Тарифын бус хориг саадыг багасгахыг сануулав

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Худалдааны түр хэлэлцээр байгуулахад Засгийн газрын ажил хариуцсан сайд нар хариуцлагатай ажиллахыг санууллаа. Тэрбээр, УИХ гишүүдийн хэлсэн саналыг тусган хэлэлцээрийг сайжруулахад анхаарч ажиллахыг анхааруулаад, хөдөө аж ахуйн салбар болон хүнсний хангамж, дотоодын үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах асуудалд УИХ-ын гишүүд санаа зовниж буйг сануулсан юм.

Дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудын хөдөлмөрийг үнэгүйдүүлэх ёсгүйг тэрбээр тэмдэглээд, харилцан ашигтай байж, экспорт нэмэгдэх нь зарчмын асуудал гэдгийг онцолсон. УИХ-ын гишүүд эрсдэлийн үнэлгээ, хөндлөнгийн судалгаа хийх, бусад улс орнуудын туршлагыг судалж, харилцан ашигтай байх асуудлыг хөндөж байгааг анхаарч үзэх саналтай байгааг дурдаад, тарифын бус хориг саадыг багасгах, худалдааг хөнгөвчлөх асуудлыг хэлэлцээрт тусгах асуудлыг судалж үзэхийг сануулсан юм.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшөөрч гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжлээ.