Орлогын тэгш бус байдлыг бууруулна

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг байлаа. Энэ удаагийн татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлтөөр иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 2.2 орчим их наяд төгрөгөөр үе шаттай бууруулахаар тооцож буйг Сангийн сайд З.Мэндсайхан хууль санаачлагчийн илтгэлдээ онцолсон юм. Манай улс НӨАТ-ыг 1998 онд нэвтрүүлж, хуулийг 2006, 2015 онд тус тус шинэчлэн найруулжээ. 2024 оны байдлаар үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 58 орчим хувь нь мөнгөн хөрөнгийн дутагдалтай, 29 хувь буюу 30 мянга гаруй аж ахуйн нэгж алдагдалтай ажилласан нь бичил, жижиг бизнес эрхлэгчдийн төлбөрийн чадвар буурах, санхүүгийн дарамтад орох, улмаар бизнесийн тогтвортой байдлаа хадгалж чадахгүй болох нөхцөл тулгарч буйг харуулж байна гэдгийг сайд дурдсан юм.

НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх, татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшин, үйл ажиллагааны цар хүрээг харгалзан дотоодын болон импортын нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг хоёр хүртэлх сараар хойшлуулах боломжийг бүрдүүлж, аж ахуйн нэгжийн мөнгөн урсгал, уян хатан байдлыг дэмжих, зохицуулалтыг тусгасан байна. Мөн хуулийн төсөлтэй хамт шаталсан татварын тогтолцооны зарчимтай уялдуулан импортын суудлын автомашины гаалийн тодорхой үнийн дүнгээс нэмэгдэл хувиар тооцож татвар ногдуулах зохицуулалт бүхий Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслүүд батлагдсанаар бизнес эрхлэгчдийн мөнгөн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн ачааллыг бууруулах, бизнес идэвхжих, тэлэх бололцоог хангах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, орлогын тэгш бус байдлыг бууруулах зэрэг чухал ач холбогдолтойг Сангийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан танилцууллаа. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин Татварын ерөнхий хуульд татварыг хөнгөлөх, чөлөөлөх, татварын хувь хэмжээ болон татварын суурийг бууруулахтай холбогдсон хуулийн төслийг тухайн жилийн төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт боловсруулахаар тусгасан нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын хуулиудтай хэрхэн уялдаж байгаа талаар, мөн нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн босгыг нэмэгдүүлсэнтэй холбоотой Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим болон аж ахуй нэгж байгууллагуудаас ирүүлсэн саналуудын талаар, Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн босгыг 400.0 сая төгрөг болгон нэмэгдүүлэхдээ хувь хүн, хуулийн этгээдэд ялгаатай бодлого баримтлах эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 68.8 хувь нь хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Сангийн сайдын илтгэл болон Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Энхтүвшин, Б.Батбаатар, Б.Түвшин, Г.Уянгахишиг, Б.Заяабал нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд хуулийн төсөлд тусгасан татварын тарифыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй индексжүүлэх эсэх, мөн нийгмийн даатгалын шимтгэл болон ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын зохицуулалтын талаар, НӨАТ-ыг суутган тооцох босгогүй болгож, нийтээрээ төлдөг байх, улсын төсвийн орлогод нөлөөлж болзошгүй хуулийн төслүүдийг төсвийн хуулийг хэлэлцэх үед хамт хэлэлцдэг байх хуулийн хэрэгжилт, татварын орлогын болон тарифын тооцоолол, босго тооцох аргачлал, нөлөөллийн тооцоо, буцаан олголт, татварын өр, хөнгөлөлт, чөлөөлөль зэрэг олон асуудлыг тал бүрээс нь хөндөж байв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Б.Пунсалмаа, П.Наранбаяр нар хуулийн төслийг дэмжсэн, дэмжээгүй байр суурь илэрхийлж үг хэлэв.

Ингээд санал хураалт явуулахад НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 56.3 хувь нь дэмжив. Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг мөн дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.