Л.Оюун-Эрдэнэ: Одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Бүлгийн хурлаас мэдээлэл авъя гэж бодож байна. Асуудлуудаа ярих байх. 4-5 хоногийн өмнө УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нартай байгаль орчны асуудлаар уулзсан. Урт уулзалт болсон. Тэр үед уур амьсгал зүгээр байсан. Сүүлийн хоёр хоногийн хугацаанд л гэнэтийн үйл явдлууд гарлаа. С.Амарсайхан их муу хүн болж байх шиг байна.

Хэвлэлийнхэн ч, парламент ч тэр том зургаа харж, төсөл хөтөлбөрүүдээ анхаардаг байхгүй бол монголын парламент удганы хэрэг шүүдэг болох гээд байна. Манай мөрдэстэнгүүд Хууль зүйн сайдынхаа эсрэг мэдээлэл хийж байна гэдэг нь хуулийн сайдаас дээгүүр албан тушаалтан чиглэл өгч байна гэсэн үг. Хэрэв тийм асуудал байгаа бол ярилгүй яах вэ. Гэхдээ яагаад заавал намрын чуулганы өмнө ярив. Гэнэт ийм зүйл ярьсан нь улс төртэй холбоотой.

Одоо Засгийн газар огцроод байдал сайжрах уу гэдэгт эргэлзэж байна. Хамтарсан Засгийн газрын үед хэдэн хүн сайд болох гээд “АН-д хамаг гоё яамаа өгчихлөө” гэдэг л шалтаг гаргаж ирсэн. Н.Учрал Ерөнхий сайдад өөрийн толгойтой байгаарай гэж хэлж байсан.

Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Х.Нямбаатарыг махны үнээс болж хөөж явуулсан явдал, одоо С.Амарсайхантай холбоотой асуудлыг Н.Учралаас үл хамааран явагдаж байгаа болов уу гэж найдаж байна. Н.Учрал өөрөө улс төрийн дүгнэлт хийх ёстой. Одоо өөрийнхөө тооцоогоор, өөрийнхөө улс төрийн хийхгүй бол хүний тавьсан занганд орж, гар хөл болж болохгүй.

Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан. Одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар бол эв нэгдлийг хангах ёстой. Гэтэл С.Амарсайхантай холбоотой саяны үйл явдлыг Б.Энхбаяр зохион байгуулсан байх магадлалтай гэж би хардаж байна" гэв.