П.Сайнзориг: Хүний эрхийн асуудал зөвхөн Хууль зүйн байнгын хорооны асуудал биш
Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг сонсож, хэлэлцлээ. Илтгэлийн талаарх танилцуулгыг Хүний эрхийн үндэсний Комисс (ХЭҮК)-ын дарга Д.Сүнжид хийв. ХЭҮК илтгэлийг 2024 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, иргэдийн гомдол, мэдээлэл болон хяналт шалгалтын ажлын үр дүн, төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын албан ёсны тайлан мэдээлэл, бусад эх сурвалжид үндэслэн зургаан бүлгийн хүрээнд боловсруулж, Монгол Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар 45 саналын хамт ирүүлсэн байна.
Монгол Улсын төрөөс хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалахаар баталгаажуулж, холбогдох хууль тогтоомжид хуульчилсан хэдий ч хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байгаа тул бодитой арга хэмжээг хойшлуулшгүй авах шаардлагатайг ХЭҮК-ын дарга илтгэлийнхээ эхэнд онцолсон юм. Тэрбээр, Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын механизмуудаас энэ асуудалд онцгой ач холбогдол өгч, нэн тэргүүнд анхаарахыг зөвлөж буйг дурдан, ХЭҮК-оос үүнд дүгнэлт өгч, цаашид авах арга хэмжээний талаар есөн санал дэвшүүлж буйг танилцуулсан юм. Түүнчлэн 2024 оны Монгол Улсын Их Хурал болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үйл явцад дүгнэлт хийж долоо, хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн нөхцөл байдлын судалгааны үр дүн тулгуурлан тэдний аюулгүй байдал, хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломж, баталгааг нэмэгдүүлэхэд чиглэсэн мөн долоо, мэдээлэл, өгөгдлийг их хэмжээгээр цуглуулж, боловсруулах горимоор ажилладаг цахим технологиуд хүний эрх, эрх чөлөөнд ноцтой эрсдэл дагуулж буй талаар найм, мөн цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлийг бууруулах асуудлаар дөрөв, шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийг хангах талаар 10 санал дэвшүүлсэн байна.
Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулахдаа дээрх зургаан бүлэг сэдвийг хураангуйлан дурдаад, Байнгын хорооны хуралдаанаар сэдэв тус бүрийг нэг бүрчлэн хэлэлцсэн тухай тэмдэглэв. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг мөрдөн байцаах, прокурор, шүүх зэрэг хууль хяналтын байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний эрхийг зөрчиж буй эсэх асуудлыг тодорхойлж, эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, магадлангаар оруулах процессын тэгш, шударга байдлыг хэрхэн хангах талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара Засгийн газраас хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа асуудлыг шийдвэрлэхэд зарцуулсан төсвийн үр дүн, хүүхэд хамгааллын төсөв нэмэгдэж байгаа боловч үр дүнтэй арга хэмжээ авах боломж хязгаарлагдмал хэвээр байгаагийн шалтгаан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилт, сэтгүүлчдийн эрхийг хамгаалах асуудалд ХЭҮК хэрхэн анхаарч буйг болон өргөдөл, гомдолын дүн мэдээ, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Үндсэн хуульд 2019 онд оруулсан Улсын Их Хурлын сонгуультай холбоотой өөрчлөлтийн талаарх тус Комиссын байр суурийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдпын талаарх 21, 22, 23 дугаар илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлаас баталсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилт, эдгээр шийдвэрийн биелэлт хангалтгүй байгаа тохиолдолд илтгэл, тайланг боловсруулах үр ашиг, ач холбогдпыг хэрхэн үнэлэх, мөн шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд ахиц гаргахын тулд ямар арга хэмжээ авсан, салбарын холбогдох байгууллагууд сургалт, сурталчилгааны чиглэлээр хэрхэн хамтран ажиллаж байгаа болон тухайн байгууллагуудын ажилтнуудын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголт нь ямар түвшинд байгаа талаар асуулт асууж, хариулт авсан байна.
Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хүний эрхийн асуудал зөвхөн Хууль зүйн байнгын хорооны асуудал биш бөгөөд парламент цаашид ямар асуудлаар бодлогын шийдвэр гаргах, ямар асуудлаар зохион байгуулалтын арга хэмжээ авч төрийн бусад байгууллагыг чиглүүлэн ажиллах зэрэгт анхаарах, мөн хүний эрхийг хангах нь удаан хугацаанд үргэлжпэх процессын шинжтэй үйл явц учир түүнд зарцуулах төсөв, хөрөнгө нэг удаагийн шинжтэй бус, ямар давтамжтайгаар төрийн бодлого шийдвэрийг үргэлжлүүлэхээс хамаарах тул илтгэлд тусгасан саналуудыг бодлогын шийдвэр гаргах, зохион байгуулалтын арга хэмжээ авах, төсөв санхүү хүрэлцээгүйгээс шалтгаалж хүндрэлтэй байгаа зэргээр ангилж, тодорхой тусгах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Мөн тэрбээр, сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилттэй холбоотойгоор үүсэж буй болон цаашид үүсэж болзошгүй хүний эрхийн зөрчил, эрсдэлийг илтгэлдээ тусгасныг сайшааж, Үндсэн хуулийн цэц (ҮХЦ) дээр үүсээд байгаа сонгуултай холбоотой маргаануудыг холбогдох Байнгын хороодоор хэлэлцэж, шаардлагатай бол ажлын хэсэг байгуулан ажиллах, технологиос хүнээ хамгаалах бус технологи ба хүний эрхийн тэнцвэртэй байдлыг хангах, технологи эзэмшигчийн хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэгт анхаарах шаардлагатайг дурджээ.



