Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах галт тэрэг хөдөллөө!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “2023-2025 онд Монгол Улсын нэрийг дэлхийд өргөх жил байх болно. Зөвхөн аялал жуулчлалын хувьд ч биш эрх зүйн хувьд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална” хэмээн төв телевизээр байр сууриа илэрхийлснээс хойш яг нэг жилийн дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр бас нэгэн шуугиантай гэж хэлж болох мэдээллийг албан ёсоор хийлээ. Ингэхдээ Сүхбаатарын талбайн урд байрлалтай хотын төвийн А зэрэглэл бүхий 14,000 метр квадрат “Ayud tower” оффисын барилгыг БНХАУ-ын иргэнээс дээрэмдсэнийг шалгалтаар тогтоосныг мэдэгдэв. Үүнд нь Монголын хуулийн байгууллагын олон алба хаагч өөр хоорондоо үгсэн хуйвалдаж, гаднын 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьсан тус барилгыг нэр бүхий албан тушаалтны өмчлөлд шилжүүлснийг тогтоожээ. 

Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалт татах, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах үүднээс холбогдох хууль, эрх зүйн орчныг тодорхой шат дамжлагатайгаар шинэчилж, сайжруулах арга хэмжээг авсан нь хоёр жилийн өмнө. Энэ хүрээнд “Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулж, холбогдох санал, гомдлыг шийдвэрлэж эхэлсэн юм. Хөрөнгө оруулалт, худалдааны газрыг Эдийн засгийн хөгжлийн яамны бүтцэд шинээр нэмж байгуулсан нь ч өдгөө жил тойрох гэж байна.

Ийнхүү гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг агентлагийн түвшинд шийдвэрлэж эхэлснээр нэр бүхий албан тушаалтан, хуулийнханд холбогдох гомдол нэг бус удаа ирсэн нь “Ayud tower”-т хамаарах асуудал. Гомдлын дагуу Засгийн газрын хуралдаанаас гаргасан хоёр удаагийн тогтоолын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдад эл хэргийг эцэслэж, мухарлах үүргийг өгчээ. Хуулийн сайдын дэргэд байгуулсан Ажлын хэсгээс өнгөрсөн хугацаанд асуудлыг шалгаснаар илтгэх хуудас дүгнэлтээ танилцуулснаар олон ноцтой нөхцөл байдал ийн тогтоогджээ.  

Үндсэндээ тухайн өмчийн эзэн БНХАУ-ын иргэн гарын үсгээ зураагүй байхад нь хуурамчаар үйлдэж, нотариатаар баталгаажуулж, өмчлөлийг шилжүүлснийг Ажлын хэсгээс тогтоожээ. Хачирхалтай нь, эл үйлдэлд гар бие оролцсон нотариатч нь тухайн үедээ АНУ руу хил даван зугтаж, өнөөг хүртэл сураггүй алга болжээ. Хуульд зааснаар 11 шаардлага хангах ёстой байтал найм нь буюу дийлэнх нь албажаагүй байхад бүртгэл хийж, бусдын хөрөнгийг шилжүүлснээрээ Улсын бүртгэлийн байгууллагын ажилтнууд ч энэ хэрэгт холбогдож байгаа бололтой. Хамгийн хачирхалтай нь, дээрх асуудлаар Улсын бүртгэлийн байгууллагад олон удаагийн гомдол гаргасан ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нь битгий хэл татгалзсан хариу өгсөөр өнөөг хүрсэн байгаа юм.

Өөрөөр хэлбэл, бүртгэл, хуулийн байгууллагын албан тушаалтнуудын оролцоо бүхий зохион байгуулалттайгаар хотын төвийн А зэрэглэлийн 14,000 метр квадрат оффиссын барилгыг гаднын иргэнээс улаан цайм дээрэмдсэнийг 10 гаруй жилийн дараа Монголын Төр нь хүлээн зөвшөөрсөн нь энэ. Гадаадын хөрөнгө оруулагчид сонсоход ичгэвтэр хэрэг ч 10 гаруй жилийн өмнөх ханшаараа 10 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалттай асуудлын мөрөөр шалгалт явуулж, хууль бусаар өөрсдийн өмчлөлд шилжүүлснийг тогтоосон нь нэг талаар сайн мэдээ. Нөгөө талаар гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах галт тэрэг хөдөлсний дохио, бас хуулийн нэр нүүрээр далайлган бусдын өмч хөрөнгийг зохион байгуулалттайгаар дээрэмддэг, шилжүүлж авч ирсэн хэсэгт өгч буй сануулга. 

Санаж байгаа бол Монголын тагнуул, прокурор, Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлагад асан нэр бүхий албан тушаалтнууд Токиод байрлалтай томоохон барилгын компанийн эзнийг авчирч хөрөнгө оруулалт хийлгүүлчихээд удаа дараа сүрдүүлэх замаар газрыг нь булааж авсан асуудлыг өмнөх Хуулийн сайд Х.Нямбаатар мэдэгдэж байв. Уг хэрэг одоо хууль, шүүхийн шатандаа яваа. 

Английн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсоныг авчирч 20 гаруй сая ам.долларыг нь луйвардаад, мөн л хөөж гаргасан, үүнээс болж хоёр орны дипломат харилцаанд хүндрэл учирсан тохиолдол ч хоёр жилийн өмнө. Технологи нь өмнөхтэйгөө яг адилхан буюу гардан гүйцэтгэсэн хүн нь АНУ руу хил даваад зугтаачихсан, олддоггүй. Төртэй, хуультай, олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй бүхэл бүтэн тусгаар улс атлаа гадаадын хөрөнгө оруулагчдыг урьж авчирдаг, тэгээд түгжилддэг, өмч хөрөнгийг нь зохион байгуулалттай дээрэмддэг, түүнд нь цагдаа, прокурор, тагнуулын өндөр албан тушаалтнууд нь оролцоотой явдаг орон Монголоос өөр байна уу? гэвэл үгүй. Бараг байхгүй. 

Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт, оруулагчдын эрх ашгийг тусгайлан хамгаалж, холбогдох хууль, эрх зүйн орчноор хангах нь эцсийн дүндээ Монголд, Монголын ирээдүйд хэрэгтэй. Тэрэнд нь Төрийн оролцоо, хуулийн хамгаалалт чухал. Нэг гараараа хөрөнгө оруулагчдыг дэмжинэ гэчихээд нөгөө гараараа дээрэмдэж, тоноод, хөөж гаргаад байвал Монгол руу хэн ч зүглэхгүй. “Эрх зүйн хувьд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална” гэсэн Ерөнхий сайдын байр суурь, улс төрийн манлайлал элсэнд асгасан ус шиг замхарна. Ямартай ч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хэлсэнчлэн гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэж эхэлсэн нь гадна талд эерэг сигнал болох нь. Ганц “Ayud tower”-оор тогтохооргүй олон асуудал ил болох хүлээлт үүсгэж, итгэл төрүүлэх шалтгаан төрүүлэх учраас.

2024 оныг “GoMongolia” уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлэхээ албан ёсоор зарласан Монгол Улсад ч хэрэгтэй. “Зөвхөн аялал жуулчлалын хувьд ч биш эрх зүйн хувьд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална” гэсэн Ерөнхий сайдын байр суурь бодлого болж хэрэгжиж байгаа нь үнэн л юм бол шүү дээ!

Г.Эрхэс