Ж.Золжаргал: Төсөв шимж амьдардаг бизнес бүхий бүхэл бүтэн тогтолцоо бий боллоо
Бөөрөлжүүтийн цахилгаан станц барих төсөлд гарын үсэг зурлаа
Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан хувийн хэвшлийнхэн өчигдөр БНХАУ-ын талтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Хоёр улсын хооронд 8 баримт бичиг, аж ахуйн нэгж байгууллагын хооронд 10 гаруй баримт бичигт гарын үсэг зуржээ.
Монгол, Хятадын бизнес эрхлэгчид эрчим хүч, кокс, ган төмөрлөгийн үйлдвэр, төмөр зам, барилга, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Эдгээрийн нэг болох Төв аймагт байрлах Бөөрөлжүүтийн 300 мВт-ын цахилгаан станцын төсөлд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар гарын үсэг зурлаа. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн хөрөнгө оруулалт, ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг айлчлалын хүрээнд баталгаажуулсан нь энэ юм. Эрчим хүчний эх үүсвэр барихын тулд төрөөс төсөв гаргадаг байсан бол энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшил өөрөө хөрөнгө оруулалт татаж байгаагаараа онцлогтой.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц баригдсанаар төвийн бүсэд дутагдалтай байгаа эрчим хүчний хэрэглээг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Цахилгаан станц барих төслийн хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хамтад нь шийдвэрлэхээр төлөвлөөд байна.
Цахилгаан станцын бүтээн байгуулалтыг энэ онд эхлүүлж, 2.6 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нийт 600 орчим сая ам.долларын өртөг бүхий уг төслийн хүрээнд цахилгаан станцаас гадна төмөр зам, авто зам, эрчим хүчний шугам зэрэг дагалдах бүтээн байгуулалтыг өрнүүлэх юм.
Энэ талаар “БОДЬ ИНТЕРНЭШНЛ” ХХК-ийн захирал А.Амундрагаас тодрууллаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар “Бодь Интернэшнл” компани Бөөрөлжүүтийн талд хэрэгжүүлэх 300 мВт-ын цахилгаан станцын Хөрөнгө оруулалт болон Ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг дахин баталгаажуулж гэрээ байгууллаа. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн хувьд хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, энэ нь арилжааны төсөл бөгөөд хувийн хэвшил өөрөө олон улсын зах зээлээс мөнгө босгоод барьж байгуулна. Хоёрдугаарт, Монгол Улсын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангахад өндөр үүрэг гүйцэтгэх төсөл юм. Гуравдугаарт, эрчим хүчний нийцтэй байдлаараа энэхүү 300 мВт-ын цахилгаан станцын төсөл маш зохимжтой технологийн шийдэлтэй байгаа. Энэ онд цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дахь Бөөрөлжүүтийн талд эхлүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна.
ТЭЗҮ батлагдсаны дагуу нийт төслийн хөрөнгө оруулалт ойролцоогоор 600 орчим сая ам.доллар байхаар тооцоо бий. Цахилгаан станц байгуулахад дагалдах бүтээн байгуулалтын өртгийг энд оруулсан буюу төмөр зам, авто зам, эрчим хүчний шугам барихаар байгаа. Цахилгаан станцын өөрийнх төсөвт өртөг 420 сая орчим ам.доллар гэж төлөвлөсөн.