1072 хувьцаа "амилах" цагаар...

Монголчууд асар их баялагтай. Тэр нь нүүрс, зэс тэргүүтнээр хэмжигдэнэ. Гээд тэндээсээ ногдол ашиг хүртдэг, баялгийн тэгш хуваарилалт бий юу гэвэл үгүй. Байгаа ганц 1072 хувьцаа нь үхмэл. Дансанд бүртгэлтэй нь үнэн болохоос хаашаа ч хөдөлгөж болохгүй нь гачлантай. Арилжаалж болохгүйгээс гадна ашиг хүртэх хэмжээ нь бага.

Угтаа бол цагаан дээр хараар бичсэн тооноос илүү хашаа байшин, орон сууц шиг өмчлөх, арилжих, өвлүүлэх нь хувьцааны гол давуу тал. Гэвч хаалттай юм гэдэг хаалттай л зүйл. Ойрын жишээ дурдахад “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэгж хувьцааг 856,7 төгрөгөөр тооцож, нийтдээ 2 их наяд 631 тэрбумтай тэнцэх ногдол ашгийг өнгөрсөн хугацаанд тараажээ. 2019 оноос гэсэн үг. Атал иргэдийн бодит амьдралд эдгээр том мөнгөн дүн үнэхээр үр дүнгээ өгсөн гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй.

Зах зээлд их хэмжээний бэлэн мөнгө тараахын зовлон нь инфляцийг өрдөхөөс өөр сонголтгүй. Энэ нөхцөлд баялгаасаа хүртэх биш буцаад үнийн өсөлтөнд дарлуулна. Гагцхүү кг махны ч үнэ хүрэхгүй болсон 1072 хувьцааны үнэ цэнийг өсгөх чимээ энэ Засгийн газраас өдөлж эхэллээ.

Учир нь, “Иргэд 1072 хувьцаагаа хашаа байшин, орон сууц шигээ өвлүүлэх, бэлэглэх, арилжих, худалдаж авах эрхийг бодитоор нээх том ажил Та бидний өмнө байна. Нэгж үнэ нь 936 төгрөгийн үнэлгээтэй хувьцааг 3000 төгрөгт хүргэнэ” гэдгээ Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэс Тавантолгой”-д ажиллах үеэрээ мэдэгдсэн нь анхаарал татаж байна.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл 936 төгрөгөөр үнэлэгдэж, нийт дүнгээрээ 1,003,392 төгрөгтэй тэнцэж байсан иргэн бүрийн 1072 хувьцааны үнэлгээг 3,000 төгрөгт хүргэх зорилт ийн тавигдлаа. Ингэснээр таны дансан дахь хувьцааны нийт үнэ цэнэ 3,216,000 төгрөг болж, даруй 3.2 дахин өсөх нь.

Хувьцаа зөвхөн хөрвөх чадвартай болсон цагт л жинхэнэ хөрөнгө болдог. Энэ хүрээнд нас барсан 132,203 иргэний 111.2 сая ширхэг хувьцаа болон 66.4 тэрбум төгрөгийн ногдол ашгийг ар гэрийнхэнд нь өвлүүлэх эрх бодитоор нээгдэнэ гэсэн үг. Цаашлаад иргэд өөрийн эзэмшлийн 1072 хувьцаагаа бусдад бэлэглэх, эхний ээлжинд 20 хувийг нь Хөрөнгийн биржээр чөлөөтэй арилжих боломж бүрдэж, Хуримтлалын сангийн орлогоор дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зарцуулах гарцыг бий болгоно гэсэн үг.

“Эрдэнэс Тавантолгой”-г түшиглэн жилд 10 сая тонн түүхий нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон нь тонн тутмын борлуулалтын үнэ хамгийн багадаа 20 ам.доллароор нэмэгдэж, компанийн ашгийн түвшин 33 хувиар өсөх тооцоо гарчээ. Цаашид баяжуулах үйлдвэрийн хүчин чадал 30 сая тоннд хүрч, 2027 онд 20 км төмөр зам холбогдсоноор нүүрс олборлолт 50 сая тоннд хүрэх юм.

Үүний зэрэгцээ олон улсын хөндлөнгийн аудитын дүгнэлт болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжиж эхэлснээр улс төрийн нөлөөлөл хумигдаж, мэргэжлийн хяналт тогтоно. Хамгийн гол нь, байгалийн баялаг хэдхэн хүний бус, 3.6 сая иргэний гарт бодит хөрөнгө болон очих эхлэл.

Г.Эрхэс