Тэд явсан ч, тэр ирлээ

Цагтаа үндэсний бөх, жүдо, чөлөөт, буудлага, бокс гэсэн ТОП-4 спортыг дэмжиж ирсэн монголчуудад сүмо хэмээх шинэ нэр томъёо түүнийг сонирхох тойрон хүрээлэл бий болсон нь 13-16 жилийн өмнөх үйл явдал. Жилдээ нэг, олимпийн цикл бүрээр олон хоногийн турш телевизийн өмнө өнжүүлдэг, тэр хэрээрээ уядаг байсан дээрх үндэсний уламжлал болон ТОП спортын төрлүүд өдгөө ч бидний ой тоонд хадаатай хэвээр байна. Гэвч ээлж дараалан төрсөн олимпийн аваргуудын араас “Өглөөний хөх луу” хэмээх нэрээрээ Япон төдийгүй дэлхий нийтэд танигдсан сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн зодог тайлсан тэр он жилүүд монголчууд бидэнд дэндүү баярлаж, омогшихын хажуугаар гуниглаж бас хөндүүрлэх шалтгаан болж байлаа.

Түүнийг зодог тайлснаас хойш сүмо үзэгчдийн тоо мэдэгдэхүйц буурсан талаарх судалгаа, яриа хөөрөө өнөөг хүртэл явдаг ч “зулай даран” төрсөн Дархан аварга Ж.Мөнхбат агсны хүү Хакухо Даваажаргал иргэншлээ сольж, Японы нэрийн өмнөөс барилдахаар болсон нь саяхан.

Спорт гэдэг хэцүү. Ялангуяа мэргэжлийнх. Үүнийг тойрч биш дайрч буй тамирчдадаа монголчууд хайртай. Тэднээрээ бахархдаг.

Гэвч сүмогийн их аварга Хакухо Даваажаргалын араас Какүрюү М.Ананд мөн иргэншлээ солихоор болсон нь цөөхөн монголчуудын хувьд хачирхах, хатуурхах шалтгаан болсон юм. Нэгэнт сонгосон спортын замналаа нэр төртэй авч явах нь чухал.

Харин түүнийгээ дархалж, үлдээхийн тулд заавал тогтсон дэг журам, ёс жаягийг дагаж мөрдөхөөс өөр сонголт байдаггүй нь дэндүү хяслантай. Яг л ийм зарчим, замналаар  Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлж, Хакухо, Какүрюү нар иргэншлээ сольсон болов уу. Тэглээ гээд тэднийг буруутгаж боломгүй.

Яг ийм ээдрээтэй, асуулт дагуулсан цаг үед жүдо бөхийн дэлхийн аваргын алт, хүрэл медальт Ираны жүдоч Саид Моллаеи Монголын иргэншилтэй болсон талаарх мэдээлэл хурдацтай түгэж эхэллээ.

Олонхи мэдээллийн хэрэгслээр түүнийг Монголын иргэншилтэй болсон тухай бичиж, түгээж байгаагаас харахад лав оргүй мэдээ биш бололтой. Хэрвээ Саид Моллаеи Монголын иргэншилтэй болж, Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг нь ёсчилсон бол Чиндаод болох Мастерсын тэмцээнд Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах нь. Өмнө нь Олон улсын цагаачдын багийн бүрэлдэхүүнд барилддаг байсан тэрбээр өдгөө Монголын багт багтсаныг Олон улсын Жүдо бөхийн холбооны цахим хуудаст мэдээлсэн нь үүнийг нотолж байх шиг.

Саид Моллаеи нь -81 кг-ын жинд барилддаг бөгөөд жиндээ дэлхийд гуравт бичигддэг. Энэ жинд Монгол Улсын шигшээ багаас Отгонбаатарын Ууганбаатар 17-д, Нямсүрэнгийн Даваасүрэн 27-д эрэмблэгдэж байгаа юм. 

Гэхдээ энд ганцхан асуулт байна. Тэр нь Саид Моллаеийг Монгол Улс, түүнийг бүрдүүлж байгаа иргэд хэрхэн хүлээж авах вэ. 2002 онд Германы иргэншилтэй болсон буудлагын Д.Мөнхбаяр, 2016 онд жүдогийн Г.Отгонцэцэг магадгүй Хакухо Даваажаргал, Какүрюү М.Ананд нар "Иргэншлээ солилоо” гээд зүгээр нэг явчихаагүйг энд онцлоё. Энэ бүгдийн ард эх орон, энэ спортын төлөөх амьдралын амжилт, ялагдал гэсэн эрсдэлээ үүрч явдгийг бид олонтаа харсан, бичсэн, шүүмжилсэн.

Эцсийн дүндээ сайн муу, сөрөг бай ч бид түүний шийдвэрт хүндэтгэлтэй хандах нь чухал гэдгийг энд тодотгох гээд байгаа хэрэг. Тамирчин хүнд амжилт гаргах нь чухал, хамгийн нэгдүгээрт тавигдах шаардлага.

Гагцхүү түүнийгээ хэрэгжүүлэхэд дасгалжуулагч, цаашлаад тухайн улсын иргэдийн дэмжлэг хэрэгтэй. Ийм нэгэн зарчмын, эрсдэлийн хүрээнд тэрбээр иргэншлээ сольж Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахаар болж байна. Тусгаар улсыг төлөөлж, түүнийхээ өмнөөс бусадтай өрсөлдөж, Төрийн дууллыг нь эгшиглүүлнэ гэдэг баргийн тамирчнаас гарахааргүй тэсвэр хатуужил юм шүү.