ААН байгууллагын төлөөлөл, холбоодын удирдлагуудын саналыг сонслоо

Тээвэр, логистикийн нэгдсэн төвийг Хүннү хотод шинээр барих ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ААН, холбоодтой санал солилцох уулзалтуудыг үе шаттай зохион байгуулж байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрөөр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг тухайн ААН-үүдийн үйлдвэр, терминалтай танилцсан. Харин нийслэлд тээвэр логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагын удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо. Тээвэр логистикийн чиглэлийн ААН, байгууллагын удирдлагууд өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хувийн терминалтай 10 гаруй, тээвэр, логистикийн үйлчилгээ үзүүлдэг 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буйг онцоллоо.

Өнөөдөр Улаанбаатар тээвэр логистикийн хувьд үр ашиг, бүтээмж багатай, ажиллагаа ихтэй. Төмөр замын өртөөн дээр ирсэн чингэлгүүдийг гар аргаар ангилан ялгаж, 10 терминал руу цөөн тооны вагоноор түгээдэг. Нэг чингэлэгт ногдох зардал өндөр. 10 терминал бүрийн тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар ашигладаггүй. Терминалууд дээр буусан ачааны 40 орчим хувийг эргэж орон нутагт түгээдэг. Логистик компани бүр өөрийн талбайтай болох хүсэлтэй боловч нийслэлд зай талбай байхгүй. Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулагдсанаар эдгээр асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой юм.