Т.Даваадалай: 3, 4 дүгээр багц тендерийг үндэсний компаниудын хүсэлтэд нийцүүлэн тав хувааж зарлана
П.Сайнзориг: Иргэдэд үнэнийг хэлэх ёстой
УИХ-ын гишүүн П.Сайнзоригтой ярилцлаа.
ДЭД САЙД БОЛ ХУУЛЬД БАЙГАА АЛБАН ТУШААЛ
-Монголын улс төрийн уур амьсгал өнгөрсөн сар гаруйн хугацаанд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулж, Г.Занданшатарыг тохоон томилоход чиглэлээ. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх заалтыг “амь орууллаа” гэж ярих хэсэг байхад, эсрэгээрээ энэхүү үйл явдал дотоод, гадаад талдаа том доргилт үүсгэлээ гэх зарим нь байна. Бодит үнэн гэвэл АН-ын оролцоогүйгээр Ардын Намынхан Ерөнхий сайдаа огцрууллаа шүү дээ?
-Тодорхой бодлогын асуудлаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг Монголын парламентын түүхэнд хоёр дахь удаагаа хийлээ. Ерөнхий сайдын зүгээс асуудлаа оруулж ирсэн, УИХ түүнд нь итгэл хүлээлгэхгүй гэж шийдсэн. Тэр дагуу Ерөнхий сайдыг огцруулсанд тооцож, дараагийн Засгийн газрын тэргүүнийг томилсноор үйл ажиллагаагаа жигдрүүлээд явж байна.
-Үндсэндээ Ардын Нам доторх 1970, 1980-аад оныхны хооронд эрх мэдлийн хуваарилалтын зөрчил явсан нь өнөөдрийн дүр зургийг бий болгосон юм биш үү?
-Би бол тэрийг хэлж мэдэхгүй. Миний хувьд анхнаасаа парламентад байдаг зарчим ярьж ирсэн. Одоо ч ярьж байна. Илүү түргэн шуурхай, хариуцлагатай байя гэдгийг хэлж байгаа.
-Гэхдээ энэ хооронд Төрийн ажил гацаанд орлоо шүү дээ. Уг нь Төрийн ажил тасралтгүй, тогтвортой явагдах ёстой гэсэн зарчимтай…?
-Яамдын ажил цалгардсан тохиолдол гарлаа. Эдийн засгийн нөхцөл байдалд хүнд байдалд шилжлээ. Улсын төсвийн орлого их хэмжээгээр тасарлаа. Гадаад орчин дахь нөхцөл байдал амаргүй байна. Бүс нутгийн хэмжээнд дайн, мөргөлдөөн үл ойлголцлын хэмжээнд хүрсэн нь том зургаараа харагдаж байна. Ийм үед ажлаа шуурхайлах нь зөв. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг ч эцэслэн батлах төлөвтэй байна.
-Хуулийн өөрчлөлтөөр Дэд сайдын албан тушаалыг сэргээх тухай яриа бий?
-Дэд сайдууд одоо ч байгаа. Хуульдаа байгаа албан тушаал.
-Сэргээх эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал гэсэн үг үү?
-Тийм ээ. Ерөнхий сайд буюу Засгийн газрын кабинетын бүрэн эрх. Ер нь хуульд байхгүй хяналтын, бүтээмжийн менежер гэж байхаар тодорхой асуудлыг Дэд сайдад хариуцуулах боломжтой. Бусад оронд Дэд сайдын зөвлөл гэж байдаг. Аливаа хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахаас өмнө тэрхүү Зөвлөлөөр хэлэлцэж, санал шүүмжээ ордог. Бид Дэд сайд, орлогч сайд гэсэн хоёр өөр ойлголтыг хольж яриад байгаа юм.
Жишээ нь, манайхаар бол чиг үүргийн яамдад сайдаас гадна дэд болон орлогч сайд байх тохиолдол байдаг. Бусад улсад "super ministry" гэж ойлголт байдаг. Бүгд өөр өөрийн статус, чиг үүрэгтэй. Харин манайд орлогч сайдын статусыг хараахан бүрэн тодорхойлж гаргаж ирж чадаагүй яваа. Гэхдээ Дэд сайд гэдэг өнөөдрийн хуульд байгаа албан тушаал.
-Ерөнхий сайдын хувьд цомхон Төрийг бий болгоно. Төр бүсээ чангална гэдэг агуулгыг нэг бус удаа хөндсөн. Гэхдээ энэ нь тийм ч шинэ, содон санаачилга бол биш?
-Төрийн алба данхайсан асуудал бий юу гэвэл бий. Үүнийг шийдэхийн тулд түрүүн хэлсэнчлэн хуульд байхгүй албан тушаалуудыг нэгдүгээрт, цомхотгох хэрэгтэй. Хоёрдугаарт, чиг үүргийн тооллогоо хийж, давхардлаа арилгах ёстой. Нэг институц, нэг яам аваад явах боломжтой асуудалд Зөвлөл, Үндэсний хороо байгуулах шаардлагагүй. Яг үнэнийг хэлэхэд Төрийн алба данхайсан асуудал зарим шалтгаантай. Тухайлбал, хүн ам өсөхийн хэрээр шинээр суурин газар, хороо байхын хэрээр цагдаа, багш, эмч нарын орон тоо бий болдог. Үүн рүү ерөөсөө халдаж болохгүй. Ерөнхий сайд өөрөө ч хэлсэн, энэ чиглэл рүү цомхотгол явуулахгүй гэж. Тиймээс бусад хэсэгт давхцаж байгаа чиг үүргийг арилгах, удирдах албан тушаалтнуудад анхаарах юм байна гэсэн ойлголттой байна.
-Таны хувьд хяналт, бүтээмжийн менежерийн орон тоог халж, оронд нь Дэд сайдын албан тушаал байх боломжтой гэж үзэж байгаа юм байна, зөв үү?
-Төрийн бүтээмжийн менежер нэрийн дор энд, тэнд компаниудад орон тоо гаргасан. Уг нь бүтээмжтэй ажиллаарай гээд тухайн компанийн гүйцэтгэх захирлыг ТУЗ-өөс томилдог. Зөрүүлээд хяналтаа тавиарай гэж ТУЗ-ийг тавьдаг. Хуульд байхгүй албан тушаалын хуваарилалт маягтай орон тоо байх шаардлагагүй гэсэн үг. Тэгэхээр Засгийн газар хурдтай ажиллах үүднээс зарим салбарт Дэд сайдыг томилох боломжтой.
Хэдийгээр Дэд сайд нарт шүүмжлэлтэй ханддаг ч практик дээр ажил нугалдаг. Гадагшаа, дотогшоо томилолтоор явах, салбарын уулзалт, зөвлөгөөнд оролцох үе сайд хүнд бишгүй. Парламентад асуудлаа танилцуулах ажил гарна шүү дээ. Гэхдээ энэ бол цэвэр Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал учраас үүнээс цааш ярих боломжгүй. Хуулиар Дэд сайдын албан тушаал нээлттэй.
-Гол асуудал нь Дэд сайдын орон тоог сэргээхийн ард албан тушаалгүй үлдсэн хэсэгтээ “бялууны зүсэм” хүртээх нь гэсэн хардлага явах нь тодорхой?
-Эцсийн дүндээ хэмнэнэ гэж байгаад бусад ажил удаашрах тохиолдол байна. Хоёрдугаарт, энэ албан тушаалд томилохгүй гэж ярьчихаад өөр нэршлээр орон тоо бий болгохоор тэр нь 400-500 болсон шүү дээ. Эрх биш энэхүү ялгаа заагаа харах байх аа.
ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД БОДЛОГЫГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ
-“Хяналтын менежерүүдийг халах гэвэл Ерөнхий сайдын арьсыг нь өвчинө” гэдгээ АН-ын дарга Л.Гантөмөр мэдэгдсэн...
-Ямар агуулгаар хэлснийг нь мэдэхгүй. Арьс өвчинө гэдэг чинь бараг заналхийлэл. Үнэхээр хуульд нийцээгүй бол тэрийг цэгцэлж, шийдэх л ёстой. Төрийн албанд зохих шалгалтаа өгөөд орж ирсэн албан хаагчид руу ерөөсөө халдаж болохгүй. Манайд нэг асуудал байдаг. Төрийн албан хаагчдыг томилогдсон он цагаар нь МАН-ынх, АН-ынх гэж үздэг. Үнэхээр шалгуураа давж байгаа бол Монгол Улсын иргэн хэнбугай ч ажиллаж болно, нээлттэй. Харин илэрхий улстөрждөг, ажил явуулдаггүй, хуульд байхгүй, түүнийг зөрчиж орж ирсэн нь чөлөөлөгдөх ёстой. Төрийн өмчит компаниудад ч мөн адилхан.
Төрийн 120 гаруй, орон нутгийн өмчит 400, 500 орчим компани байна. Тэр хэрээр Төр данхайж байгаа асуудал бий. Эцсийн дүндээ ард түмний өмч. Үр ашигтай менежмент хийж, түүнд хариуцуулсан баялгийг эдийн засгийн зөв эргэлтэд оруулж, ногдол ашгийн журмаар Баялгийн сан, улсын төсөвт орлого орж байх ёстой юм. Түүнээс хэдэн хүнийг ажил, албатай байлгахын тулд юм биш. Тиймээс үнэхээр цэгцлэх ёстой юм байвал цэгцлээсэй гэж хүсч байна.
Шинэ Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Төрийн өмчит компаниудыг 50 хүртэлх хувиар цомхотгоно гэснийг бүрэн дэмжинэ. Ялангуяа УИХ дээрх галыг нь авч ажиллана гэсэн бодолтой байна.
-Ерөнхий сайдын үг биеллээ олох эсэх нь эргэлзээтэй л санагдаж байна. Яагаад гэхээр Төрийн өмчит компаниудыг татан буулгаж, нэгтгэх замаар цомхон бүтэцтэй болгох асуудлыг олон жил ярьж байгаа ч бодит хөрсөн дээрээ бууж чадахгүй өнөөдрийг хүрсэн нь нууц биш. Дээрээс нь хамгийн их лобби явдаг бүтэц болсон шүү дээ. Хуулийн төслийг УИХ руу орууллаа гэхэд дэмжлэг хүлээж чадах уу?
-Зайлшгүй явуулна. Хамгийн анх боловсруулсан хүн нь би. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Хуулийн сайд байхдаа УИХ-д өргөн мэдүүлсэн. Дэгийн тухай хуулиар шинэ парламентад бүрдсэн учраас бүх хуулийн төсөл буцаагдсан. Харин Н.Учрал сайд өргөн барьсан. Өөрөө ч бодлогоо үргэлжлүүлнэ гэсэн. Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт тууштай байхаа илэрхийлсэн. УИХ талдаа туршлагатай, гал барьж чадах Б.Энхбаяр гишүүн Ажлын хэсгийг ахалж байна. Миний бие багтсан. Шинэ Ерөнхий сайд бодлогоо тууштай хэлж байгаа учраас дэмжиж ажиллана.
Дотоодын нийт бүтээгдэхүүнд хувийн хэвшлийн эзлэх орон зай 2000 оны эхээр 80 хувь хүртэл өсч байсан. Энэхүү үзүүлэлт буурч явсаар өнөөдөр байршил нь өөрчлөгдөөд Төрийн өмчийн оролцоо 70 хувиас дээш явж байна. Хувийн хэвшилд бизнесийн орон зай гаргаж өгөхийн тулд Төрийн өмчийн компаниудыг цэгцлэх шаардлагатай. Хувийн хэвшил илүү бүтээмжтэй ажиллаж байж ажлын байр бий болно. Татварын бааз суурийг өргөтгөнө. Илүү бүтээмжтэй, хэмнэлттэй зардлыг бий болгоно. Магадгүй Монгол залуус ажлын дадлагад сурна. Тэгж байж хувийн хэвшилдээ итгэнэ.
Төрийн өмчит компаниуд оршихын хэрээр тэнд авлигал цэцэглэж байгаа. Улс төрийн намын санхүүжилт цэгцэрнэ. Төрийн өмчит компанийн реформ гэдэг улс төрийн санхүүжилтийн хувьд шинэ хуудас нээнэ. Авлигатай бодит байдлаар тэмцэнэ. Ийм үр дүнтэй ажлууд учраас гал дагуулж таарна. Гэхдээ хоёр гараа өргөөд дэмжинэ.
-Нөгөө талд Төрийн албан хаагчдын тоо 200 мянга хол давсан нь бодит асуудал мөн үү? Нийт хүн амынхаа тоотой харьцуулахад хэтэрхий данхар бүтцийг цомхотгох нь нэн тэргүүний асуудал биш үү?
-ДНБ-ний 80 орчим хувьд Төрийн оролцоо байна. Төрийн алба түүнийг дагасан байгууллага олшрох тусам ДНБ-д эзлэх хувь улам өснө. Гэхдээ өрх рүү орох бодит хувь хэмжээ хувийн хэвшлээр дамжиж хийгдэнэ. Хөдөлмөрлөх бололцоо нь бүрдэж байж. Юу хэлэх гээд байна гэхээр хуульд байхгүй албан тушаалаас гадна Төрийн албаны реформыг зөв хийх хэрэгтэй. Бусад улстай өөрсдийгөө харьцуулаад бид данхайж байна гэдэг нь өрөөсгөл.
Тэнд Төрийн албыг зөвхөн яам, агентлагийн статустай байгууллагаар хэмждэг. Манайд болохоор үүн дээрээ сургууль, цэцэрлэг, Төрийн үйлчилгээгээ тоолдог. Гээд явахаар 200 мянгаас дээш давдаг. Төрийн жинхэнэ албан хаагч буюу яам, агентлаг, бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцдог хэсэг нь харьцангуй гайгүй. Харин мэргэжлийн холбоодуудад шилжүүлж болох Төрийн үйлчилгээний чиг үүргийг улам данхайлгаад байгаа юм. Хувийн хэвшилд өгч болох ажлыг илүү их нэмж хийгээд байна гэсэн үг. Хоёрдугаарт, боловсрол, эрүүл мэндийн салбарыг Төрийн албанд тооцох уу гэдгийг бодох ёстой. Уг нь Төрийн гэхээсээ нийтийн алба байхгүй юу. Иргэдэд зориулж үйлчилгээгээ үзүүлж байгаа хэсэг.
-Таныхаар ямар зохицуулалт хийнэ гэж?
-Миний хэлэх гэж байгаа санаа нь Төрийн албаны тухай хуулийн реформыг хийгээд Нийтийн албаны тухай хууль болгоно. Төрийн жинхэнэ албаны тухай хууль болгоно. Төрийн албаны зөвлөлийн тухай гээд гурван хуулийн төсөл боловсруулж байна. Ангиллаа зөв болгох юм бол Төрийн алба өөрөө зөв болно. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг ажиллах нөхцөл, амьдралын баталгааг хангана. Багш, эмч нар магадгүй зарим Төрийн үйлчилгээний албан тушаалтнууд хамаарна. Юмыг сууриар нь зөв бодож явахгүй бол байнгын ерөнхий байдлаар яриад явахаар олон нийтэд эргэлзээ үүснэ.
Анхнаасаа зөв ангилал, реформ хийвэл алсдаа сургууль, цэцэрлэгийн менежмент хувийн хэвшил рүү явна. Худалдаа, аж үйлдвэрийн танхим руу Төрийн хийдэг олон чиг үүргийг шилжүүлэх боломж өнөөдөр бий юу гэвэл бий. Цаашдаа Төр шууд болон шууд бусаар оролцоод явах нөлөөллийг багасгаад явахад болно.
-Төрийн албаны ялгаа, заагийг нь тодорхой хуульчлах бүрэн боломжтой гэж ойлголоо?
-Яам болон агентлагийн хэмжээнд 30 мянга орчим албан хаагч бий. Тэгтлээ данхайгаагүй хэрэг. Харин төсвөөс цалин авч байгаа хүний тоо нь 200 мянга руу явсан. Тодорхой чиг үүргийг мэргэжлийн холбоод руу нь шилжүүлээд өөрөө өөрсдийгөө санхүүжүүлэх байдал руу оруулахыг хичээх ёстой.
НҮҮРСНИЙ ҮНЭ УНАХАД ЯМАР БОЛЖ БАЙНА
-Төсвийн орлого 3.3 их наядаар тасарснаас үүдэж “Бид төсвийн хайчинд орсон байна” гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдсэн. Үүнд үзүүлсэн гол нөлөө нь үзүүлсэн нүүрсний үнийн уналт, экспортын хэмжээтэй холбоотой юу?
-Монгол Улсын эдийн засгийн суурь бүтэц уул уурхай, нүүрснээс хамааралтай. Үе үеийн Засгийн газар хэт хамааралтай явж ирсэн энэ асуудлыг солонгоруулахын тулд хичээж ажиллаж ирсэн. Зарим үр дүн гарсан. Гэхдээ хангалтгүй. Өнөө маргааштаа уул уурхайгаас орж ирж байгаа мөнгийг зөв зарцуулахгүй бол болохгүй байгаа нь өнөөдрийн төсвийн орлогын тасалдал. Нүүрсний үнэ унахад ямар болж байна. Уул уурхайн эдийн засгийн зөвхөн нүүрс, зэс биш төрөлжүүлэх ёстой гэдгийг хэлж байсан. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх үүднээс алт хөтөлбөрийг хэрэгжүүлж болно. Газрын ховор элемент, уран тэргүүтэй бусад чиглэлийг ярих цаг болсон.
Анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг төрөлжүүлэхгүйгээр, Төрийн бодлогоор зохицуулахгүйгээр энэ бодлого явахгүй гэдгийг эдгээр тоон үзүүлэлт харуулж байна. БНХАУ гэхэд нүүрсний импортоо багасгаад дотроосоо авах бодлого барихад манайд ямар хэмжээгээр тусч байна. Тэгэхээр уул уурхайн бодлогоо тодорхой, татвараа ойлгомжтой болгох ёстой. Хэдэн төгрөг нь татвараар дамжиж орон нутагт очихыг нээлттэй зарлах хэрэгтэй. Тэгж байж эдийн засгийн хүндрэлээс гарна. Том зургаараа уул уурхайн бодлого маш ойлгомжгүй байна. Тийм болохоор орон нутгийн иргэд эсэргүүцэж байна. Стратегийн ач холбогдолтой түүхий эдийн цаана том улс орны эрх ашиг явдаг. Ганцаарчилсан тогтолт буюу бусад орныг хараат байлгах бодлого манайд явахыг үгүйсгэхгүй. Дотооддоо ойлголтоо өгч, нэгдмэл зарчимтай байхгүй бол бусдын өгөөш болно.
Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлж байгаа Засгийн газар уул уурхайн салбар дахь Төрийн бодлогыг тодорхой болгож, хөрөнгө оруулалтыг татахгүй бол зогсонги байдалд орчихлоо. Нүүрснээс хамааралтай эдийн засаг ямар хэврэг, эмзэг гэдгийг харж байна шүү дээ.
-Газрын ховор элемент дээр гэхэд “Халзан бүрэгтэй” төсөл хэрхэх нь тодорхойгүй байдалд орлоо. Тоног төхөөрөмжөө оруулахаар нутгийн иргэд нь эсэргүүцэж, хөөгөөд гаргах нь энүүхэнд болж байх шиг?
-Бодлого, авах татвараа л ойлгомжтой болгох асуудал. Авах татварын хэдэн нь хувь нь орон нутагт, Баялгийн санд орох гэж байгаа тодорхой болгох хэрэгтэй. Газрын ховор элемент олборлоход байгаль орчинд ямар сөрөг нөлөөтэйг иргэд, олон нийт мэдээлэх ёстой. Технологи нь сайжраад байдаг. Харин тэр нь нийгэм, эдийн засагт ямар ач холбогдолтой гэдгийг Ховдчуудад төдийгүй Монгол Улсын нийт иргэдэд ойлгуулмаар байна. Ямар ч мэдээллийг хийж чадахгүй байна. Ойлголт авч чадахгүй байгаа учраас эцэргүүцэлтэй тулж байна.
Хоёрдугаарт, нэг зүйлийг зайлшгүй ойлгуулах ёстой. Уул уурхайгаа хөдөлгөж байж бусад юмаа хөдөлгөнө. Жишээ нь, хүхрийн хүчлийг ашиглан фосфорын бордоо гаргаж авна. Тэсэрч, дэлбэрэх бодисын асуудал зөвхөн уул уурхайн тэсэлгээнээс гадна хөдөө аж ахуйн гол түүхий эд. Хөдөө, аж ахуйн салбарт илүү бүтээмжтэй, үр ашигтай байя гэвэл стратегийн хувьд бордоотой байх ёстой. Үргэлж урд, хойд хөршөөс гуйдаг. Энэ нь тасарвал ургацаа алддаг. Бүтээмж багатай байж болохгүй. Тиймээс олон нийтээ соён гэгээрүүлэх, мэдээллээ нээлттэй болгох ёстой. Монгол Улсын эрх ашгийн төлөө УИХ-ын гишүүд нь ч нэгдмэл байр суурьтай зогсдог байгаасай.
ЕРӨӨСӨӨ НЭГ ШИЙДЛИЙГ ТУЛГАЖ БОЛОХГҮЙ
-Жишээ нь, дотооддоо үйлдвэрлэх боломжтой түлшийг нийслэлийн Засаг дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд урд хөршөөс 220 тэрбумаар авахаар болсон нь зөв юм уу? Нөгөө талд Г.Лувсанжамц тэргүүтэй гишүүд “Дулаанбаатар” аяны хүрээнд ирэх таван жилд Улаанбаатарын агаарын бохирдлыг 50-80 хувиар бууруулах боломжтой гэдгийг яриад эхэллээ. Тэдгээр гишүүний нэг нь Та. Нэг хэсэг нь БНХАУ-аас хагас коксжуулсан нүүрс худалдаж авах тухай ярьж байхад нөгөө хэсэг нь байшин, барилгаа дулаалах тухай санаачилга гаргасан эсрэг, тэсрэг байр суурь биш үү?
-Бид юманд бодитой хандах ёстой. Ерөөсөө нэг шийдлийг тулгаж болохгүй. Алсдаа эрчим хүчний асуудал. Тэр дундаа Улаанбаатарыг найдвартай хангаж чадаж байна уу гэдэг асуудал. Өнөө маргааштаа бүрэн шийдэх бололцоогүй байна. “ТЭЦ-3”-т гэхэд ямар хэмжээний осол гараад Улаанбаатар хотын баруун урд хэсэг эрдсэлд оров. Өвлөөс өмнө шийдэж чадахгүй бол энэ хэсэг үнэнийг хэлэхэд зутруухан өвөлжих шинжтэй байна.
Тавдугаар цахилгаан станцыг барина гээд хэр удав. Улаанбаатар хот анх удаагаа бонд гаргаж, хувийн хэвшилтэйгээ хамтарч эрчим хүчний эх үүсвэрийг 250 мВТ-аар нэмэгдүүлж чадсан. “Бөөрөлжүүлт”-ийн хоёрдугаар блок арванхоёрдугаар сараас өмнө орвол эрчим хүчний хувь гайгүй болно. Цаана нь дулааны асуудал үлдэж байна. Дулаахан, эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгцээ шаардлагыг нэгдүгээрт түлшээр богино хугацаанд шийдэх, нэмээд дулаалах асуудал бий. Үүний цаана аминыхаас гадна нийтийн зориулалттай орон сууц орно.
Эдгээр бодлого өөр хоорондоо зөрчилдөөд байгаа юм биш. Яаж үе шаттайгаар хослуулж, зөв хуваарилах вэ гэдэг асуудал. УИХ-ын гишүүн Н.Алтаншагай бид хоёр өнгөрсөн намар Ерөнхий сайдад асуулга тавьснаар орон нутаг өөрөө шийдээд явж болно гэсэн хариу ирсэн байдаг юм. Үүгээр Орон сууцны тухай хуульд заасны дагуу нийтийн зориулалттай орон сууцыг нэг удаадаа нийслэлээс дулаалах ажлыг эхлүүлсэн. Та бүгд гараад хараарай. Нийт үйлдвэрлэж байгаа эрчим хүч, дулааны 30 хувийг дулааны алдагдлаар алддаг. Үүнийг хэмнэе гэж байгаа юм. Бодит ажлыг нь Х.Нямбаатар дарга хийж байна. Есөн дүүргийн Засаг дарга хийж байна.
Дэд бүтэц татаж чадаагүй амины орон сууцны хэсэгт дулаалахаас гадна түлш хэрэгтэй. Харин түүнийг хэрхэн шийдэх тухай ярьж байна. Бүрэн мэдээлэл байхгүй учраас бүрэн хариулж чадахгүй байна. Ерөнхий мэдээллээр “Энержи Ресурс” компанийн хувьд үнэ төлбөргүй мидлинг нийлүүлэх хугацаа нь дууссан юм байна. Тэр асуудлыг шийдэхийн тулд түлш худалдаж авах гэж байгаа юм байна. Нүүрсийг хагас боловсруулах технологи манайд байхгүй. Барьж, байгуулна гэж ярьсан ч тэр нь овоолсон шороо болоод үлдсэн байдалтай байна. Угтаа бол нийт Улаанбаатарчуудын эрх ашигтай холбоотой асуудал.
Яг үнэндээ энэ асуудлыг Агаарын тухай хуулиар орон нутагт үүрэг болгосон байхгүй юу. Нэг талдаа Засгийн газар, орон нутаг хуулийг хэрэгжүүлж байна. Гэтэл УИХ-ын гишүүд улс төр хийж, зарим нь хувийн эрх ашгаа бодож хуулиас давсан тогтоол гаргаж байна. Тэнд Засгийн газар хууль хэрэгжүүлэх байтал энд түүнтэй зөрчилдсөн УИХ-ын тогтоол гаргаж улс төр хийж, иргэдийг төөрөгдүүлж байна. Би бол Х.Нямбаатар даргыг байнгын түлш худалдаж авна гэж бодохгүй байна. Энэ өвлийг аргалж, алсдаа дулаалгаа дэмжинэ гэж ойлгосон. Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан хүний хувьд газрын гүний дулааны асуудлыг нухацтай судалсан. Үр дүнд нь Улаанбаатарын хоёр байршилд газрын гүний дулааныг өрөмдөх гэж байна. Нэг нь Хүннү хот, нөгөөх нь Сэлбэ дэд төв.
Газрын гүний дулаан гэхээр “АСЕМ вилла”, зарим амины орон сууцны хороололд бий. Сургуулийн дулааныг хангасан тохиолдол ч байгаа. Цаашдаа үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр 1500 метрээс гүнд байгаа нуурыг олж чадвал зардал багатай, тогтвортой дулааны эх үүсвэрийг хайх ажлыг нийслэлээс хийж байна. Цэвэр эрчим хүчний эх үүсвэрт орно. Исланд тэргүүтэй орны сайн туршлагыг харж байна. Зөвхөн нүүрс, цахилгаан станц гэхээсээ газрын гүний дулааныг ашиглах боломжийг эрэлхийлж байна. Мэргэжлийн хүмүүсээс авсан мэдээллээр 3000 метрээс гүн рүү найдвартай эх үүсвэр олддог гэсэн. Үүнээс наана энэ өвлийг яаж давж гарах гэдэг нь нэн тэргүүний асуудал.
Хоосон улстөржих, хэн нэгэн хүнийг буруутгах амархан. Гэхдээ тэр хүн хуулийн хүрээнд, хууль хэрэгжүүлэх үүрэгтэй албан тушаалтан. Х.Нямбаатар дарга гэсэн үг. Хуулиа хэрэгжүүлээд явж байхад нь түүнээс давсан УИХ-ын тогтоол гаргаад улс төр хийж байгаа нь харамсалтай. Үнэхээр тийм бол Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Ингэж Ажлын хэсэг байгуулж, тэндээсээ Засгийн газарт чиглэл өгөх нэрийн дор хуулийн хулгай хийж байгаа нь туйлын харамсалтай. Улс төрийн оноо цуглуулах гэж байгаа нь харамсалтай. Үнэхээр түлш нийлүүлэхгүй гэвэл Агаарын тухай хуулийн холбогдох заалтыг өөрчлөх төслөө өргөн барьж, хэлэлцүүлж, батлуулах ёстой. Ингэж байж Төрийн ажил явна. Бид хуультай улс шүү.
-Хотын даргын маргаан дагуулаад байгаа шийдвэр хуулийнхаа хүрээнд яваа гэсэн үг үү?
-Агаарын тухай хуулийг олоод харчих хэрэгтэй.
-Түлш гээд ярихаар давхар зуухны асуудал хөндөгдөж таарна. Өнөөх л шахаа, туршилт зэрэг бас нэгэн хардлага, шүүмжлэл дагуулах юм биш үү?
-Хосолмол явдаг асуудал. Түлшийг нь өгөхөөр зуух явна. Яг үнэндээ гэр хорооллын иргэдийн амьдралыг мэдэхгүй хүмүүс ингэж улстөржүүлдэг. Нийслэлээс тодорхой хэмжээнд асуудалд анхааръя, гэхдээ хариуцлагын гэрээ байгуулж, эргэн төлөгдөх нөхцөлтэй өгье зэргээр олон хувилбараар судалж байгаа. Нийслэлийн ажилд өдөр тутамд оролцдоггүй болохоор сайн мэдэхгүй байна. Нийгмийн халамж байдлаар үнэгүй зуух тараагаад явах бодлогыг байнгын үргэлжлүүлж болохгүй. Дундын хувилбар нь юу байж болох вэ гэдгээ бодох ёстой. Шүүмжлэх, эсэргүүцэхийн дон туссан юм шиг байж болохгүй.
Нийслэлд хуримтлагдсан 30 жилийн асуудлыг гурван өдөр, гурван сарын дотор цэгцлэх боломгүй гэдгийг бодитой ойлгох ёстой. Иргэдэд үнэнийг хэлэх ёстой. Үнэнээ хэлээд, асуудлыг бага багаар засаад яваа хүмүүст урам хайрладаггүй юм гэхэд гай болдоггүй баймаар байна. Бурууд шүүмжлэлтэй хандах нь зүй. Энэ бол зарчим.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ХАМГИЙН СУУРЬ ХУУЛЬ
-Хууль зүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэл үүрэгт ажлаасаа буухаасаа урьтаж хэд хэдэн хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлсэн. Тэдгээрээс Арилжааны болон Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг Та гардан боловсруулсан байх аа?
-Маш чухал хуулиуд. Зээлийн хүүг бууруулах, эргээд бизнесийн орон зайг сайжруулах, тэдгээрийн хоорондын итгэлцлийг сайжруулах, ёс зүйтэй хуулийн дагуу байх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүссэн. 2016 оноос хойш боловсруулсан төслүүд. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас өгсөн чиглэлийн дагуу Ажлын хэсэг байгуулж, Арилжааны болон Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүлээлгэж өгсөн. О.Алтангэрэл гишүүн салбарын сайдын хувиар өргөн барилаа.
Ерөнхийдөө бизнес эрхлэгч хооронд үүсч байгаа харилцааг шийдэх, мөнгөний эргэлтийг сайжруулах, хууль, шүүх эрх мэдлийн байгууллагаас шалтгаалж гэрээгээ биелүүлдэггүй асуудлыг зохицуулна. Шүүхийг ашигладаг, цаг авдаг, төлбөр, мөнгөө өгдөггүй байдлаас зайлхийх зорилготой. Хоёрдугаарт, бичмэл хууль гэхээсээ бизнесийн соёлыг хүндэтгэхэд чиглэсэн. Төлбөрийн чадваргүйдлийн асуудал гэхэд Монгол Улсад өрийн сүлжээ үүсэхээс сэргийлнэ. 2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад 225 мянган аж ахуйн нэгж хуулийн этгээд улсын бүртгэлд байна.
Жилдээ 65-70 мянган аж ахуйн нэгж тайлан гаргадаг. Бусад нь Х тайлан гаргадаг. Яагаад Х тайлан гаргадаг гэхээр татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй, эсвэл хоёр чихнээс өөр өгөх зүйлгүй болсон “зомби” компани болчихоод байгаа юм. Санаатайгаар дампуурч байгаа бол зохих хариуцлагыг нь мэдээж хүлээлгэнэ. Үнэхээр бизнесийн зарчмаар дампуурч байгаа бол шүүхийн оролцоотой хэрхэн зохицуулах вэ гэдгийг шийдэх ёстой.
Мөн тодорхой эрсдэлүүдийг хөрөнгө оруулсан хүмүүст хэрхэн, яаж хуваарилах вэ. Магадгүй Гандөл, Сайнзориг гэдэг хоёр хүн хамтарч компани байгууллаа гэж бодъё. Хөрөнгө оруулсан 100 төгрөгийн 60-ыг Сайнзориг, 40-ийг нь Гандөл гаргажээ. Гэтэл оруулсан мөнгө нь 50 болж буурч. Бизнесээ үргэлжүүлэх эсэх шийдвэр гаргаад үнэхээр зөвшилцөж чадахгүй бол шүүхийн оролцоотой шийднэ. Өөрөөр хэлбэл, байгаа 50-ыгаа хувааж аваад гаръя гэдэг зарчмаа барих ёстой. 50 төгрөгөө алдаад тэг хүртэл нь хүлээх биш сонирхогч, хөрөнгө оруулагч этгээдийг сонирхлыг хангах, ажлын байрыг аварч үлдэх оролдлого хийх нөхцөл байдлыг Төлбөрийн чадваргүйдлийн хуулиар хийнэ. Ингэж чадвал Монгол Улсад бизнесийн орчин сайжирна.
Бизнес эрхлэх хоёр дахь боломж бүрдэнэ. Боломж гарч ирнэ. Өнөөдөр ихэнх компани нийгмийн даатгалд өртэй учраас бизнес хийх боломж бүрддэггүй. Үүнийг хууль, эрх зүйнд яаж цэгцлэх нь Төлбөрийн чадваргүйдлийн хуулиар явна. Бизнес эрхлэх гэдэг бол нийтийн төлөө хариуцлагатай байдаг юм гэдгийг ойлгуулах чиглэл рүү явна. Эдгээрийг хийж чадвар хувийн эрх зүйн секторт томоохон алхам болно. Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Л.Мөнхбаатартай үргэлжлүүлж хамтарч ажиллана. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн болон Компанийн тухай хууль байна.
Одоогийн хууль нь хувьцаат компанид тохиромжтой. ХХК-д тохиромж муутай. Бүх асуудлыг шүүхээр явах бус наана нь зардал багатай цаг хугацаа хэмнэсэн байдлаар зохицуулж болох бие даасан хуулийг бас оруулна. Мөн арилжааны шүүхийг байгуулах асуудлыг хөндөнө. Түрүүчээсээ хуулийн төслүүдээ боловсруулаад дуусч байна.
-Арилжаа болон Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн зохицуулалт ямар байдлаар явдаг юм бол?
-Иргэний хуулиар зохицуулдаг. Зарим салбарын харилцаа нь Банкны тухай хуулиар.
-Тус тусын хуулийн зохицуулалттай байдаг юм байна?
-Бизнесийн цэвэр өрсөлдөөний асуудал байх ёстой. Гэвч Өрсөлдөөний тухай хуулиар бизнесээ буруутгадаг. Гурилын үнийг нэмлээ гээд гаалийн татварыг бууруулдаг. Гэтэл зүй бусаар үнэ нэмдэг, хэрэглэгчдээ хохироодог байгууллагыг яах, ямар зохицуулалт хийх вэ гэдэг нь чухал. Бизнес эрхлэгч, хоёр түншлэлийн хооронд асуудал үүсвэл яах вэ гэдгийг илүү тодорхой болгох зохицуулалт тусгах юм. Шүүхийн шийдвэр гарчихаад байхад биелдэггүй. Захиргааны маргаан болоод явдаг. Хөрөнгийн үнэлгээ нь гурван шатны маргаан болдог зэргийг зохицуулж, аль, аль талынх нь эрх ашиг илүү бага хохиролтой болгоё гэж байгаа юм.
Дампуурлын тухай хуулийг гэхэд 1997 онд баталсан. Энэ хугацаанд 40 гаруй кэйс үүссэн. Үр дүнтэй ажиллаж чадахгүй байна гэсэн үг. Хэрвээ хуулиа зөв хийвэл маш олон ажлын байрыг аварч чадна. Олон бизнесийн хөрөнгө оруулалтыг хувьдаа ашиглах, буруу менежмент хийхийг бага дээр нь зогсоож чадна. Эргээд өрийн сүлжээ үүсэхээс урьдчилан сэргийлнэ. Монгол Улсад хөрөнгө оруулалтыг шийдэж чадна. Шүүхийн оролцоотойгоор төлбөрийн чадваргүйдлийн үйл ажиллагаа явахад ямар өр төлбөрийг тэргүүн ээлжид барагдуулж байгааг хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд хардаг. Бусад хөрөнгө оруулалтаа хийдэг. Үндсэндээ хөрөнгө оруулалтыг дэмжих хамгийн суурь хууль.
-Арилжааны шүүх байгуулна гэдэг нь сонирхолтой санагдлаа?
-Бизнесийн маргаан сүүлийн үед инженер, технологи, санхүүгийн мэдлэг шаардсан байдлаар шийдэгддэг болж байна. Үүнийг шийдэх шүүгч маань илүү мэргэших, нарийн мэргэжлийн туслахуудтай байвал бизнесийн эрх ашгийг тэнцвэртэй хангана гэж үздэг. Бусад оронд ийм жишиг бий. БНСУ-д гэхэд Дампуурлын шүүх байдаг. Голландад Зах зээлийн шүүх ажиллаж байна. Шүүгч ч гэсэн хүн. Илүү мэргэшүүлж байвал шийдэх гэж буй асуудал нь үр дүнтэй, бизнесийн эрх ашгийг хамгаална. Магадгүй татварын маргааныг ч энэ шүүхээр шийдэж болно. Ингэвэл бизнес эрхлэгчдээ хамгаалсан байдлаар маргааныг шийднэ. Аливаа хууль гэдэг Монгол Улсын нийгмийн итгэлийг хамгаалдаг зүйл. Түүнээс биш саад болж болохгүй.
-Ярилцсанд баярлалаа.
С.Гандөл





