С.Амарсайхан: Cөрөн тэсвэрлэх чадавхыг дээшлүүлэх нь үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Хэнтий аймагт зохион байгуулагдаж буй “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн нээлтэд оролцлоо. 

Тэрбээр хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлт, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааны эрчимжилтээс шалтгаалан гамшиг, ослын давтамж, эрсдэл жилээс жилд нэмэгдэж байгааг онцлоод гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, сөрөн тэсвэрлэх чадавхыг дээшлүүлэх нь үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн гэдгийг тодотголоо.

Хэнтий аймагт сүүлийн 10 жилд 1066 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, 111 иргэн амь насаа алдсан бол 181 мянган толгой мал хорогдон, нийтдээ 79.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Эдгээрийн 77.5 хувь нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалсан нь гамшигт тэсвэртэй нийгмийг төлөвшүүлэхэд иргэдийн хандлага, хариуцлага, боловсрол чухал гэдгийг харуулж байна.

May be an image of 6 peopleСургуулийн хүрээнд Хот, суурин газрын эрэн хайх, аврах ажиллагаа, Гамшгийн үеийн хээрийн II шатлалын эмнэлгийг дэлгэх, Нэрвэгдэгсдийг нүүлгэн шилжүүлэх, хуаран байгуулах  зэрэг тактикийн хамтарсан сургалтууд явагдаж байна.  Эдгээр сургалт, дадлага нь гамшгийн үед төрийн байгууллага, мэргэжлийн анги, иргэд, сайн дурын бүлгүүдийн уялдаа холбоог сайжруулах, бодит нөхцөлд ажиллах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Арга хэмжээний төгсгөлд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Гамшгаас хамгаалах сургалт, бэлэн байдлыг хангах үйл ажиллагаа нь зөвхөн нэг удаагийн арга хэмжээ бус, иргэн бүрийг аюулгүй амьдрах арга ухаанд сургах, улс орны сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх урт хугацааны зорилго, бодлогын хэсэг юм. Энэхүү сургуулийн үр дүн Монгол Улсын тогтвортой хөгжил, бүс нутгийн аюулгүй байдалд бодитой дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.