МАН-ын шинэ даргаас хүсэх хоёр хүлээлт

Дөрвөн жилд нэгээс доошгүй хуралдуулах товтой МАН-ын XXXI Их хурал хуваарь ёсоор болж, төлөөлөгчдийн олонхын саналаар Тэргүүн Шадар сайд Н.Учралыг сонгосноор Монголын улс төрд дэгдсэн шуурга намжих тийшээ зүглэв. Үүнээс өмнө УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намын даргаар сонгосон ч МАН дахь дотоод зөрчил нь “Цагаан ордон”-оосоо хальж, УИХ, Засгийн газрын түвшинд шилжсэнээр Монголын төр хямралын гүн ангал руу унахад ойрхон ирээд байв. 

Харин МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайд Г.Занданшатар болон УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан тэргүүтэй хоёр талыг эвлэрүүлэх Ажлын хэсэг байгуулсан нь “бай”-ндаа тусч, Их хурлаараа дараагийн даргаа сонгоход том түлхэц болов. Ингэснээр 2016 оноос хууль тогтоох дээд байгууллагыг төлөөлж, Байнгын хорооны дарга, сайдын албыг хэдэнтэй сэлгэсэн Н.Учрал 38 насандаа МАН-ын 31 дэх даргаар тодорч, 2027, 2028 оны хоёр ч томоохон сонгуульд намаа удирдан оролцохоор болж байна. 

МАН хэмээх улс төрийн ууган хүчний бодлогыг зангидаж Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуульд оролцох нь баргийн улстөрчид тохиохгүй хувь тохиол ч Н.Учралын улс төрийн карьерын тухайд хамгийн хариуцлагатай бөгөөд хүнд үе болж буух нь мэдээж. Гагцхүү эдгээрээс урьтаж намын даргын хувиар нийгэм, улс төрийн хүрээнд хэд хэдэн шинэчлэл хийхээ мэдэгдсэн Н.Учралын байр сууриас хоёр агуулгыг онцлоё. 

Эхнийх нь “Төр, хувийн хэвшилтэй өрсөлддөг “зуршлаараа” нэмж компани байгуулахыг бид хэрхэвч дэмжихгүй. Төрийн өмчит болон төрийн оролцоотой 80 компани байгаагийн 24 нь ашиг биш алдагдал үйлдвэрлэж байна. Төрийн компаниудын 30 хувь нь ашгийн төлөө биш алдагдлын төлөө болсон байна” гэдгийг тэрбээр мэдэгдсэн. Одоогийн албан тушаал нь Эдийн засгийн хөгжил рүү чиглэж буй ч төрийн өмчийн компаниуд тоог цөөлөх, татан буулгах, нэгтгэж нийлүүлэх асуудлыг хамгийн их дуугардаг гишүүдийн нэг байсан тэрбээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбоо, Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа ч эл асуудлыг барьж авч, Засгийн газрын түвшинд бодлого тодорхойлдог байв. 

Харин энэ удаад эрх баригч намын даргын хувиар төр бизнес эрхэлж хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг жишгийг дэмжихгүйгээ ил тод мэдэгдлээ. Хүлээн зөвшөөрөх ёстой үнэн мөн үү, мөн. Угтаа бол хувийн хэвшил байсан бол хэдийнэ хаалгаа барьж, дампуурлаа зарласан байж мэдэх төсөл, хөтөлбөр төрийн мэдэлд амь бөхтэй оршиж, ард түмний татварын мөнгөөр татуулж, угжуулаад ч болтугай үлгэн салган үр ашиггүй, зөвхөн алдагдал “үйлдвэрлэж” ирсэн нь төрийн өмчит компаниудын нийтлэг төрх. 

Эдгээрийн дунд зардал нь захирлынх нь орлого, алдагдал нь удирдлагынх нь ашиг болсон нь ч бий. Эсрэгээрээ засаглал нь, менежмент нь хувийн хэвшилд байсан бол хэдийнээ тордож, томрох хангалттай боломжтой. Угаас өөрөө өөрөөсөө хэзээ ч хулгай хийхгүй, хувьдаа завшихгүй нь хувийн хэвшлийн онцлог. Төрийн өмчлөлөөс л төрөл төрлийн тооны машинд багтахаа ч байсан, баримжаа хэмжээ нь ч нисэж цойлсон авлига, хулгай, цавчаа шахаа гарч байгаа үнэнийг бодитоор нь хүлээн зөвшөөрөх ёстой нь гашуун үнэн. 

“Үндсэндээ төрийн нийтийн өмч бол өөрөө авлига, хулгайн үндэс шалтгаан. ТӨК-иудыг татан буулгана гэж нэг амаараа ярьсаар, нөгөө амаараа татаас өгч тэжээсээр төрийн өмч ноёрхлоо. Төр ахиж хувийн хэвшилтэй өрсөлдөх, сөргөлдөх, орон зай, зах зээл, ашиг орлогыг нь хаах нэг ч компани нэмж байгуулахгүй” гэсэн Н.Учралын мэдэгдэл МАН-ын үе үеийн дарга нараас гарч байгаагүй байр суурь, хэлэхийг ч хүсдэггүй үг байв. Залгуулаад бүх ТӨК-иудад олон улсын хөндлөнгийн аудит оруулж, нэгтгэхийг нь нэгтгэж, өөрчлөхийг нь өөрчилж засаглалыг нь сайжруулах зорилгоор нээлттэй хувьцаат компани болгоно. Худалдан авах ажиллагаанд хүн таньдаггүй, хувийн сонирхол гэж үгүй хиймэл оюун ухаан ашиглана. Төр өөрөө цаашид ТӨК-иудад зарлагын шинжтэй арга хэмжээ санхүүжүүлэхийг даалгахгүй гэв.

Санаж байгаа бол тэрбээр Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа Төрийн өмчийн компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч өнөөг хүртэл хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй яваа юм. Гэхдээ амлалт бол амлалт. Түүнийг нь нэхэн сануулах нь зүй. Үүгээр парламентын түвшинд “гацаа”-нд орсон ТӨК-иудыг цэгцлэх хуулийн төслийг хэлэлцүүлэх эсэх нь цаг хугацааны л асуудал болох нь. Өөрөөр хэлбэл, Хэрэг эрхлэхийн даргын хувиар санаачилж, өргөн мэдүүлж явсан Н.Учрал энэ удаад МАН-ын даргын байр сууриас хуулийн төслөө зүтгүүлэх нь.

Хоёрдугаарт, авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй. “Анхан, дунд шатанд ажиллаагүй бол бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх” дүрэм Н.Учралыг даргаар ажиллах хугацаанд МАН-д үйлчлэх нь. Нэг талаар шударга зарчим, нөгөө талаар нам өөрөө цэвэршихийн эхлэл. Намд зүтгэснийхээ шагналд төрийн өмчийн аль нэг компанийн тамга атгадаг, эргээд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогддог дүр зургийг МАН эрх барьсан 10 гаруй жилийн хугацаанд бид хангалттай харсан уу, харсан. 

Сүүлдээ ЖДҮ, ТЭДС тэргүүтэй Засгийн газрын тусгай сангийн хулгай нь Хөгжлийн банк руу шилжиж, бүр нүүрсний хулгай болтлоо даамжирч, эцэстээ төрөөс шамшигдуулсан мөнгөний хэмжээ нь тэрбум биш их наяд төгрөгт хүртлээ томорсон нь саяхны л үйл явдал. Хамгийн хачирхалтай бөгөөд тохуутай нь тэдгээр хэрэгт нэр холбогдсон улстөрчид, УИХ-ын гишүүн аснуудаас сонгуульд нэр дэвшиж, улиран сонгогдсон нь ч байна, өвдөг шороодсон атлаа төрийн өмчийн аль нэг компанид удирдах албанд очсон нь ч байна. Анхан, дунд шатанд ганц өдөр ажиллаж үзээгүй ч даргын үзэмж, бусдын нөлөөгөөр бүх шатны сонгуульд нэр дэвшиж, сонгогдсон зарим нь ч бас байна. 

Намд гэхээсээ төрд итгэх иргэдийн итгэл ямар үед алдуурч, алсуурдаг вэ, ийм зүйлээс л болдог. Жирийн гишүүн, дэмжигчдэд ч энэ нь хохиролтой. Энэ талаас нь харвал авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, анхан, дунд шатанд ажиллаагүй бол бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ хэлсэн Н.Учралын байр суурь 10 гаруй жил засаглаж, тэр хэрээр томилгоо хийж ирсэн МАН-ын эмхэлсэн “засаглалын бүтэц”-д халтай юу халтай. Хамгийн халтай тусна. Тусах, тусахдаа шинэ дарга руугаа чиглэсэн улс төр, шүүмжлэл, гоморхол, тунирхал өндрөө авна бас ороож мэдэх ч ямар зарчим баримталж, бодлого зангидахаа нэгэнт илэрхийлж, тэр дагуу дэмжлэг хүлээсэн болохоор хэрхэн хэрэгжүүлэх нь Н.Учралын үүрэг, магад стратегиа яаж зурахаас шалтгаална. Өнөөдөртөө МАН-ын шинэ дарга Н.Учралаас хүсэх хоёр хүлээлт ийм л байна.

Г.Эрхэс