"Энэ асуудлыг онцгойлон анхаарч, хүүхдээ шаардлагатай"
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал” сэдэвт тавдугаар бүлгийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан танилцуулга хийв.
Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн өсөлт хурдацтай байгааг мэдээлээд сүүлийн 5 жилийн тогтмол өссөн гэдгийг анхааруулж байсан. Тэр дундаа 14 насанд хүрээгүй буюу бага насны хүүхэд хохирогч болж байгаа тохиолдол олон байгаад нийтээрээ анхаарал хандуулж, тус бүрдээ дүгнэлт хийн анхаарал хандуулж, арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна гэв. Ядуурал, ажилгүйдэл, ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн тогтворгүй байдал, сургууль завсардалт, эцэг, эхийн хайр, халамж, анхаарал дутах, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгчдийн таагүй харилцаа, найз нөхдийн сөрөг нөлөө, хяналтгүй, цахим хэрэглээ, бэлгийн гаж зан үйлтэй холбоотой этгээдүүдэд тавих хяналт сул байгаа зэрэг нь энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан болж байгаа хэмээх дүгнэлтийг Комисс гаргажээ. Тиймээс энэ асуудлыг онцгойлон анхаарч, хүүхэд багачуудаа хамгаалах хэрэгцээ шаардлага байна гэлээ. Энэ хүрээнд бэлгийн бойжилт эрт эхэлж байгаа асуудлыг анхаарах, үүнтэй холбоотой үүсэж байгаа нөхцөл байдлыг анхаарах шаардлагын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Насанд хүрээгүй хүүхэд, ялангуяа бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах ажлын хүрээнд бэлгийн боловсрол, өөрийгөө болон бусдыг хүчирхийлэл гэмт хэргээс хамгаалах мэдлэг, чадавхыг эрт буюу 12 наснаас нь олгож эхлэх шаардлагатай талаарх дүгнэлтийг танилцуулсан. Энэ бүлгийн сэдвийн хүрээнд онцгойлон анхаарах шаардлагатай удаах сэдвийг Комиссын гишүүн Ж.Хунан тэмдэглэсэн. Бага насны хүүхдийн бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн сэдэл бүхий бэлгийн гаж зан үйлийн талаарх зохицуулалтыг оновчтой, үр нөлөөтэй болгох хэрэгцээ шаардлагын талаар танилцууллаа. Энэ төрлийн эмгэгийг оношлох, тохирсон эмчилгээ хийх, тэдгээрийг бүртгэлжүүлж, байнгын хяналт тавих тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай гэлээ.
Бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгааг таслан зогсоох, илрүүлэх ажил учир дутагдалтай байгаа ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүүхдэд ээлгүй байгаатай холбоотой гэж үзсэн байна. Энэ хүрээнд Комисс шийдвэрлэгдсэн 40 хэрэгт дүн шинжилгээ хийгээд мэдүүлэг авах ажиллагаа нь хохирогч хүүхдийг залхаан цээрлүүлэх хэлбэрээр явагддаг учраас энэ талаар гомдол гаргадаггүй, хуулийн байгууллагад ханддаггүй, гомдол, хүсэлт, мэдээллээсээ татгалздаг байж болзошгүй хэмээн дүгнэсэн байна.
Мөн мэдүүлэг авч байгаа алба хаагчийн хүйсийн байдал, асуултууд, дахин дахин мэдүүлэг авах, 2 цагаас илүү хугацаатай мэдүүлэг авах, хариуцсан мэргэжилтэн солигдох зэрэг нь хохирогч хүүхдийг сэтгэл зүйн хүнд байдалд оруулж, улмаар үнэн бодитой мэдээллийг өгөхгүй байх тэргүүтэй олон сөрөг үр дагавар гарч байгаа хэмээн үзэж, энэ чиглэлээрх олон улсын байгууллагуудын зөвлөмж, аргачлалыг нэвтрүүлэх шаардлагатай гэлээ. Мөн хэрэг хянан шийдэх ажиллагааны явцад хохирогч хүүхэд хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж чадахгүй, хохирлоо барагдуулж чадахгүй байгаа нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, эдгээр нөхцөл байдал, тоо баримтыг үндэслэж 9 санал гаргасныг нэгбүрчлэн танилцуулсан юм.



