Х.Тэмүүжин: Нийгмийн аюулын шинж чанар гэсэн ойлголтыг хуулиас хасна
Х.Тэмүүжин: Нийгмийн аюулын шинж чанар гэсэн ойлголтыг хуулиас хасна
Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүн санаачилж, 2025 оны тавдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг дараа нь хэлэлцэв.
Эрүүгийн хуульд хэн нэгний үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ “нийгэмд аюултай” гэх субъектив ойлголтыг нэмж хуульчилсанаар шүүх үүнийг хэрэглэж “гэмт хэрэгт тооцох, ял оногдуулах эсэхийг зөвхөн хуулиар тодорхойлно” гэсэн эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчмыг гажуудуулж энэ субъектив шалгуураар гэмт хэрэг, ял, албадлагыг тодорхойлж үнэлэх боломжтой болсон байгааг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хууль санаачлагчийн илтгэлдээ онцлов. Хуулийн төсөлд нийгэмд аюултай байдал, нийгмийн аюулын шинж чанар гэсэн ойлголтыг хуулиас хасахаар тусгасан байна.
Мөн хоёр өөр агуулга, эрх зүйн үр дагавар бүхий “ял, албадлагын арга хэмжээ” гэсэн ойлголтуудыг нэгтгэж эрүүгийн хариуцлага хэмээн томьёолсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шударга ёсны” зарчим, түүнийг Эрүүгийн хуульд “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэснийг зөрчихөд хүргэсэн байна гэж хууль санаачлагчид үзжээ. Иймд эрүүгийн хариуцлага гэх ерөнхий нэр томъёог өөрчлөн “ял, албадлагын арга хэмжээ” хэмээн зааглах зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь ямар нэгэн хуулиар нууцлаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх баримт сэлтийг “мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээлэл” гэсэн өргөн хүрээг хамруулан томъёолж Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарласан гэж үзсэн байна. Иймд дээрх заалт дахь “мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах” гэмт хэргийн шинжийг “мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээлэл” гэх ойлголтын хүрээнд нарийвчлан томъёолж тусгажээ.
Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар явуулсан талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар уншиж танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нийгэмд аюултай байдал, нийгмийн аюулын шинж чанар гэсэн ойлголтыг шүүхийн практикт хэрхэн буруу хэрэглэж байгаа талаар, Эрүүгийн хуулийн хохирол, хор уршиг гэсэн ойлголтоос гадна хуулийн төсөлд шинээр "хор аюул" гэх ойлголтыг оруулж ирснээр хэрэг хянан шийдвэрлэхэд үзэмжээрээ шийдвэрлэх нөхцөл байдал үүсэх эсэх, албадлагын арга хэмжээг эрүүгийн хуулийн бүрэлдэхүүн хэсгээс гаргаж байгаа нь зохимжтой эсэх, Засгийн газраас хуулийн төсөлд өгсөн саналыг хэрхэн тусгасан талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хуулийн төсөлд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн суурь зарчмууд хөндөгдөж, гэмт хэргийн шинж, хариуцлага, ял гэсэн онолын суурь заалтууд хөндөгдөж байгаа учраас хуулийн төслийг нэмэлт, өөрчлөлт бус шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд боловсруулах байсан эсэх талаар асуулт асууж, үг хэлсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд асуулт асуув. Тэрбээр хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, ял, албадлага хоёрыг зааглахын давуу талын тухай болон албан үүргийн дагуу олж авсан мэдээллийг задруулсан талаарх статистик баримтын талаар асууж, хууль санаачлагчаач дэлгэрэнгүй хариулт авав.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжсэн юм. Мөн хамт өргөн мэдүүлсэн 42 хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.