Нэг сумаар хоёр туулай буюу авлигын хэргийн нээлттэй хэлэлцүүлэх шийдэл!

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх Ажлын хэсгийн эрх зүйн дүгнэлттэй танилцах үеэр сайд Б.Энхбаяр 100 тэрбум төгрөгийн авлигатай холбоотой асуудлыг хөндөв. Агуулга нь нүүрсний хулгайд хамаарах. Өөрөө “Нээлттэй сонсгол”-ыг даргалсан хүний хувьд бусдаасаа төө илүү мэдээлэлтэй, дээрээс нь хуулийн салбарын бодлогыг зангидаж яваагийн тухайд Б.Энхбаяр сайдын хэлсэн үг хий хоосон биш гэдэг нь тодорхой учраас зориуд онцлоод байгаа хэрэг. 

Тэрбээр “Нүүрсчид Төрийг, хэвлэлийг, хуулийнхныг, иргэний нийгмийг, өрсөлдөгч намаа хүртэл худалдаж авсан байна. Авлигатай тэмцэхэд манлайлж байгаа хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж хуурай агсамнадаг болтлоо даварсан байна. Одоо хүртэл тодорхой болчихсон 100 тэрбум төгрөгийн авлигын асуудал нь яригдчихаад байгаа хэрэг дээр хуулийн байгууллага таг дүлий байгаад байна. Авлигачдаас өөрсдөөс нь мөнгө авдаг.

Мөнгө авч өрсөлдөгчийг намнах ажил хийж байгаа хүмүүс авлигачид өөрсдөө. Худалдаж аваагүй юу ч үлдээгүй. Иртэй байна, бяртай байна. Монгол Улсын Ерөнхий сайд МАН-ын дарга жагсаалын үеэр хүчин мөхөсдвөл би ард түмэнтэйгээ нэгдэнэ гэдэг үгийн учиг одоо ойлгогдож байна. Энэ үгэнд хоосон үг байгаагүй, сэтгэл хөдлөл байгаагүй, Авлигатай тэмцэх тэмцэл намын журмын нөхдүүдээсээ эхэлнэ гэдэг үг ч хоосон байгаагүй. Амаргүй гэдгийг өөрөө ойлгож байсан. Ерөнхий сайдын шударга ёсыг тогтооход хуулийн илд нь болно гэдэг үг өөрөө сэтгэл хөдлөл байгаагүй юм. Энэ бол ухамсартай ямар тэмцэл явах, ямар үр дүнд хүрэх гэж байгааг ойлгосон улс төрийн байр суурь байсан. Тийм учраас Ерөнхий сайдын энэ улс төрийн манлайлалд хүч өгч дэмжлэг үзүүлэх үүрэгтэй гэж ухамсарлаж ажиллаж байна.

Хуулийн сайдын хувьд байр сууриа тодорхой илэрхийлж байна. Тодорхой хэрэг маргаанд би хөндлөнгөөс оролцохгүй гэдэг. Оролцохгүй гэдэг нь нүдээ таглаад чихээ бөглөөд байгаа хэрэг биш. Нөлөөлөл үзүүлчих гээд байгаа учраас Үндсэн хуулийн зарчмаа баримтлаад байна гэсэн үг. Одоо болтол тодорхой болчихсон 100 тэрбумын авлигын асуудал нь яригдчихаад байгаа хэрэг дээр хуулийнхан таг дүлий байгаад байна. Ард түмнийг тэнэг мунхаг мартдаг гөлөг төөрүүлэх ажиллагаанд автдаг гэж бүү итгэ.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой, энэ хэрэгт холбогдсон нийтийн албан тушаалтны шүүх хурлаар орж байгаа хэргийг хаалттай хэлэлцэхгүй гэдэг ийм хуулийн өөрчлөлт ярьж байгаа. Шүүхийн ил тод байдал нээлттэй байдлыг хангах зорилгоор. Энэ бол шударга ёсыг нээлттэй байлгах гэж байна гэсэн үг. Нүүрсний сонсгол нь ил яваад шүүх хурал нь хаалттай явчихсан. Ингээд олны түмний дунд асуудал хардлага үүсгэчихэж байгаа юм. Юу болсон юм, шүүх дээр гэм буруугийн асуудал дээр ямар нотлох баримтууд яригдсан юм. Нөгөө хүмүүс нь гэмт хэрэг үйлдээгүй, хүн хэлмэгдүүлж байна гээд Төрийн ордноор шүгэл үлээгээд л, хэвлэлийн хурал хийгээд л. Тэр шүүх хурал дээр бол нэн тодорхой нотлогдсон асуудлууд яригдсан учраас ял авсан гэж би ойлгоод байгаа шүү дээ" гэжээ.

Анзаарсан бол авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдогч нь хэн байхаас үл хамаарч, шүүхийн процесс ил тод, нээлттэй явах өөрчлөлтийг хуульд шигтгэхээр болсныг Хуулийн сайд Б.Энхбаяр мэдэгдсэн нь энэ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, сайд, дарга нар ер нь хэн байх нь огт хамаагүй гэсэн үг. Авлигын хэрэгт холбогдсон нь үнэн, прокуророос яллагдагчаар татах үндэслэлтэй гэж үзсэн л бол хэргийг шүүхээр нээлттэй дэнслэх нь. Үндсэндээ шүүх хуралдаан хаалттай горимоор явж ирсэн уламжлалт байдлыг нээлттэй байдалд шилжүүлснээр авлига, албан тушаалын хэргийг ямар үндэслэлээр шийдвэрлэдэг, хэн нь хорих ял шийтгүүлдэг, хэн нь торгуулиад өнгөрдөг зэргээр хөшигний ард явдаг хамаг “тохироо” гэрэл цохих нь. Төрийн болон хувь хүний нууцад хамаарахгүй л бол хэнээс, хэрхэн, ямар замаар авлига авсныг нийгмээрээ нээлттэй харах боломж бүрдэх нь.

Үнэхээр гэм буруугүй бол тэрийгээ түмний өмнө нээлттэй нотлоод гараад ирэх нь мэдээж хэн бүхэнд нээлттэй. Шүүх хуралдааныг тодорхойгүй шалтгаанаар хойшлуулдаг, хэрэг наймаалцдаг, ял завшуулдаг гэсэн хардлага, шүүмжлэлийг ч үүгээр халах сайн талтай. Энгийн хэргийг гуравхан сарын дотор гурван шатны шүүхээр шийддэг атлаа авлигын дуулиант хэргийг зөвхөн анхны шатны шүүх нь долоон жил дарж, гацаадаг нь өнөөгийн шүүх засаглалын бодит төрх мөн үү? мөн! Үзэл бодлоо илэрхийлсэн залууст Төрийн төмөр нүүр харуулдаг мөртлөө авлигын хэрэгтнүүдийн даралт ихсэж, тулай нь сэдрэхэд улсаараа халаглаж, хүмүүнлэгийн байгууллага шиг эрхлүүлж, хаацайлдаг өнөөгийн бидний гашуун дүр зураг. Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачийг 20 саяар торгох нь бараг хэвийн үзэгдэл болсон нь авлигын эсрэг шийтгэл үү, эсвэл авлига авах нь зөв гэсэн урамшуулал уу? гэсэн эргэлзээ бас асуулттайгаар шүүхээс хариулт нэхэх болсоор удлаа. 

Хөгжлийн банк, нүүрс тэргүүтэй дараалсан “Нээлттэй сонсгол”-оор илчилж, ил тод болгосон албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий компанудад холбогдох хулгай, луйварт холбогдох хэргүүд түрүүчээсээ шүүхэд шилжсэн ч өнөөг хүртэл тоймтой, тодорхой шийдвэр, шийдэлд хүрч чадахгүй зогсонги байдалд шилжсэн нь ч нэгийг өгүүлэх шиг. Үүнийг зүгээр хараад суух нь эсвэл хэн нэгнийг нэр цохон шүүмжлэхээс илүүтэй хуулийн аргаар, өөрчлөлт, шинэтгэлээр тэмцэх нь илүү бодитой тусах нь ойлгомжтой. Тиймээс л шүүх байгууллагыг хараат бусаар ажиллуулах, шүүгчдийг шударга ёсонд нийцүүлэн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх Ерөнхий сайдын ээлжит нүүдэл нь Хуулийн сайдын хэлсэнчлэн авлига, албан тушаалын гэмт хэргийг нээлттэй хэлэлцүүлэх хуулийн өөрчлөлт байх бололтой. 

Магадгүй шүүх засаглалыг авлигач шүүгчдээс нь, тэднийг томилсон бүлэглэлээс нь хамгаалж, хараат бусаар ажиллуулах, шударга шүүгчдийг дэмжих нэг хөшүүрэг нь хуралдааныг бүхэлд нь нээлттэй явуулах шийдэл байж болох юм! Авлигын хэрэгт холбогдогчийн хэлэх үг, түүнийг нь дэнслэх шүүгчийн шийдвэр аль, аль нь нээлттэй байх нь эргээд хардлага, шүүмжлэл үүсэхээс сэргийлэх давуу талтай.  

Г.Эрхэс