуул хийж бас эзэмшилд явсан эл орд эцэстээ эдийн засгийн ямар ч үр ашиггүй, дэд бүтэц хөгжөөгүй гэх шалтгаанаар Төрийн мэдэлд буцаж ирсэн нь 1999 он. Удалгүй Монголын “Майн-Инфо” компани тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаад “Энержи Ресурс”-т шилжүүлжээ. Хуулиараа хэн өргөдлөө өгсөн нь тусгай зөвшөөрөл эзэмших заалттай болохоор тэр дагуу л явсан гэсэн үг. Хамгийн сонирхолтой нь, “М-Си-Эс” групп “Энержи Ресурс”-ыг байгуулж, түүнээсээ хоёр жилийн дараа үндэсний компаниудаа урьхад тэдний эзэмшлийн хэмжээ ердөө нэг хувиар хэмжигдэж байв.
Нэгдүгээрт, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт өнөөгийнх шиг тодорхой биш, хоёрдугаарт, худалдан авагч нь тодорхойгүй, гуравдугаарт, дэд бүтэцгүй, дөрөвдүгээрт, засаглалын түвшинд ОХУ, Хятад гэсэн их гүрнээс өөрөөр “Гуравдагч хөрш”-ийн орон зайгүй Монголын говьд үлэмж хэмжээний мөнгө зарцуулахаас дэлхийн магнатууд хүртэл эмээж, эрсдэл үүрэхээс зайлсхийж байхад “Петровис”, “Шунхлай”, “Моннис” тэргүүтэй дотоодын 14 компани хамтарч, төсөв, тооцооллыг нь хийж 2008 оноос бүтээн байгуулалтынхаа шанг татаж эхэлсэн хэрэг.
Харин 2006, 2007 оны үед УИХ-аас Ашигт малтмалын тухай хуулийг баталснаар Тавантолгойн бүлэг ордыг стратегийн орд гэж албан ёсоор тодорхойлсон юм. Нэг ёсондоо Тавантолгойн бүлэг ордыг стратегийн орд хуульд тусгаснаас бусдаар аль нэгийг нь онцолж томъёолоогүй нь энэ. Ардчилалд шилжсэнээс хойшхи Тавантолгойн тойрсон тусгай зөвшөөрөл хэнээс хэнд, хэрхэн яаж шилжсэн, хэзээ ямар хууль, тогтоомжийн дагуу явж ирсэн түүх нь ердөө л ийм. Ганц асуудал өнөөг хүртэл явдаг нь “Энержи Ресурс”-ын эзэмшдэг “Ухаа худаг”. Уг нь Тавантолгойн бүлэг ордын дөрвөн хувьд хамаардаг орд. Дахин тодотгоё дөрөвхөн хувь шүү. Санаж байгаа бол Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баярын Засгийн газрын үед бүхэлдээ үндэсний компаниудын хамтарсан нэгдлийн эзэмшилд байсан Тавантолгойн бүлэг ордын 96 хувийг Төрд буцаан авах шийдвэр гарч байв. Мөнхийн хоёр хөрш нь байтугай АНУ, Австралийн хөрөнгө оруулагчид ч тоохгүй хаяад гарсан ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар 100 хувь эрсдэлээ үүрээд явж байхад нь Төрийн мэдэлд буцааж авах нь мэдээж хохиролтой ч хууль бол хууль учраас олон сар ширээний ард суусны эцэст дөрвөн хувьд хамаарах “Ухаа худаг”-ийг тэдэнд үлдээсэн хэрэг. Хуулийн шугамыг давж асуудлыг шийдэх эрх хэнд ч үгүй. Засгийн газарт ч, аж ахуйн нэгж, иргэнд байхгүй.
Монголын улстөрчид, нийгэм нь өөрөө ой санамжтай, тэрийгээ нэхэн сануулдаг бол тухайн үед ямар байр суурь гарч байсныг төвөггүйхэн ойлгоно. Лав л “Тавантолгойн орд бараг бүхлээрээ Төрийн мэдэлд ирлээ. Тэр хэдэн жижиг компаниуд тэндээ байж л байг, Төрийн байгууллагатай өрсөлдөг. Төрийн менежмент сайн уу, хувийн менежмент сайн уу гэдгийг амьдрал практик дээрээс харъя. Тавантолгойн орд газарт гаднын том хөрөнгө оруулагч олох, нүүрс-химийн том цогцолбор барих талаар Засгийн газар одоо хөөцөлдөх ёстой, мега төсөл болгох боломж нээгдэж байна” гэсэн үгс Төрийн ордноор дүүрэн хөвөрч байлаа.
Гэвч Тавантолгойд гаднын хөрөнгө оруулагч орж ирсэн үү гэвэл үгүй. Нүүрс-химийн том цогцолбор барьж, томоохон дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийсэн үү, хийгээгүй. Төрийн болон хувийн менежментийн аль нь сайн болохыг амьдрал дээр бид хангалттай харлаа, үзлээ, бас мэдлээ. 96 хувийг нь эзэмшиж байгаа Төр, дөрвөн хувьд үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи Ресурс” хоёрын хооронд өдөр, шөнө шиг хол зөрүү гарсныг л энд тодотгох гээд байгаа юм. 2008-2012 онд Засгийн эрхийг хамтарч барьж байсан МАН, АН-ынхан гэхэд ирээдүйгээс олборлох нүүрсээ барьцаалж БНХАУ-ын “Чалько” компаниас 350 сая ам.долларын зээл авч сонгуулийн амлалтаа биелүүлсэн нь үүний бэлээхэн жишээ. Үр дүнд нь “Эрдэнэс Тавантолгой” 2011-2017 оныг хүртэл ашигтай ажиллах нь битгий хэл алдагдалтай ажилласан. “Чалько”-гоос авсан зээл бүрэн төлж дуусгатлаа зөвхөн сайн чанарын коксжих нүүрс нийлүүлнэ гэх асар хатуу заалттайгаар. Тэр хооронд Монголын эдийн засаг “эрчимт эмчилгээ”-ний тасагт шилжээд зогсохгүй ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр сонголтгүй болсон түүхтэй. Эсрэгээрээ хажууханд нь үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” яав?
Ашигтай, алдагдалгүй гэсэн хоёрхон сонголттой 15 жилийн турш нүүр тулж ирсэн тэд дөрвөн хувийнхаа үнэ цэнэ, үр өгөөжийг өсгөж ирсээр үндсэндээ тэнд хот байгуулав. Үүнийхээ тэн хагас нь буюу долоон жил алдагдал хүлээж. Дэлхийн нүүрсний зах зээлийн үнэ ханш гэдэг өөрөө урьдчилан тооцоолох боломжгүй зүйл. Урд айлын хэрэглээ, Төрийн бодлогоос шууд хамаарах асуудал. Ийм нөхцөлд жил дамнан алдагдалтай ажиллахаас илүүтэй үйл ажиллагаагаа зогсоох нь компанид хэрэгтэй. Гэхдээ олон улсын зах зээлээс мөнгө босгоод, хөрөнгө оруулагчдаас итгэл хүлээсэн бол ухрах эрхгүй. Улсдаа төвлөрүүлэх татварын хэмжээ зогсохын хэрээр эдийн засагт үзүүлэх дам нөлөө томорно. Адаглаад олон жил бэлтгэсэн мэргэжилтнүүдээ алдана. Алдагдалтай ажиллах асуудал аль ч газарт байдаг ч компанийн засаглалын цусны эргэлт болсон мэргэжилтнээ алдана гэдэг хамгийн том гарз бас хохирол. Алдагдалтай ажилласан ч өнөөг хүртэл үйл ажиллагаагаа зогсоохгүй тогтвортой явуулж буй “Энержи Ресурс”-ын бодит нөхцөл шалтгаан ийм. Ганц үнэн гэвэл Тавантолгойн бүлэг ордын дөрөвхөн хувийг хүртэл ямар хэмжээний үнэ цэнэтэй болгож болдгийг тэднээс харж болохоор.
“М-Си-Эс” группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал ч удтал чимээгүй явсны эцэст саяхан ам нээлээ. Улс төр, нийгмийн уур амьсгалд шуурга дэгдээж, санаатай, санамсаргүйгээр толхилцоон бий болгож буй энэ цаг үед түүний байр суурь хэнд бүхэнд сонирхолтой байх нь мэдээж. Тэрбээр “Бид бүх төрлийн татвар төлж байгаа. Энэ 15 жилийн хугацаанд нийт дүнгээр 2.6 их наяд төгрөг төлсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, татвар байдлаар бид ард түмэнд 2.6 их наядыг өгсөн. Энэ төслийг хэрэгжүүлээд, алдагдалтай ч явж байсан, ашигтай ч явж байсан ч бид бүх татвараа төлж байсан. Нээлттэй компани учраас энэ бүх тооцоо, бүх юм ил тод.
Хөрөнгө оруулагчид ч мөн ямар ашигтай байж вэ гэдгийг харна шүү дээ. Энэ хугацаанд хөрөнгө оруулагчдаас хуримтлагдсан дүнгээр 1.3 их наяд төгрөг цугларсан байдаг. Энэ мөнгөө бид буцаад бүтээн байгуулалт хийхээр зээл авч, бонд босгосон байдаг. Яг хөрөнгө оруулалт хийгээд “зээлээ төлнө дөө, ашиг хийнэ дээ” гэж байтал нүүрсний үнэ уначихдаг. Гэтэл хүү, хүүгийн хүү гэх мэт зээлүүдээ төлж, дахин хөрөнгө оруулалт шаардагддаг. Энэ том аж үйлдвэрийн цогцолборт юм эвдэрнэ, машин, механизм солино гээд байнга л мөнгө шаардана. Энэ хөрөнгө оруулагчдаас цугласан мөнгөөр бид зээл авч, бонд босгож, бүтээн байгуулалтууддаа хөрөнгө оруулалт хийж явсаар байгаад одоог хүртэл нэг ч ам.долларын ашиг хуваарилаагүй.
Бид “Ухаа худаг” төслийн өгөөжийн 70 хувийг ард түмэнд өгчихсөн, 2.6 их наядаар нь өгсөн, одоо ч өгсөөр л байгаа. Биднийг харлуулах гэсэн, нэр хүндийг гутаах гэсэн хүмүүс л “М-Си-Эс уул уурхайгаас ингэсэн, тэгсэн” гэж худлаа мушгиад байгаа. Бид “Ухаа худаг”-аас нэг ам.долларын ч ашиг аваагүй. Адилхан манай гадаад хөрөнгө оруулагчид ч аваагүй. MMC буюу хөрөнгийн бирж дээр байгаа компанийн 30 хэдэн хувийг л “М-Си-Эс” эзэмшдэг. Бусад эзэмшигч нар нь маш олон гадаадын нэр хүндтэй байгууллагууд байдаг. Монголчууд ч бас байгаа. Эзэмшиж байгаа нь монгол хүмүүс байдаг. Бид асар их татвар төлж байгаа. Энэ татварыг л яаж зөв зүйлсэд, ард түмэнд өгч, мэдрүүлэх ёстой вэ гэдгийг л манай УИХ, Засгийн газар, улстөрчид хийх ёстой шүү дээ” гэжээ.
Түүний хэлдэг бодитой. Яг үнэндээ гаднын хөрөнгө оруулагчид Ж.Оджаргалд, эсвэл “М-Си-Эс”-т, бүр “Энержи Ресурс” гэж компанид итгэж мөнгө өгөхгүй. Харин уул уурхайн салбарын хууль, эрх зүй, татварын орчныг, оруулсан хөрөнгө оруулалт нь үнэхээр баялаг бүтээж чадах, тайлангаа ил тод “Шилэн” нээлттэй тавьж буй эсэх, улс төрийн тогтвортой байдлыг нэн түрүүнд хардаг. Энэ бүгд нь өөрөө Монгол Улс хөрөнгө оруулагчдад хэр ээлтэй вэ гэдгийн индикатор болдог гэсэн үг. Хамгийн том үнэлгээ нь итгэлцэл.
Нарийн яривал Тавантолгойн 96 хувийг Төрд буцаан авснаас хойшхи хугацаанд хэдэн Засгийн газар солигдож, хэчнээн Ерөнхий сайд томилогдов гэдгийг эхлээд тооцож үзэх хэрэгтэй. С.Баяраас хойш гэвэл С.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар гээд долоон Ерөнхий сайд болно. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар хоёронтоо Засгийн тэргүүнээр ажилласан гэхээр 10 гаруй Засгийн газрыг эмхэлжээ. 15 жилийн хугацаанд 10 гаруй Засгийн газар сэлгэн, томилсон гэдэг үзүүлэлт гадаад тавцанд, ялангуяа хөрөнгө оруулагчдад тийм таатай хандах зүйл биш. Тэр хэрээрээ улс төр нь тогтворгүй, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт ойлгомжгүй болж бууна. Эргэлзээ үүснэ, эрдсэлээс зайлсхийлнэ.
Тэгэхээр улс төрийн ийм тогтворгүй уур амьсгалтай явж ирсэн 15 жилийн хугацаанд хөрөнгө оруулагчид хооронд итгэлцэл үүсгээд зогсохгүй дөрвөн хувийн үнэ цэнээ энэ хүртэл хадгалж ирсэн нь яах аргагүй “Энержи Ресурс”-ын амжилт гэх үү, гавьяа болж таарах нь. Орж ирэх нь битгий огт тоохгүй явсан Орос, Хятадын компаниуд хүртэл “Тавантолгойгоо бидэнд зарчих” гэх саналыг хүлээж аваад ашгаа хийгээд гарсан бол өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” гэж байхгүй, үр шимийг хүртэхгүй байсан нь гашуун үнэн. Гадаадын компани гэдэг гадаадын л компани. Ашиглаж байгаа орд нь манайх ч бусад бүх асуудал нь олон улсын дүрмээр явна. Эсрэгээрээ “Энержи Ресурс”-т үлдсэн дөрвөн хувь илүү үнэ цэнд хүрч, өгөөжөө өгсөн үү, өгсөн. Өнөөдөр ч өгсөөр байгаа нь бидний хувьд зол юм. Хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах хэцүү, харин эвдэх амархан. Тэр тусмаа хавар, намрын улс төрөөр эвдэх нь дэндүү хайран, дахин олдохгүй боломж гэдэг нь тодорхой.
Ж.Оджаргал захирал хэлсэн байна лээ, “Монголын нүүрсийг хямдхан аваад цаашаа зарах гэсэн Хятадын худалдааны компаниуд байдаг. Олон жилийн өмнөөс л байсан. Сүүлдээ “тэд ингээд санхүүжүүлээд байдаг юм болов уу”, “Хятадуудын бас оролцоо байдаг юм биш байгаа”, “тэдний гар хөл болсон хүмүүс их мөнгө зараад байдаг юм болов уу” гэж ч бодсон. Түүнээс биш “Ухаа худаг”-ийн өгөөжийг Өмнөговийнхон бүгд мэдэж байна. Цогтцэцийнхэн ч бүгд мэдэж байна. Анхнаасаа л бид энийг хууль, номын дагуу хийж энэ олон хүн аж амьдралаа залгуулаад явж байна. Үүнийг харлуулж, зогсоох, хууль бус болгож харуулах сонирхол нь юу юм бол гэж гайхдаг” гэдгийг.
Ердөө гуравхан жилийн өмнө дөө, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа нүүрсний хулгайтай тэмцэх акц өрнүүлэхдээ мэдэгдэж байсантай агаар нэг утгатай байр суурийг Ж.Оджаргал захирал хэлсэн нь энэ. Өөрөөр хэлбэл, “Нүүрсний бизнесээс мөнгө завшдаг бүлэглэл бий. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан” хэмээн зарлаж асан Ерөнхий сайд асны үг энэ удаад хувийн хэвшлийн толгой бизнесмэний амнаас унасан нь зүгээр ч нэг давхцал биш болов уу. Харин урд хөршийн хөрөнгө оруулалттай хэд хэдэн компанийн дам нөлөө үндэсний компаниудыг буланд шахах, бүр нүүрсний өрсөлдөөнөөс гаргах ашиг сонирхол болтлоо өргөжиж эхэлсэн үү гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Гол өрөм нь “Ухаа худаг” гэж мушгидаг улстөрч, УИХ-ын гишүүд олширч эхэлсэн нь ч учиртай байж таарна. Угтаа бол Баруун, Зүүн цанхи гэсэн хоёр орд газар Тавантолгойн бүлэг ордын өрөм нь юм билээ. Уншдаг, судалдаг нэгэн бол олоод харчих л нээлттэй мэдээлэл.
Эцэст нь хэлэхэд дөрөвхөн хувийн үнэ цэнэ 2.6 их наяд юм бол Төрийн эзэмшлийнх хэд болох вэ? гэсэн асуултыг шийдвэр гаргагчдад дайя. Нүүрсний хулгайн “Нээлттэй сонсгол”-оор нэр бүхий гишүүний зүгээс хэлж асан 44 их наяд төгрөгөөс давна уу гэхээс дордох хэмжээний үнэ цэнэ үүсэх нь лав. Монголын эдийн засгийн судас хаана цохилж байгааг хармаар бол Өмнөговийн говьд очиход хангалттай. Тэнд орших “Ухаа худаг” бол зүгээр нэг уурхай биш Монголын валютын урсгал, төсвийн орлого, бүс нутгийн хөгжлийн амин холбоос болтлоо өргөжсөн нь хэн бүхний нүдэнд ил байгаа бодит хөрөнгө оруулалт, мөн бүтээн байгуулалт. Ердөө дөрөвхөн хувийн үнэ цэнийг говийн хөрсөн дээр буулгасан бодит дүр зураглал шүү дээ.
С.Гандөл







