Байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг тус бүр тодорхойлно
Засгийн газраас 2025 оны тавдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга танилцуулав. Төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2025 оны тавдугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2025 оны 19 дүгээр тогтоолоор байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, С.Замира, Ц.Мөнхбат, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа нар ажиллажээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2026 оны энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн гэв.
Ажлын хэсгээс төслийг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, хүчин чадал, эрсдэлийг харгалзан гурван зэрэглэлд ангилж, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг тус бүр тодорхойлох зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ерөнхий шинжээч, шинжээчийн эрхийг Төрийн захиргааны төв байгууллага олгох, ерөнхий шинжээч, шинжээч нь Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангасан, байгаль орчны чиглэлээр ажилласан жил, мэргэжлийн чадвар, ажлын туршлагатай байх шаардлагыг тусгах ажлын хэсгийн саналыг Байнгын хорооны гишүүд дэмжжээ.
Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланг нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх иргэдэд танилцуулж, санал авах ажлыг зохион байгуулах зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийн гаргасан зарчмын зөрүүтэй 4 саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болохыг санал, дүгнэлтэд дурджээ.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Уянга, хуулийн төслийн 7.7-д нөлөөллийн үнэлгээний журам, үнэлгээ хийх төслийн ангиллыг Засгийн газар батална гээд үүнд байгаль орчны үнэлгээний нэмэлт тодотгол, нийгмийн нөлөөллийн болон эрүүл мэндийн үнэлгээтэй холбоотой зохицуулалтыг тусгасан гэж хариулав. Мөн тэрбээр мэргэжлийн үнэлгээний байгууллагууд үнэлгээ хийхдээ өндөр үнэ нэхдэг, үнийн тааз байхгүй байна гэх зэргээр үнэлгээтэй холбоотой асуудлыг ажлын хэсэг дээр олон талаас нь ярилцаад төслийн 4.4-т мэргэжлийн байгууллагын үнэлгээтэй холбоотой журмыг Засгийн газрын гишүүн батлахаар тусгасан гэв.
Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа төслийн 7.14-т сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ажлын 10 хоногт багтаан хариу өгөх бөгөөд энэ хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд хариу өгсөнд тооцно гэж тусгасныг хэрхэн ойлгож, оруулсан талаар лавлав.
Төслийн 7.14-т сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ажлын 10 хоногт багтаана гэсэн нь ажлын 14 хоног бөгөөд үүнийг ерөнхий үнэлгээ хийхэд тухайн нутгийн Засаг дарга нараас хариу авч байгаа байдал гэж ойлгох нь зүйтэй гэдгийг Б.Уянга гишүүн тодотгоод энэ нь төрийн байгууллагуудыг хариуцлагажуулахад чиглэсэн гэлээ. Мөн ерөнхий үнэлгээний дараа нарийвчилсан үнэлгээ хийж, энэ үеэр нөлөөллийн бүсийн иргэдтэйгээ нүүр тулж ажиллах зохицуулалтыг тусгасан хэмээв.
Ингээд ажлын хэсгээс төслийг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, хүчин чадал, эрсдэлийг харгалзан гурван зэрэглэлд ангилж, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг тус бүр тодорхойлох, сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ажлын 10 хоногт багтаан хариу өгөх хугацааг 15 хоног болгохтой холбоотой долоон саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн ажлын хэсгээс гаргасан саналын дагуу төслийн 7.13, 7.6, 10.5 дахь хэсгийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагч өглөө.