У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэсэн
Нийслэлд зөвхөн дэмжлэг биш шууд оролцоо хэрэгтэй байжээ
Хуулийн сайд явсан Х.Нямбаатарыг хотын даргаар томилуулж, батламжлахдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг л зүйлийг онцолж мөн тодотгож байлаа. Тэр нь “Засгийн газар өнгөрсөн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод бүх асуудлыг даатган орхисон нь энэ бүх асуудал ужгирах суурь асуудал болсныг үгүйсгэхгүй ээ. Харин энэ удаа Засгийн газар хуулийн хүрээнд нийслэлийн тулгамдсан асуудалд зөвхөн дэмжлэг үзүүлэх биш шууд оролцож ажиллах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээх өгүүлбэр. Үүнийхээ дагуу ч тэд хоршиж, хамтарсан, “20 минутын хот” бодлогыг боловсруулж, хөрөнгө оруулалт татаж, хөрсөн дээр буулгахаар зорьсон нь Сэлбэ дэд төв. Угтаа бол эл төвийг дэд бүтэцжүүлэх замаар орон сууцны хороолол бүхий цогцолбор барих ажил аль 11 жилийн өмнө, 2014 оноос эхэлсэн түүхтэй.
Гэвч газар чөлөөлөлтөөс эхлээд бүтээн байгуулалтын ажил урагшлах нь битгий хэл таг гацаж, тэг зогссоор саяхныг хүрсэн юм. Уг нь төлөвлөгөө ёсоор, тухайн үеийн зураг төслийн хүрээнд явсан өнөөдөр Сэлбэ дэд төвийн орчимд сургууль, цэцэрлэг, соёл урлаг, ногоон байгууламж тэргүүтэй бүхий л асуудлыг шийдсэн шинэ суурьшлын бүс бий болох байв. Харамсалтай нь, дэд төв байгуулах бодлогыг дан ганц нийслэлд ацаглаж, хөрөнгө оруулалтаас эхлээд бүгдийг тэдэнд даатгаснаар бахь байдгаараа нэгэн аравныг үдсэн юм. Гагцхүү Засгийн газраас хуулийн хүрээнд нийслэлийн тулгамдсан асуудал бүрд зөвхөн дэмжлэг үзүүлэх гэхээсээ шууд оролцсоноор бодит үр дүн гарч эхэлснийг Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VIII хуралдаанд танилцуулсан мэдээллээс харж болохоор байна.
Үүгээр Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн ажил 68.8 хувьд хүрснийг нийслэлийн удирдлагууд дуулгажээ. Улмаар орон сууцжуулах ажлыг дөрвөн багцад хувааж, 1, 2-р багцын ажлын тендерийг зарласан байна. Энэ долоо хоногт багтааж 3, 4-р багцын тендерийг зарлахаар төлөвлөжээ. Сэлбэ дэд төв нь 10,068 айлын орон сууц бүхий сургууль цэцэрлэг эмнэлэг зэрэг иж бүрэн төлөвлөгдсөн анхны 20 минутын жишиг хот болох юм. Үүнээс 1, 2-р багцын орон сууцжуулалтыг 2027 онд багтаан дуусгана. Сонирхолтой нь, газар чөлөөлөлтийг эрчимтэй явуулснаар тус бүс нутагт агаарын бохирдол 22.1 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Үндсэндээ газар чөлөөлт 100 хувьд хүрсэн тохиолдолд Сэлбэ дэд төв орчимд агаарын бохирдлын хэмжээ мэдэгдэхүйц түвшинд буурна гэсэн үг.
Нийтдээ 158 га газрыг хамрах энэхүү бүтээн байгуулалтын 40 хувь нь ногоон байгууламж байна гэж тооцвол Улаанбаатарын агаарын бохирдлын үзүүлэлт ч энэ хэмжээгээр буурч таарна. Гэдэг нь Сэлбэ дэд төвийг бүрэн ашиглалтад оруулснаар Чингэлтэй, Хайлааст, Таван буудал, Дарь-Эх, Дамбадаржаа орчмын айлуудтай газраа байраар солих арилжааны хэлэлцээр хийх юм. Өөрөөр хэлбэл, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг дуусгаж, албан ёсоор жишиг хот болгосноор ДНБ-ий хэмжээ 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 25.295 ажлын байр шинээр бий болох тооцоолол бий. Цаашлаад агаарын бохирдол 22 хувь, авто замын түгжрэл 36.3 хувиар буурахыг албаныхан хэлж байгаа юм. Үндсэндээ утаа, түгжрэл тэргүүтэй нийслэлд тулгамдсан олон арван асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газрын түвшинд дэмжлэг үзүүлээд өнгөрөх биш шууд оролцоо амь тариа мэт хэрэгтэй байсны бодит хариултыг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрын хоршлоор "өлгийдөж" буй Сэлбэ дэд төвөөс харж болох нь.
Г.Эрхэс








