Буруу бүхэн бусдын биш АН-ын буруу!

Хөгжлийн банкны хулгай илэрчээ, АН буруутай. Нүүрсний хулгайг илрүүллээ, АН л буруутай. Боловсролын сангаас зээл авсан хүмүүсийг ил болголоо, АН-ын дарга буруутай. Монголын ардчилал гажууджээ, Ардчилсан Нам буруутай. Тэгш бус байдал гаарч, газар авчээ, ардчилагчид л буруутай. Авлига Монголын зовлон боллоо, бас л тэдний буруу. Ерөөс өнгөрсөн 30 жилд гарсан алдаа бүрийн гол буруутан нь АН юм байна. Тэд байгаагүй бол, тэд л Төрд гараагүй бол, тэд л бодлого, шийдвэр гаргаагүй бол өнөөдөр Монгол Улс Азийн бар байтугай арслан болж хөгжих байжээ...

Ийм нэгэн агуулгаар бялхсан суртал ухуулга Ардын Намыг эрх барьсан найман жилд гаарав. Гаарав ч гэж, гаргаж, түгээх ганцхан зорилго тэдэнд бий. Тэр нь АН-аар халхавчлан ардчиллыг, чөлөөт зах зээлтэй нь залгих МАН-ын танил технологи. Угтаа бол Монголын улс төр, нийгмийн уур амьсгалд шуурга дэгдээсэн, иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн авлига, албан тушаалын хулгай хэзээ бий болов? гэдгээс асуудлын зангилааг хайх хэрэгтэй юм. Нээх ч холоос хайх хэрэггүй. Ардын Нам засагласан найман жилийн хугацаанд гарсан, бий болсон дүр зураг. 

Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцахаас эхэлсэн тэдний ашиг сонирхол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлаас хойш хурцдаж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулснаар эхэлсэн. Дараа нь “60 тэрбум”-ын гэх хэргийн автор М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгасан нь МАН-ынхан, өөрсдөө. Эрх мэдлийн хуваарилалт, албан тушаалын томилгоо нь өөрчлөгдсөнөөс биш МАН засагладгаараа засагласан. Энэ хооронд иргэдэд очих учиртай ЖДҮ-гийн зээлийг МАН-ын шошготой УИХ-ын гишүүд, тэндээс томилгоотой сайд, дарга нар хуйгаар нь хамсан нь ил болж, өөрсдөө ч эгдүүцэж, эсэргүүцэх шалтгаан болж байв. М.Энхболдыгоо “60 тэрбум”-ын хэрэгтэн гэж хочилсон тэд У.Хүрэлсүхийнхээ үед мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, ЖДҮ-ийн санг тоносон нь ийн илэрсэн ч хариуцлага тооцсон нь үгүй.

М.Энхболдыгоо л улс төрөөс зайлуулчихвал Монгол улс төрд нар мандах тухай сурталдаж явсан тэд “60 тэрбум”-ынхаа хэргийн зүсийг хувилгаж, ЖДҮ болгож тонолтоо үргэлжлүүлснээс өөрөөр иргэдийн амьдралд үүр цайгаагүй. Хуруу дарам хэдэн улстөрчөө дахин дэвшүүлэхгүй өнжөөх замаар нүглийн нүдийг гурилаар хуурсан МАН ЖДҮ-ээс гурван хувийн хүүтэй зээл авсан УИХ-ын гишүүд, сайд, дарга нараа бараг бүрэн бүрэлдэхүүнээр нь сонгуульд сойсноор 2020 онд үнэмлэхүй олонхиор улиран засагласан түүхтэй. Үүнийгээ “Хүчээ нэгтгэе” гэж тодорхойлсон. Үнэхээр ч тэд хүчээ нэгтгэсэн юм. Гэхдээ төсвөөс, тендерээс, банкнаас, нүүрснээс, Боловсрол тэргүүтэй сангуудыг тонож, хулгайлахад нэгтгэжээ гэвэл үнэнд илүү дөхөж очно. 

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш авлигатай тэмцэнэ, Ардын Намтай тэмцэнэ, анд, найз нөхөртэйгөө тэмцэнэ гэсэн уриаг улс төрийн гол амбийцаа болгосоор гурван жилийг үдлээ. Өнөөдөр Хөгжлийн банкнаас зээл авсан, нүүрс хулгайлж хөлжсөн, Боловсролын сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд мэргэжил дээшлүүлчихээд өнөөг хүртэл төлөлгүй явсаар хаалгасан улстөрчдийн хамаарал хаана, хэнд харьяалагдаж байна, Ардын Намаас л өдөлж байна. 

2016 оноос намынхаа “гал тогоо”-г зангидах эзэгтэйн үүрэгтэй явсан, одоо ч яваа Хэрэг эрхлэхийн дарга нь хүртэл ЖДҮ-ийн зээлдэгчээс нүүрсний хулгайч болсныг Ерөнхий сайдын “шударга ёсны илд” Хуулийн сайд нь “Нээлттэй сонсгол”-оор зарласан нь зүгээр ч нэг улс төр биш юм. 2016-2020 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд 800 саяаас тэрбум төгрөг хүртэл мөнгийг хөнгөлөлттэй зээл нэрийн дор хумсалдаг байсан тэдний ашиг сонирхлын төлөөс нь их наядаар хэмжигдэж эхэлсний л илрэл. Тэрбум төгрөг гэдэг чихрийн цаас, цайны мөнгө төдий болсны баталгаа. 

Ийм байхад бүх хулгайг АН-д нааж, бүх хууль бус үйлдлээ тэдэнд нялзайх нь МАН-ын явуургүй ойрын зайны улс төр гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Нийгэм өөрөө хэрсүү болохын хэрээр хулгайлж, хумсалсан болгоноос хариуцлага нэхдэг болсон нь үнэн л юм бол асуудлыг хаанаас, хэнээс нэхэхийг эндээс төвөггүйхэн ойлгож болохоор. Түүнээс буруу бүхэн бусдын биш АН-ын буруу гэж сурталдах нь хариуцлагыг өөрсдөөсөө бултуулж, булзайруулах гэсэн МАН-ын явуургүй улс төр юм.

Яг үнэндээ өнгөрсөн найман жилийн хугацаанд АН-ынхан, ардчилагчид хаана байв? Шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх нь байтугай гудамжинд лааз өшиглөж яваа л улс төрийн хүчин шүү дээ!

С.Очирхүү