Н.Учрал: УИХ хүний эрхийг зөрчсөн хууль тогтоомжийг хүлээж авахгүй
"Төрийн өмчит компаниудыг биржээр нээлттэй худалдахыг дэмжлээ"
Намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүдийн асуулт, хариултыг явуулсан /дэлгэрэнгүйг эндээс/. Иймд хэлэлцүүлэг гишүүдийн асулт хариулт, дэмжсэн дэмжээгүй талаарх байр суурь, санал хураалтаар үргэлжилсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, Д.Энхтуяа, Х.Баасанжаргал, Ч.Анар, Г.Ганбаатар нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, С.Цэнгүүн нар санал хэлж, байр сууриа илэрхийллээ.
Гишүүд төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй худалдах хүрээнд төсвийн орлогод хэдэн тэрбум төгрөг төвлөрүүлэхээр талаар, мөн үндсэн чиглэлийн 4.2-т “МИАТ ХК-ийн 10 хувийг стратегийн хөрөнгө оруулагчид санал болгож, нээлттэй компани болгох, олон улсын биржээр нээлттэй худалдах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ” гэж заасны стратегийн хөрөнгө оруулагчид гэж хэнийг хэлж буйг тодруулахын зэрэгцээ олон улсын бирж нь тодорхой болсон эсэхийг лавлаж байлаа. Мөн Улсын Их Хурлаас 2001-2022 онд баталсан төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах болон төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлүүдийн хэрэгжилтийг Засгийн газар Улсын Их Хуралд тайлагнасан эсэх, энэ асуудалд тухайлсан алдаа, оноо юу байсан талаарх дүгнэлтүүд, хувьчлах төрийн өмчит компани бүрийн талаарх зах зээлийн болон эрэлт, нийлүүлэлт, хөрөнгийн зах зээлийг хэрхэн тэлэх талаар холбогдох бүх мэдээллээр гишүүдийг хангах эсэхийг тодруулж байв.
Ингээд “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувь нь дэмжлээ. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.