Г.Дамдинням: Үнэнийг хэлэхэд шатахууны асуудалд Төрийн оролцоо бага

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хязгаарлалт, хомсдолтой холбоотойгоор мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Монгол Улсын дөрвөн өдрийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний түлшний ачилт өчигдөр буулаа. Өнөөдөр нэмээд бууна. ОХУ-тай эрчимтэй яриа хэлэлцээрт ороод ажиллаж байна. Өнгөрсөн шөнийн 04.00 цаг хүртэл ШТС-уудаар тойрч ажиллалаа. Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга, агентлагийнхан гээд бүгдээрээ тойроод явж байна. Төр засгийн зүгээс хийх ёстой бүх ажлыг хийж байна. ОХУ-аас оруулж ирж байгаа тоо хэмжээ хүрэлцэхгүй байна. БНХАУ-аас авах хэмжээгээ нэмэгдүүлнэ.

"Роснефть"-ийн Ангарскийн үйлдвэрийн үйлдвэрлэл, түгээлтийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаагаас ийм асуудал руу орсон. Тус улсын дотоод нөхцөл байдал маш хүнд байгаа ч боломжоороо шатахуун нийлүүлж байна. Киргизстан улс бидэнтэй адил нөхцөл байдалд орсон. Шатахууныг хувийн хэвшлүүд 100 хувь хариуцдаг. Үүнд хоёр улсын Засгийн газар яриа хэлэлцээ хийдэг. Үнэнийг хэлэхэд энэ асуудалд Төрийн оролцоо бага" гэв.

Албаныхны хэлж буйгаар Монгол Улс өнгөрсөн сард 75 мянган тонн шатахуун захиалж, хэрэглэсэн бол энэ сард 85 мянган тонныг захиалж, хэрэглэжээ. Үүнтэй холбоотойгоор 25 мянган тонн "Евро-5" стандартын шатахууныг ОХУ-аас худалдан авсан баөйна. "Евро-5" стандартын шатахууныг хамгийн хямд үнээр 800 ам.доллараар нийлүүлдэг. Тиймээс шатахууны үнэ зөрүүтэй байгаа гэнэ.

Мөн ОХУ-д шатахууны үнэ тодорхой хэмжээнд нэмэгдсэнээр "Евро-5" стандартын АИ-92 автобинзений үнэ нэмэгджээ.