Л.Өлзийсайхан: Xууль тогтоогчийн үүрэг бол зөвхөн хориглох биш

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Л.Өлзийсайхан “Үндсэн эрхийн хязгаарлалтад тавигдах шаардлага: Тохирсон байх болон бусад зарчим” сэдвээр илтгэлээ танилцууллаа. Профессор энэхүү хичээлийнхээ эхэнд, хууль тогтоогчийн үүрэг бол зөвхөн хориглох биш, хязгаарлаж буй –“үндэслэл, шалтгаан”-ыг нотлох явдал гэдгийг онцолсон юм.

926610000_1917950162532408_6281634285561241592_n.jpg

Тохирсон байх зарчим гэдэг нь тодорхой бүтэц, шалгуур бүхий “Зөвтгөлийн арга” болохыг тэрбээр тодорхойлоод, төр хүний эрхэд халдахдаа дур зоргоор бус, нарийн бүтэц, дараалал бүхий шалгуураар өөрийн үйлдлийг зөвтгөх ёстой гэсэн шаардлага хэмээсэн.

Хязгаарлалтаас үүдэх үр дагавар их байх тусам хууль тогтоогчийн үндэслэл, нотолгоо илүү хүчтэй байх зарчим хэмээгээд, эрүүгийн ял шийтгэх ногдуулах нь захиргааны арга хэмжээнээс илүү өндөр босго шаардана гэлээ.

Доктор, профессор Л.Өлзийсайхан, Тохирсон байх зарчмын дагуу шалгахын өмнө тухайн хуулийн төсөл үндсэн эрхийг “ямар хэлбэрээр” хязгаарлаж байгааг тодорхойлно гээд үндсэн эрхийг хязгаарлах хэлбэрүүдийг жишээ татан тайлбарласан юм.

Үндсэн эрхийн аливаа хязгаарлалт нь гагцхүү хуулиар тогтоогдсон байх бөгөөд дур зоргын шинжгүй байна гэдгийг илтгэлдээ дурдаад, тохирсон байх зарчмын дөрвөн шалгуурыг практик жишээ татан танилцууллаа.