Ерөнхийлөгчийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад орууллаа

Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явуулсан юм.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан нарын гурван гишүүний 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нарын хоёр гишүүний мөн өдөр өргөн мэдүүлсэн Санхүүгийн хоршооны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.