Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд парламент анхаарна
НӨАТ-ыг шаталсан хэлбэрээр 100 хүртэл хувиар буцаан олгоно
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дараах үндсэн зорилгод нийцүүлж боловсрууллаа. Үүнд:
1. Иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулж, бодит орлогыг хамгаалах, Нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг олон улсын чиг хандлага, зарчимд нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй болгох замаар иргэдийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг шаталсан хэлбэрээр 100 хүртэл хувиар буцаан олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.
2. Бизнесийн идэвхжилийг дэмжих, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа тэлэх боломжийг олгох,Аж ахуйн нэгжүүдийн мөнгөн хөрөнгийн хомсдол, эргэлтийн хөрөнгийн дарамтыг бууруулж, бүх нийтээрээ тэгш шударга төлж, бизнес эрхлэхэд нэмэлт дарамт болдоггүй байх нөхцөлийг бүрдүүлсэн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгав.
Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтын хүрээнд ажилчдын хөгжил, хүний нөөцийн бодлогыг дэмжих, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад татварын тодорхой дэмжлэг үзүүлнэ.
Гадаадын хөрөнгө оруулагчдын татварын орчныг илүү таатай болгож хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, татварын орчныг өрсөлдөхүйц болгоно. Аж ахуйн нэгжүүд гадаадын хөрөнгө оруулалтыг илүү хялбар, зардал багатайгаар татах боломжтой болсноор улс орны нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх, эдийн засгийн идэвхжил өсөхөд хувь нэмэр оруулна.
Татварын хуулийн шинэчлэл нь бизнес эрхлэгчдэд тулгарч буй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэж, аж ахуйн нэгжүүдийн мөнгөн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн дарамтыг бууруулж, бизнесийн идэвхжих, тэлэх бололцоог ханган, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.
Цаашид хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан системийг нэвтрүүлснээр татвар төлөгчид шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй авч, татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхтэй холбоотой асуудлуудыг урьдчилан шийдвэрлэж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа, нийгэм, эдийн засагт эергээр нөлөө үзүүлнэ гэж үзлээ.
Иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, бодит орлого өсөх, худалдан авах чадвар нэмэгдэх, өрхийн амьжиргаа дээшлэх, бүс орон нутаг бие даасан, өрсөлдөхүйц, ялгаатай татварын бодлого хэрэгжүүлэх, татвар төлөгчдийн татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхтэй холбоотой зардал буурах зэрэг эерэг үр дагавартай байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.
“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод “Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлж, дундаж давхаргыг бүрдүүлнэ”, “Хүн амын худалдан авах чадварт нийцсэн, ногоон шийдэл бүхий чанартай орон сууцны хүрэлцээ, хангамжийг сайжруулна” гэж, “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дунджаар зургаан хувьд хадгалж, нэг хүнд ногдох үндэсний орлогыг хоёр дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний оролцооны түвшнийг 65 хувьд хүргэнэ гэж тус тус заасан.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан "Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т татвар, нийгмийн даатгалын шинэчлэл хийхээр заасан. Энэ хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууц барих, худалдан авахад дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах, татварын дэмжлэгүүдийг оновчтой болгож, цахим татварын тогтолцоог сайжруулах, бүс, орон нутагт ялгаатай татварын бодлого хэрэгжүүлэх зэрэг зорилтуудыг тусгасан.
Дээрх зорилтыг хэрэгжүүлэх, иргэн, өрхийн бодит орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч буйг харгалзан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.
Хуулийн төсөлд дараах үндсэн чиглэлийг баримталж, холбогдох зохицуулалтыг тусгасан. Үүнд:
· Иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, бүх нийтээрээ тэгш шударга татвараа төлөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
· Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалтыг татварын бодлогоор дэмжинэ.
· Татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулж, үүсэж болзошгүй татварын эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.
Хуулийн төсөл батлагдсанаар, иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, тэдний бодит орлого өсөх, худалдан авах чадвар нэмэгдэх, өрхийн амьжиргаа дээшлэх, бүс орон нутаг бие даасан, өрсөлдөхүйц, ялгаатай татварын бодлого хэрэгжүүлэх, татвар төлөгчдийн татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхтэй холбоотой зардал буурах зэрэг эерэг үр дагавартай байна.



