Хамгийн нандин бүхнийг “атгаж” төрсөн шидтэн

Гэр бүлдээ гэгээ цацруулсан олон мянган охин үрсийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Эхийн хэвлийгээс мэндэлсэн үеэсээ ээж аавынхаа эрх бяцхан гүнж нь байж, энэ хорвоог хайраараа уяраадаг охидоо бид өлгийтэй үнэглэчилж хэвтэхээс эхэлж, ээж болтол нь бүр цаашлаад насан эцэстлээ хайр халамжаар дутаалгүй амьдруулахыг хүсдэг.

Таны миний танхилхан охин нярай байхдаа ямар эгдүүтэй байсныг та бид тархи зүрхэндээ хэзээч мартхааргүй кодлосон байдаг. Энэ хорвоо дээр дуугаа хадаан мэндлэхдээ ямар жижигхэн байдаг билээ. Уйлах чимээ, унтахдаа үнэгчлэх хайр татам төрх, дэлхий ертөнцийн хайрыг өөртөө шингээсэн бүлтгэр үрийн бүхий л хэсэг  жижигхэн байдагсан. Хорвоотой танилцаж, өдөр хоног алсрах бүрт өнөөх жижигхэн бие нь өсч торниж, аав ээж биднийгээ алмайруулах үйлдэл хийдэгсэн. Суух, мөлхөх, хөлд, хэлд орох, ход ход инээж, хоёр гуравхан үгээр хайраа “илчлэх” нь хамгаас хөөрхөн.

Охин үрийнхээ хийж буй анхны үйлдлүүдийг харах аз жаргалын дээд билээ.  “Ааваа, ээжээ” хэмээн  шулганан дуудах охин үрээсээ хүн болж төрсний утга учирыг мэдэрдэг. Өдрөөс өдөрт өсч томрох охин үрээ хүмүүний амьдралын хамгийн нандин бүхнийг “атгаж” төрсөн шидтэн шиг л боддог. 

Тиймээс л аавтайгаа амин зүрхээрээ, ээжтэйгээ хүйгээр холбогдож хүний орчлонд мэндэлсэн охин үрсийг хайрлаж, хамгаалж, тэдний эрхийг зөрчихгүй энэ хорвоо дээр эсэн мэнд амьдруулах эрхийг ирээдүйд илүү сайн хангамаар байна.

Сүүлийн жилүүдэд бага насны охидууд хүчирхийлэлд өртөн бие сэтгэлээрээ төдийгүй амь насаа алдсан харамсалтай хэргүүд шил шилээ даран гарах болсон. Сэтгэлдээ шархтай үлдсэн, хайртай охин үрээ хүчирхийлэлийн “шуурганд” алдсан ээж, аавуудын нулимс одоо ч хатаагүй гуниг харууслаар дүүрэн өдөр хоногийг өнгөрөөж байна.

“Охид сураггүй алга боллоо”... эх орны дөрвөн зүг, найман зовхист эрэл хайгуулын ажлыг зохион байгуулаад өнөөг хэрнэ олдохгүй учир битүүлэг хэргүүд ч ар араасаа гарсаар байна.

Тиймээс та бид Олон улсын охидын өдрөөр тэдний эрхийг ярьж, дуугараад өнгөрөх учиргүй. Өдөр бүр, цаг тутамд Үндсэн хуульд заасан аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхээр нь хангамаар байна. Эцэг эхчүүд ч мөн адил нүдний цөцгий мэт хайрлан өсгөж буй охин үрсдээ тавьдаг анхааралаа илүү их сайжруулж, хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж хэвшмээр байна.

Загнаж, зандрахдаа биш учирлаж, ойлгуулах замаар хүүхэдтэйгээ хүнлэг харьцмаар байна. Та бид охин үртэйгээ хэрхэн харьцана ирээдүйн эзэгтэй, ээж болох тэд тань шиг л хүн болно. Хүүхдийнхээ толь болсон эцэг эхчүүд бид л хүчирхийлэлгүй хүнлэг хайраар дүүрэн нийгмийг бүтээж чаддаг.